Хэвлэх DOC Татаж авах
Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр                                                                      Дугаар 01                                                                                        Улаанбаатар хот                                                                                        

     Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор

     хүчингүй болсон Шүүх байгуулах тухай

    хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн

  эсэх маргааныг хяналтын журмаар

    хянан шийдвэрлэсэн тухай

 

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 11.00 цаг.
 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Сугар, Н.Чинбат, Д.Наранчимэг, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Номынбаясгалан оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гадаад улсад албан ёсны айлчлалтай байсан  тул оролцоогүй болно.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж тус тус хуульчилсан нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд:

“Монгол Улсын Их Хурлаас 2016 онд оруулсан өөрчлөлтөөр Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн зүйлийн Хоёр дахь хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн хэсгийг зөрчиж байна. Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог тойргийн зарчмаар бус, харин нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулахаар тусгасан болно.” гээд Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02 дугаар тогтоол, 2015 оны 01 дүгээр тогтоол, 2016 оны 01 дүгээр тогтоолыг иш татан дурдаж, “Багахангай, Налайх дүүргүүдийн дунд Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны нэг, нэг шүүх байгуулсан нь Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн байна.” гэжээ.  

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“... Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх...” гэж Улсын дээд шүүхээс бусад шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэснийг Монгол Улсын шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нь зохион байгуулж, аймагт аймгийн шүүх, дүүрэгт дүүргийн шүүх оршино гэж тайлбарлан хэрэглэвэл шүүхийн тогтолцоог шүүхийн харьяаллаар сольж, шүүхийн тогтолцоог гажуудуулахад хүргэх юм. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.” гэж заасан заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

Дээрх хуулийн заалтын дагуу Монгол Улсын Их Хурал өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоо, шүүхийн ачааллыг тус тус харгалзан хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.’’, Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.’’, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасантай нийцсэн гэж үзэж байна. Тухайлбал 2016 онд Нийслэл дэх нэг дүүргийн шүүхэд ногдох хэргийн ачаалал дунджаар Эрүүгийн 276 хэрэг, Иргэний 2899 хэрэг байсан бол Багахангай, Налайх дүүргийн анхан шатны шүүх 2016 онд Эрүүгийн 66, Иргэний 656 хэрэг шийдвэрлэсэн, үүнээс Багахангай дүүрэгт харьяалагдах Эрүүгийн 8, Иргэний 33 хэрэг хянан шийдвэрлэжээ.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шийдвэрлэсэн нийт 722 хэргээс Багахангай дүүрэгт харьяалагдах 41 хэрэг шийдвэрлэгдсэн байгаа нь тус шүүхийн өнгөрсөн онд шийдвэрлэсэн нийт хэргийн зөвхөн 5.6 хувийг эзэлж байна. Мөн Багахангай, Налайх дүүргийн шүүхээр 2007-2017 онд шийдвэрлэгдсэн Эрүү, Иргэний нийт 6425 хэргээс Багахангай дүүрэгт харьяалагдах 392 хэрэг байгаа нь Багахангай, Налайх дүүргийн шүүхээр сүүлийн 10 жилд шийдвэрлэсэн нийт хэргийн 6 хувь байна. Үүнээс үзвэл Багахангай дүүрэгт харьяалагдах шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тоо нэг дүүрэгт ногдох Эрүүгийн хэргийн дундаж тооноос 34 дахин бага, Иргэний хэргийн дундаж тооноос 87 дахин бага байгаа нь тус дүүрэгт бие даасан шүүх байгуулах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тодорхой юм.

Түүнчлэн Багахангай дүүрэг нийт хүн амын тоогоор бусад дүүргээс хамгийн бага буюу 4.143 хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр Нийслэл дэх 9 дүүргээс 7 дугаарт буюу 140.0 км2 байна.

“Багахангай дүүргийн эдийн засаг, нийгмийн байдал”-ын 2017 оны 3 дугаар улирлын статистикийн танилцуулгад Нийслэл дэх хүн амын нягтрал 1 кв км-т ногдох хотын дундаж 298 хүн байхад Багахангай дүүрэгт хамгийн бага буюу 30 хүнтэй байна. Харин 18-аас дээш насны 10.000 хүнд ногдох гэмт хэргийн тоогоор хотын дундаж 165 хүн байхад Багахангай дүүрэгт 102 хүн байхаар тусгагджээ.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн зүйлийн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Шүүхийн үндсэн тогтолцооны зохицуулалт болон мөн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалыг зөрчөөгүй буюу Цэцээс шийдвэрлэсэн асуудлыг агуулгаар нь дахин сэргээгээгүй байна  гэсэн тайлбарыг  үүгээр уламжилж байна.” гэжээ.

            ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэхээр хуульчилсан байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “... Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Багануур, Багахангай дүүргийн дунд, Баянзүрх, Гачуурт дүүргийн дунд, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн дунд, Хан-Уул, Туул дүүргийн дунд тус бүр нэг шүүх байгуулсан нь нэрийн хувьд “дүүргийн” гэж томьёологдсон боловч үнэн хэрэг дээрээ хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан агуулгыг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дүүрэг бүр өөрийн шүүхтэй байх тухай заалтыг зөрчжээ.” гэж үзээд 05 дугаар дүгнэлтийг гаргаж, улмаар уг маргааныг эцэслэн шийдвэрлэж 02 дугаартай тогтоолыг гаргасан байна.

Мөн хууль тогтоогчоос 2013 оны Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр нь дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймаг дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүх байхаар хуульчилсан буюу нэршлийн хувьд дэс дугаарлаж, тойргийн зарчмаар байгуулсан. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар зөвхөн нэршлийг “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолж, өмнөх хуультай мөн адил 2-3 аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх, 2-3 дүүрэг дунд анхан шатны нэг шүүхтэй байхаар тус тус хуульчилж байсан нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоог зөрчсөн гэж үзэж холбогдох заалтыг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр хэвээр байна.

3.Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж дүүрэг тус бүр нэг шүүхтэй байхаар өөрчлөн найруулсан боловч Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хоёр дүүргийн дунд нэг анхан шатны шүүхийг байгуулан хуульчилсан нь дээр дурдсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор удаа дараа хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчиж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байх тул хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

                                                                    ДАРГАЛАГЧ                                                          Д.ОДБАЯР                                            

                                                                           ГИШҮҮД                                                         Н.ЖАНЦАН

                                                                                                                                                  Т.ЛХАГВАА

                                                                                                                                                  Ш.ЦОГТОО

                                                                                                                                                  Д.СУГАР

                                                                                                                                                  Н.ЧИНБАТ

                                                                                                                                                  Д.НАРАНЧИМЭГ

                                             Д.СОЛОНГО