A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 317

Улаанбаатар хот

ГАДААДААС 2018 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2018 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 20-иос дээш ажилчидтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо энэ тогтоолын хавсралтаар баталсан хувиас илүү гарсан тохиолдолд Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт үүрэг болгосугай.

4. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай. 5. Энэ тогтоолын хавсралтад заасны дагуу 2018 онд авах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан хяналт тавих, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, улирал тутам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлагнаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