Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр                        
Улаанбаатар хот

Дугаар А/337  

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

                   1.“Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг нэгдүгээр, “Төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагад олгох гэрчилгээний загвар”-ыг хоёрдугаар, “Төгсөлтийн дараахь эмнэл зүйн мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт удирдах эмнэл зүйн сургагч багшид олгох гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар, “Төгсөлтийн дараахь сургалт төгсөгчид олгох үнэмлэх, гэрчилгээний загвар”-ыг дөрөвдүгээр, “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

                   2.Төгсөлтийн дараахь сургалтанд шаардлагатай санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын жил бүрийн төсвийн багцад тусгаж батлуулах, зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Оюунчимэг/, Бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтэс /Б.Пүрэвсүрэн/-т тус тус даалгасугай.

                   3.Төгсөлтийн дараахь эмнэл зүйн мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт удирдах эмнэл зүйн сургагч багшийн 2017-2019 оны хэрэгцээ, сургалтын төлөвлөлт, сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх шалгуурыг 2017 оны 11 дүгээр сард тус тус багтаан боловсруулж, хоёроос доошгүй сургалт эрхлэх байгууллагын үйл ажиллагааны явцын үнэлгээг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан хийж, шалгуурыг эцэслэн баталж, хэрэгжилтийг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д үүрэг болгосугай.

                   4.Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд 2016 оны 5 дугаар сараас бэлтгэсэн эмнэл зүйн сургагч багш нарын гэрчилгээг энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан загварын дагуу 2017 оны 4 дүгээр улиралд багтаан шинэчлэн олгохыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/, “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн нэгж /Иноүэ Нобуаки/-д тус тус даалгасугай.

                   5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Заах арга зүйн сургалт”-д 2017 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд суралцсан, эсхүл тус сургалтанд суралцаагүй боловч төгсөлтийн дараахь эмнэл зүйн мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт удирдаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнийг журамд заасан шалгуурыг үндэслэн сонгож, 2019 оны 4 дүгээр улиралд багтаан “Эмнэл зүйн сургагч багш”-ийн сургалтанд хамруулж дуусгах, төгсөлтийн дараахь сургалтын шалгалт зохион байгуулахад шаардлагатай техник, хэрэгслээр Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албыг 2018 оны 2 дугаар улиралд багтаан хангахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д үүрэг болгосугай.

                   6.Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн загвар аймаг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг болон энэхүү журамд заасан шаардлагыг хангах боломжтой нийслэлийн зарим дүүргийн нэгдсэн эмнэлэгт “Ерөнхий мэргэшил судлал”, “Өрхийн анагаах судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтыг шинээр зохион байгуулах бэлтгэлийг хангаж, 2018-2019 оны хичээлийн жилд багтаан сургалтыг эхлүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/, холбогдох аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн дарга нарт тус тус даалгасугай.

                   7.Төгсөлтийн дараахь мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын төгсөлтийн шалгалтыг 2018 оны 1 дүгээр сараас эхлэн энэхүү тушаалын дагуу зохион байгуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/, төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.

                   8.Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагын дарга, захирал нарт, хэрэгжилтийг зохион байгуулж, сургалт эрхлэх байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга /Д.Очирбат/, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/ нарт тус тус даалгасугай.

            9.Энэхүү тушаалын хэрэгжилт болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төгсөлтийн дараахь сургалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг жил бүр хийж, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Баярт/-т даалгасугай.

              10.Уг тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 408/500 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хавсралт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 157 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 166 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     А.ЦОГЦЭЦЭГ