A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг энэ хуульд заасан асуудлаар зохион байгуулж төрийн үйл хэрэгт зөвлөлдөх арга хэлбэрээр иргэдийн оролцоог хангахад оршино.

2 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулгын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Зөвлөлдөх санал асуулгын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."зөвлөлдөх санал асуулга" гэж нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар энэ хуулийн 3.1.3-т заасан этгээд шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагааг;

3.1.2."бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллага" гэж нийтийн санал бодлыг судлах судалгааны арга зүйг эзэмшсэн, энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагыг;

3.1.3."шийдвэр гаргах эрх бүхий этгээд" гэж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага, хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргах нийтийн эрх зүйн бусад этгээд, бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагыг.

4 дүгээр зүйл. Зөвлөлдөх санал асуулгын зорилго

Хэвлэх

4.1.Зөвлөлдөх санал асуулгыг дараахь үндсэн зорилгоор зохион байгуулна:

4.1.1.нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх;

4.1.2.тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх;

4.1.3.иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх;

4.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах.

5 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулгын зарчим

Хэвлэх

5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийг удирдлага болгон зөвлөлдөх санал асуулгыг дараахь зарчмыг баримтлан явуулна:

5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.иргэний бодитой, шууд оролцоог хангах;

5.1.3.иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах;

5.1.4.олон талт мэдээллээр тэгш хангах;

5.1.5.ил тод, нээлттэй байх;

5.1.6.хараат бус байх;

5.1.7.харилцан зөвлөлдөх;

5.1.8.үр нөлөөтэй байх.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан зарчмыг зөрчиж зөвлөлдөх санал асуулгын үр дүнд нөлөөлөх, санал асуулгын дүнг санаатайгаар гуйвуулахыг хориглоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА, ТҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

6 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулга

Хэвлэх

6.1.Зөвлөлдөх санал асуулгыг дараахь асуудлыг шийдвэрлэхэд заавал явуулна:

6.1.1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох;

6.1.2.орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ;

6.1.3.хот, суурин газрын хэсэгчилсэн төлөвлөлт /нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж/.

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан асуудлаар зөвхөн Улсын Их Хурал, 6.1.2-т заасан асуудлаар бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 6.1.3-т заасан асуудлаар Хот байгуулалтын тухай хуульд заасан эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулах эрхтэй.

6.3.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 6.1-д зааснаас бусад асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулж болно.

6.4.Нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах талаар нийслэлийн хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300- аас дээш, аймагт 100-аас дээш, суманд 50-аас дээш тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч иргэний гаргасан санал, хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй.

6.5.Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд, эсхүл засаг захиргааны тодорхой нэгжийн хэмжээнд зохион байгуулна.

7 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр гаргах

Хэвлэх

7.1.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан шийдвэрт дараахь асуудлыг тусгана:

7.2.1.зөвлөлдөх санал асуулгын сэдэв;

7.2.2.зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах хугацаа;

7.2.3.зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах нутаг дэвсгэр;

7.2.4.зөвлөлдөх санал асуулгын төсөв.

8 дугаар зүйл. Зөвлөлдөх зөвлөл, түүний чиг үүрэг

Хэвлэх

8.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна.

8.2.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

8.3.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.

8.4.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй.

8.5.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд тухайн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг товлон тогтоох бөгөөд уг хугацаа 7-оос доошгүй 14 хоногоос дээшгүй байна.

8.6.Энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно.

8.7.Ирүүлсэн саналын дагуу нэр дэвшигчийн жагсаалт үйлдэж олон нийтэд мэдээлнэ.

8.8.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 8.6-д заасан этгээдээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүний тоонд нийцүүлэн томилно.

8.9.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилохдоо эрх бүхий этгээд бүрэлдэхүүнийг сонгох болсон үндэслэл, шалтгааныг дурдаж олон нийтэд мэдээлнэ.

8.10.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдсон байнгын ажил эрхэлдэг иргэнд тухайн байгууллага цалинтай чөлөө олгоно.

8.11.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах ажил эрхэлдэггүй иргэнд урамшуулал олгож болох ба урамшууллын хэмжээг шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгын төсөвт тусган тогтооно.

8.12.Зөвлөлдөх зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.12.1.зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээ, тухайн зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийн санал авах өдрийг тогтоох;

8.12.2.зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах;

8.12.3.зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд тухайн сэдвээр мэдээлэл өгөх судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллага, албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд санал болгох;

8.12.4.зөвлөлдөх санал асуулгын дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах;

8.12.5.зөвлөлдөх санал асуулгын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх;

8.12.6.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчим хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих.

8.13.Зөвлөлдөх зөвлөл асуудлын хамрах хүрээ, ач холбогдлоос хамаарч шаардлагатай гэж үзвэл зөвлөлдөх санал асуулгын асуулт, зөвлөлдөх санал асуулга явуулах зохион байгуулалт, үйл явц энэ хуульд заасан зарчим, журмын дагуу явагдсан эсэх, маргаантай холбогдсон асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий техникийн хяналтын комиссыг ажиллуулж болно.

8.14.Энэ хуулийн 8.13-т заасан техникийн хяналтын комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөлдөх зөвлөл батална.

8.15.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албыг байгуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

9 дүгээр зүйл. Зөвлөлдөх зөвлөлийн ажиллах журам

Хэвлэх

9.1.Зөвлөлдөх зөвлөлийн чиг үүргээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

9.2.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж даргыг сонгоно.

