Хэвлэх DOC Татаж авах
Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 22 дугаар зүйлийн 22.3, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан түймрийн аюултай үед буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, орон нутагт холбогдох арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, Аймаг нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, Сав газрын захиргааны дарга, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Ч.Батсансар/-т тус тус даалгасугай.

               САЙД                                     Д.ОЮУНХОРОЛ