Хэвлэх DOC Татаж авах
“НООЛУУР” ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 47

“НООЛУУР” ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 6.1.1-д заасныг тус тус үндэслэн Улсын нөөцийн тухай хуулийн 13.1, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.50, 2.48, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 2.1.10, 1.1.8 дахь заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ноолуур” хөтөлбөр (2018-2021)-ийг хавсралт ёсоор баталсугай

2. “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган, явцад нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгасугай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл тусламжаар санхүүжүүлэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний  хавсралтад “65. “Ноолуур” хөтөлбөр” гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                Б.БАТЗОРИГ