9.3.Зөвлөлдөх зөвлөлийн дарга хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг тогтоож, хуралдааныг даргална.

9.4.Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан нийт бүрэлдэхүүний дөрөвний гурав нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдож, хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхийн саналаар шийдвэр гаргана.

9.5.Зөвлөлдөх зөвлөлийн шийдвэр нь зөвлөмж, санал байна.

9.6.Энэ хуулийн 8.15-д заасан ажлын алба нь хуралдааны бэлтгэл ажил, хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах болон Зөвлөлдөх зөвлөлийн даргын даалгасан ажлыг гүйцэтгэнэ.

10 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах

Хэвлэх

10.1.Зөвлөлдөх зөвлөл зөвлөлдөх санал асуулгын асуултыг батлах ба асуулт нь дараахь шаардлагыг хангасан байна:

10.1.1.нэг сэдвээр байх;

10.1.2.хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолсон байх;

10.1.3.гадаад үг хэрэглэхгүй байх.

10.2.Зөвлөлдөх санал асуулгын асуултыг батлахад шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн саналыг заавал авах бөгөөд мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийн саналыг авч болно.

10.3.Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ.

10.4.Статистикийн байгууллага энэ хуулийн 10.3-т заасан ажлыг хөндлөнгийн, бие даасан, хараат бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.

/Энэ хэсэгт "болох бөгөөд түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмын дагуу харьцуулалтын аргаар сонгон шалгаруулна" гэснийг "болно" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.5.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 10.4-т заасны дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагатай Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

11 дүгээр зүйл. Зөвлөлдөх санал асуулгаар санал авах журам

Хэвлэх

11.1.Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг энэ хуулийн 10.3-т заасан статистикийн байгууллага зохион байгуулж явуулна.

11.2.Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай байна.

11.3.Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна.

11.4.Зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас нь дараахь хэсгээс бүрдэнэ:

11.4.1.зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэний талаархи хүн ам зүйн мэдээлэл;

11.4.2.зөвлөлдөх санал асуулгын үндсэн асуулт;

11.4.3.асуулт нэг бүрээр санал тэмдэглэх хэсэг.

11.5.Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд оролцох иргэний тоог зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно.

11.6.Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна.

/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.7.Энэ хуулийн 11.6-д заасны дагуу сонгогдсон иргэн тухайн санал асуулгад оролцохоос татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд дараагийн хүнийг энэ хуулийн 11.6-д заасан журмаар дахин сонгож авна.

11.8.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна.

11.9.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтооно.

11.10.Энэ хуулийн 11.9-д заасан журамд дараахь зүйлийг заавал тусгана:

11.10.1.зөвлөлдөх санал асуулгын асуулт тус бүрээр эерэг, сөрөг мэдээллийг тэгш агуулсан лавлагаа, танилцуулгыг бэлтгэх;

11.10.2.зөвлөлдөх санал асуулгад оролцогчид олгох урамшуулал, томилолтын зардал /байр, хоол, унаа/-ыг төлөх;

11.10.3.хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулга буюу зөвлөлдөх уулзалтад оролцогчийг 15-аас илүүгүй хүнтэй хэсэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгох;

11.10.4.хэсэг бүрд явагдах хэлэлцүүлгийг хөтлөх бэлтгэгдсэн хөтлөгч /модератор/ нь тухайн хэсгийн оролцогчид мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах үүргийг хариуцах;

11.10.5.хэсэгт явагдах хэлэлцүүлгийн бүх ажиллагааг дууны болон дүрсний бичлэгээр баталгаажуулах;

11.10.6.хэсэгт явагдсан хэлэлцүүлэгт оролцогчийн асуултыг нэгтгэн зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчид тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх.

11.11.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд санал авах ажлыг гүйцэтгэх статистикийн байгууллага нь нэг дэх шатны санал асуулгын хуудсаар саналыг нь дахин авна. Энэ хуулийн 11.4.3-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна.

11.12.Зөвлөлдөх санал асуулгын хамрах хүрээ, сэдвээс хамааран нэг дэх шатыг алгасан хоёр дахь шатыг зохион байгуулж болно.

11.13.Энэ хуулийн 11.12-т заасны дагуу зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөх буюу санал нэгдсэний үндсэн дээр шийдвэр гаргах эрх бүхий этгээд гаргана.

11.14.Зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэн саналаа чөлөөтэй гаргахад хөндлөнгөөс нөлөөлөх, санал худалдан авахыг хориглоно.

11.15.Энэ хуулийн 11.10.4-д заасан хөтлөгч өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож бусдад нөлөөлөхийг хориглоно.

12 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж гаргах

Хэвлэх

12.1.Энэ хуулийн 10.3-т заасан статистикийн байгууллага зөвлөлдөх санал асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнг тоон болон бусад үзүүлэлтээр харьцуулан гаргасан дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна.

12.2.Зөвлөлдөх санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гаргаж, шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

12.3.Зөвлөлдөх санал асуулгын үйл явц олон нийтэд ил тод, нээлттэй байна.

12.4.Зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэсэн зөвлөмжийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд харгалзан үзэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаархи мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд өгнө.

13 дугаар зүйл. Зөвлөлдөх санал асуулгын санхүүжилт

Хэвлэх

13.1.Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг доор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

13.1.1.улсын төсөв;

13.1.2.орон нутгийн төсөв.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

14 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

14.1.Энэ хуулийн 5.2, 11.14-т заасныг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД