Хэвлэх DOC Татаж авах
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай  хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх  маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2017 оны 5 дугаар сарын  03-ны өдөр                                                                            Дугаар 04                                                                                        Улаанбаатар хот                                                                          

              

    

     Шүүгчийн эрх зүйн байдлын тухай

хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.00 цаг

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар, Д.Одбаяр, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн П.Оюунчимэг болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр ... томилж болно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Оюунчимэг Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий өргөдлийг гаргасан байна. Үүнд:

 

“Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна гээд 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэсэн нөхцөл шаардлага тавьсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд “... хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох”, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... чөлөөтэй сонгох, ... хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрч энэ эрхийг хэрэгжүүлэх ...”-ээр заасныг тус тус зөрчиж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилж болно гэжээ. Үндсэн хуулийн энэ заалт нь тухайн ажил мэргэжлийг хаших нийтлэг шалгуурыг нөхцөл болгон заасан байх бөгөөд мэргэжлээрээ ажилласан гэдэг шалгуурыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд зөвхөн “өмгөөлөгч, шүүгч, прокурор, хууль зүйн сургуульд багшаар арваас доошгүй жил багшилсан” гэж тодорхой субъектүүдийг нэр заан хуульчилсан байна.

 

Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас өмнө гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн бүх эрх зүйч, хуульчид хуулийн, захиргааны, хүний эрхийн болон төрийн байгууллагад ажиллаж байсан хуульчид энэ хуульд заасан нөхцөлийн дагуу аль ч шатны шүүхэд нэр дэвших боломжгүй болж байна.

 

Монгол Улсын органик болон салбар хууль нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцсэн байх ёстой ба түүнээс давсан хуулийн зохицуулалт байх ёсгүй юм.

 

Хэдийгээр хууль хэрэглээн дэх хуульчийн чадвар, туршлага, хариуцлага, хуульчаар ажилласан байх шаардлага зүй ёсных хэдий ч салбар хуульдаа өмгөөлөгч, шүүгч, прокурор, багш гэсэн дөрвөн субъектээс бусдыг нь өөрөөр хэлбэл, төрийн албанд арваас хорин жил мэргэжлээрээ ажиллаж байгаа бусад эрх зүйч, хуульч нар дээд шүүхийн шүүгчид өрсөлдөх боломж, ажлаа чөлөөтэй сонгох эрхийг бүрэн хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулиас давсан шаардлага болж хүний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох сонголтод хязгаар тавьснаараа Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний үндсэн эрхийг зөрчсөн байна.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тавьсан шаардлага нь зөвхөн хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, багшаар ажилласан хуульчид өрсөлдөх эрхтэй болж бусад салбарт олон жил мэргэжлээрээ ажилласан эрх зүйч, хуульч нарыг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэж шүүгчийн шалгалтад бүртгэхээс татгалзаж байгаа нь ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдахад хүргэж байна.

 

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр ... томилж болно.” гэж заасантай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

“... Хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн баталгаа нь бие даасан шүүх, хараат бус шүүгч байдаг. Шударга ёсны мэдрэмжтэй, хууль, эрх зүйн нарийн мэдлэг, боловсролтой, шүүгчид байх сэтгэл зүйн хэв шинжийг өөртөө агуулсан, шүүгчийн ёс зүйг албаны хүрээнд болон бүхий л амьдралдаа дагаж мөрдөж чадах тийм л хүн шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлж, хэрэг, маргааныг хууль болон өөрийн дотоод итгэл үнэмшилд үндэслэн шийдвэрлэж чадна. Энэ шаардлага шүүгч болох хүн бүрт тавигдана.

 

Монгол Улсын хувьд шүүгчид тавигдах болзол, шаардлага бүрэн хангагдсан иргэнийг хуульчдаас шилж сонгон шүүгчээр томилуулах арга, ажиллагааг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шинэчлэн боловсруулж тусгасан байна. ... Ингэснээр Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар илүү нарийвчлан тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчид Үндсэн хуульд заасан хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, хорин таван нас хүрсэн байх болзлыг хангасан иргэн нэрээ дэвшүүлж болно. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид зөвхөн шүүгч; хяналтын шатны шүүхийн шүүгчид прокурор, өмгөөлөгч, хуулийн сургуулийн багш, бусад шатны шүүгчээр ажилласан хүн тус тус нэрээ дэвшүүлэх эрхтэй байхаар тогтоосон.

 

Ийнхүү хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг хязгаарлаж заасан нь олон жилийн их хөдөлмөрийн үр дүнд бий болсон шүүн таслах ажлын туршлага болоод хууль, эрх зүйн мэдлэгийг хүндэтгэсэн, олон улсын жишгийг хүлээн зөвшөөрсөн алхам юм. Харин анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг хязгаарлалгүйгээр өөрийгөө хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзсэн иргэн нэрээ дэвшүүлж болохоор заасан нь Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн зохицуулалт болсон.

 

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр ... томилж болно.” гэснийг зөрчөөгүй ...” гэж үзсэн байна.

 

Гурав. Монгол Улсын дээд шүүхээс уг маргаанд холбогдуулан ирүүлсэн тайлбарт:

 

“... Улсын дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Шүүхийн тухай /2002 оны/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “... хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа ...” гэдгийг “1.Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн “хуульч мэргэжлээрээ ажилласан хугацаа” гэдэгт эрх зүйч мэргэжлээр хууль зүйн дунд болон дээд боловсрол эзэмшсэн хүн зайлшгүй ажиллавал зохих дараах ажил, албан тушаалд ажилласан хугацааг тооцно. Үүнд:

 

а) Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч, нотариатч, арбитрч, тэдгээрийн туслах ажилтан, нарийн бичгийн дарга; ... д) Хууль зүйн их, дээд сургууль, коллеж, түүнтэй адилтгах сургалтын байгууллагын багш, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын ажилтнууд ...” гэж тайлбарласан байна.

 

Харин 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” байхаар заажээ.

 

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхийг Улсын дээд шүүх хэрэгжүүлэхээр заасан ба тайлбар гаргах журмыг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт хүчингүй болсон, дээрх асуудалтай холбоотой хэрэг маргаан гараагүй учир Монгол Улсын дээд шүүхээс уг заалтын талаар албан ёсны тайлбар гараагүй болно.” гэсэн байна.

 

Дөрөв. Монголын хуульчдын холбооноос уг маргаанд холбогдуулан ирүүлсэн тайлбарт:

 

1. ... “мэргэжлээрээ ажилласан” гэдэг ойлголт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн дадлага хийхтэй холбоотой зохицуулалт болохоос бүх шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх, сонгон шалгаруулахтай холбогдсон Шүүхийн тухай багц хуульд болон Үндсэн хуулийн заалттай ямар нэгэн байдлаар холбогдох үндэслэлгүй юм.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа”-г хуулийн нэр томъёоны тодорхойлолт төдийгөөр зохицуулаагүй байсан бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлд мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг дэлгэрэнгүй хуульчилж өгсөн нь зөвхөн өмгөөлөгч, прокурор, шүүгчийн ажил, албан тушаал эрхлэхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу “мэргэжлээрээ ажилласан” гэж үзэхээр хуульчлаагүй болохыг харж болно.

 

2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь ... шүүгчээр ажиллана.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;” байх гэсэн заалтаар шүүгч нь заавал хуульч байхаар хуульчилсан.

 

Шүүх эрх мэдлийг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, гэм буруугийн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шударгаар шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий онцлог субъект болох шүүгчид тавьж буй тусгай шаардлага бөгөөд шүүгч нь мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, шударга байх явдлыг баталгаажуулж байгаагаараа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх хүчин зүйл болно.

 

3. Улсын Их Хурлаас баталсан дээрх хуулийн заалт нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “... Шүүхийн ерөнхий зөвлөл ... гагцхүү хуульчдаас шүүгчдийг шилж олох ...” тухай заалтыг төгөлдөржүүлсэн зохицуулалт гэж үзэж байна.

 

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” онцгой эрхийг хэрэгжүүлдэг субъект болохын хувьд шүүгчид нь хууль хэрэглээний өндөр чадвартай, шүүн таслах ажиллагааны олон жилийн туршлагатай байх шалгуурыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг зөвхөн энэ хуулиар тогтооно.” гэж органик хуульд зохицуулалт хийсэн байна.

 

Шүүгч, өмгөөлөгч, прокурор нь хуулийг бие даан хэрэглэж шийдвэр гаргадаг бол магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд багшилж буй багш нь хууль хэрэглээний чиглэлээр онолын тасралтгүй судалгаа хийдэг байдлаараа бусад практикийн хуульчдаас ялгарах ур чадвар, мэдлэг туршлагатай. Улсын дээд шүүхийн шүүгч нь хууль хэрэглэн тайлбарлах, эцсийн шийдвэр гаргадаг утгаараа шүүн таслах ажиллагааны өндөр мэдлэг, туршлагатай, мэргэшсэн байх нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нэг баталгаа болно.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;” 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэсэн нь хуульчийн “мэргэжлээрээ ажилласан” гэсэн асуудлыг огт хөндөөгүй бөгөөд зөвхөн Улсын дээд шүүхийн шүүгчид тавих шүүн таслах ажиллагааны тусгай мэдлэг, туршлагыг илүү нарийвчлан тогтоож өгсөн зохицуулалт гэж ойлгогдохоор байгаа боловч тухайн салбарын эрдэм шинжилгээ эрхэлсэн болон тусгайлан мэргэшсэн бусад хуульчдын эрх ашгийг зөрчсөн байж болохоор байна.

 

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байж болзошгүй ...” гэсэн тайлбар ирүүлсэн байна.

           

            ҮНДЭСЛЭЛ:

 

1.   Монгол Улсын дээд шүүх нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд зааснаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах, Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд тус шүүхийн шүүгчдийг өндөр мэдлэг, туршлага бүхий хуульчдаас бүрдүүлэхийн тулд шүүгчид тавих нийтлэг болзол, шаардлагаас гадна хуулиар нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болохоор байна.

 

Үүнээс үзэхэд хяналтын шатны шүүхийн шүүгч буюу Улсын дээд шүүхийн шүүгчид Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан; Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан байх зэрэг нэмэлт шаардлага тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд ийнхүү тогтоосныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2. Иргэн П.Оюунчимэгийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн үндэслэл, шаардлагын хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр ... томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагыг багасгах болон нэмэгдүүлэх хүрээнд хуульчлах асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх асуудал биш бөгөөд энэ талаарх саналаа Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль санаачлагчид уламжлах иргэний эрх нь нээлттэй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1.  Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр ... томилж болно.” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

2.  Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Н.ЖАНЦАН

 

      ГИШҮҮД                                                             Т.ЛХАГВАА

 

                                                                               Д.СУГАР

 

                                                                                   Д.ОДБАЯР

 

                                                                                       Д.ГАНЗОРИГ