A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 99

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2017 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад шааардлагатай ажиллах хүч, мэргэжилтнийг захиалгын дагуу хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ажилгүй иргэдээс зуучлах ажлыг зохион байгуулан тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваад, хэрэгжилтэд нь хяналт тавьж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарт тус тус даалгасугай.

3. Мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР