Хэвлэх DOC Татаж авах
СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 239

СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20.3, 46.6, Соёлын тухай хуулийн   7 дугаар зүйлийн 2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Соёлын өвийн төвийн барилга байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид түшиглэн Монгол Улсын соёлын өвийг бүртгэн мэдээлэх, авран хамгаалах чиг үүрэг бүхий “Соёлын өвийн үндэсний төв”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулсугай.

2. Соёлын өвийн үндэсний төвийн талаар дараах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт даалгасугай:

2.1. Соёлын өвийн үндэсний төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэх;

2.2. музей, соёлын байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хүний нөөцийг зохистой байршуулах замаар Соёлын өвийн үндэсний төвийн орон тоо, урсгал зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх; 

2.3. Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд соёлын биет өвийг сэргээн засварлах нэгжийг Соёлын өвийн үндэсний төвийн зохион байгуулалтын бүтцэд байгуулан ажиллуулах.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан,

спортын сайд                                                                                  Г.ЧУЛУУНБААТАР