Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын 2009 оны 362-т/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                Дугаар А/285                         Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн хилээр нэвтрүүлэх зарим онцлог барааны тодорхойлолт олгох Засгийн газрын яам, агентлагийн нэршил, чиг үүрэг хуулиар өөрчлөгдсөн, журмын холбогдох заалтыг мөрдөх эрх зүйн чадамжгүй болсонтой холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам”-ын хавсралтын Гурав дахь хэсгийг дараах байдлаар өөрчилсүгэй.

“3.1.Онцлог барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны дараахь байгууллагаас тодорхойлолт авсан байна:

3.1.1.Геологи, эрдэс баялагийн чиглэлээр хийгдсэн судалгааны дээж, материал, зураг, өрмийн болон бусад дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг - Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.2.Газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгааны материал, зураг, өрмийн болон бусад дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг - Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.3.Батлан хамгаалах асуудалтай хамааралтай судалгаа шинжилгээ, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн материал - Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3.1.4.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, химийн бодисын дээж, сорьц -Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3.1.5.Ураны хүдэр, түүний баяжмал, цацраг идэвхт химийн элемент болон цацраг идэвхт изотоп /хуваагдагч буюу баялаг химийн элемент болон изотоп орно/, тэдгээрийн нэгдэл, тэдгээрийг агуулсан хольц, үлдэгдэл, БТКУС-ийн зүйл 28.44-т зааснаас бусад изотоп, тэдгээрийн химийн хувьд тодорхойлогдсон буюу органик биш нэгдэл зэргийн дээж, сорьц -Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.6.Лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх өвчин үүсгэгч нян, түүний хорны дээж, эрүүл хүний ийлдэс, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай донорын цус, дархлалын хувирмал бэлдмэл, бичил биетний өсгөвөр, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний дээж, сорьц -Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3.1.7.Палеонтологийн болон археологийн олдворын дээж, сорьц - Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

3.1.8.Үнэт металл, эрдэнийн чулууны дээж - Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн сорьцын хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.9.Бүх төрлийн мал амьтны үр хөврөл, үржлийн өндөг, цус болон цусны ийлдэс, төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой шавьж, бичил биетний өсгөвөр, амьтны хүүр, сэг, ялгадас, хөрс, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зэргийн дээж, сорьц - Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

3.1.10.Архи, согтууруулах ундаа, тамхины дээж - Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.”

                    2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Э.Мөнхөө/-т үүрэг болгосугай.

                    3.Энэ тушаалыг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                               Б.АСРАЛТ