Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 11 сарын 14 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 69

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад “сахилга, хариуцлага, ажлын үр дүнг урамшуулах” зориулалтаар батлагдсан хөрөнгийг зарцуулахтай холбогдуулан төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, үйл ажиллагааны үр дүн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр үнэлж, дүгнэх, ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн урамшуулах тогтолцоог бий болгох, энэ талаар холбогдох журам баталж мөрдүүлэх;

2/газрын тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаарыг шинэчлэн тогтоох;

3/газрын суурь үнэлгээг Засгийн газар тодорхой хугацаанд шинэчлэн тогтоож, нийтэд заавал зарлаж байх үүргийг Газрын төлбөрийн тухай хуулиар нарийвчлан тогтоох хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний байршил, хүчин чадлаас хамааруулан төсөвт өртгийн зөрүүг нягталж, батлагдсан төсөвт өртөгт багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулах.

2.Орон нутгийн 2018 оны төсвийн суурь зарлагад багтсан хөрөнгийн зардлын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгаж, аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөсүгэй:

1/аймаг тус бүрт хуваарилсан хөрөнгийн суурь зардлын 30-аас доошгүй хувийг сумын төсөвт тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах;

2/хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой орон нутагт үүссэн тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах.

3.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухайн жилийн төсвийн төсөл, түүний тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон бусад хууль тогтоомжийн төслийн төсөвт нөлөөлөх байдалд хараат бус, бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, зөвлөлийн дүрэм, гишүүдэд тавигдах шаардлага, томилох журмыг батлан гаргахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд үүрэг болгосугай.

5.Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД