Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 197

ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ахмад настны тухай хуулийн 8.2, 9.7, 13.2, 14.7, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6.3, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.4, 32.8, 37.2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-ыг 1 дүгээр, “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ыг 2 дугаар, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ыг 3 дугаар, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санг удирдах, ашиглах журам”-ыг 4 дүгээр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.13 дахь заалтын “... эрүүл мэндийн үндэсний төв” гэсний дараа “... , байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн орон тооны бус салбар комисс....” гэж нэмсүгэй.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-ын 2.2, 3.5, 5.1 дэх заалт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.16 дахь заалтыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.1-26.1.6-д зааснаас  бусад нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт олгох ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2,3,5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                            Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд                                           Н.НОМТОЙБАЯР