A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 131

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Дээд боловсролын тухай хуулийн 6.3, Иргэний хуулийн 31.1, 31.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуулиас тусгаарлан Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын үйл ажиллагааг бие даалган ажиллуулсугай.

2. Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн салбар сургуулийг Баянхонгор аймагт байгуулсугай.

3. Монгол Улсын их сургуулийн балансад бүртгэлтэй байгаа Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль болон Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн байр, эд хөрөнгийг Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т тус тус даалгасугай.

4. Өөрчлөн байгуулагдсан сургуулийн орон тоог батлахдаа багш, ажилчдын ажлын байрыг хэвээр хадгалж, шилжүүлэн ажиллуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "а" заалтын "Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль", 8 дугаар зүйлийн "Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль" гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 293

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан ""Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 4.2.10-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Дээд боловсролын тухай хуулийн 6.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг орон нутагт "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор дараахь төрийн өмчийн дээд сургууль, коллежийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн эхлүүлсүгэй:

1.1. Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургууль;

1.2. Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн харьяа "Эрдэнэт политехник коллеж";

1.3. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн харьяанд Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв;

(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.4. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн харьяанд Цэргийн хөгжмийн политехник коллеж;

1.5. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн харьяанд Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв.

2. Дээд боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дараахь боловсролын сургалтын байгууллагуудыг дор дурдсан их сургуулиудын бүрэлдэхүүнд нэгтгэн зохион байгуулсугай:

2.1. Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль, Улаанбаатарын их сургуулийг Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль гэж;

2.2. "Дүрслэх урлагийн академи" дээд сургуулийг Соёл, урлагийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль гэж.

3. Дараахь боловсролын сургалтын байгууллагын харьяалал, ангиллыг дор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай:

3.1. Дорнод их сургуулийг Монгол Улсын их сургуулийн Дорнод аймаг дахь салбар сургууль;

3.2. Ховд их сургуулийг Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургууль;

3.3. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль;

3.4.Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль;

3.5. Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль;

3.6. Соёл, урлагийн их сургуулийн Завхан аймаг дахь салбар сургуулийг Монгол Улсын консерваторын харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж;

4. Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоож, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуульд нэгтгэсүгэй.

5. Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллагыг шинээр болон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар (Х.Бадамсүрэн)-т тус тус даалгасугай:

5.1. шинээр байгуулсан боловсролын сургалтын байгууллагад багшлах хүний нөөцийг хөгжүүлэх, өөрчлөн байгуулагдсан сургуулийн багш, ажилтны ажлын байрыг хэвээр хадгалж, шилжүүлэн ажиллуулах;

5.2. өөрчлөн зохион байгуулсан боловсролын сургалтын байгууллагын орон тоо, өмч, эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;

5.3. шинээр болон өөрчлөн зохион байгуулсан боловсролын сургалтын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны зардал болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын суралцагчдад олгох тэтгэлгийг батлагдсан төсвийн эх үүсвэрийн хүрээнд зохицуулалт хийн шийдвэрлэж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах;

5.4. төрийн өмчийн их, дээд болон салбар, харьяа сургууль хооронд хэрэгжүүлэх хамтарсан хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг орон нутагт шилжүүлэн суралцуулах ажлыг үе шаттай зохион байгуулах.



6."Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв" төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.

7. "Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын бүтэц, дүрмийг батлан мөрдүүлж, тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан гарах зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

8. Энэ тогтоолын 6-д заасан үйлдвэрийн газар байгуулагдсантай холбогдуулан өмнө байсан ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагын орон тоо, өмч хөрөнгийг тус үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл) нарт даалгасугай.

9. "Их, дээд сургуулийг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон орон нутагт хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр тогтоолын 1 дэх заалтад дор дурдсан агуулгатай 1.4 дэх дэд заалт нэмсүгэй:

"1.4. Хөшигийн хөндийд дижитал их сургуулийн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлсэн хэв шинжтэй дээд боловсролын сургалтын байгууллагыг шинээр байгуулах."

10. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтын "а" хэсгийн "Орхон аймаг дахь сургуулийг" гэснийг, "Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг шинээр болон өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 267 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Хууль сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүн "Ахлагчийн сургууль"," гэснийг тус тус хасаж, "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2 дахь заалтын "д", "е" дэд заалт, 3 дахь заалт, "Төрийн өмчит дээд боловсролын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 358 дугаар тогтоол, "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дүгээр тогтоол, "Төрийн өмчит дээд боловсролын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН