Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

 

2018 оны 02 дугаар сарын  28-ны өдөр                                                                    Дугаар 03                                                                                        Улаанбаатар хот                                                                                        

   Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар

   тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

 маргааныгхянан шийдвэрлэсэн тухай  


 

 

                     Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 17.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцсон болно.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Дөчин тавдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Жадамба, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараахь агуулга бүхий мэдээлэл гаргасан байна:

 

“1. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, ...-ийг зөрчиж ... төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан ...”, мөн тогтоолын 4 дэх заалтад “Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг ... даалгасугай.” гэж тус тус заасан нь Үндсэн хууль зөрчсөн.

 

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 4 дэх заалтад “Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар ... Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг ... даалгасугай.” гэж заасан нь Банкны тухай хууль бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа арилжааны банк, түүний удирдлагын хууль зөрчсөн эсэх асуудлыг Банкны тухай хуульд “шүүх эцэслэн шийдвэрлэх”-ээр тодорхой заасан байхад шүүх байгууллагын эцсийн шийдвэргүйгээр зөрчсөн эсэх асуудлыг Улсын Их Хурал тогтоож байгаа тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчиж байна.

 

            2. Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “... “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн ... хувьцааг төрийн өмчлөлд шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.” гэж заасан нь Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг зөрчиж байна. Тодруулбал, уг заалт нь Иргэний хуулийн үндсэн зарчмыг зөрчин, бодит байдал дээр халдсан үйлдэл хийсэн эсэхээс үл хамаарч өмчлөгчийн туйлын эрхэд түүний зөвшөөрөлгүй халдах эрх зүйн үндсийг бий болгосон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... хөрөнгө ... эзэмших, өмчлөх, ... эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. ...” гэж заасныг болон Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

Улсын Их Хурал нь 2017 оны 23 дугаар тогтоолоороо Засгийн газар Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн, хувийн аж ахуйн нэгж, хувь хүмүүс мөн хууль тогтоомж удаа дараа зөрчсөн, гэм буруутай болохыг хуульд заасан эрх бүхий байгууллага тогтоогоогүй байхад Үндсэн хуулийн цэц, шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, хариуцлага хүлээлгэхийг даалгасан болон Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон өмчлөгчийн туйлын эрхэд ноцтой халдсан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Онон Үндсэн хуулийн цэцэд хандаж дараахь агуулга бүхий мэдээлэл гаргасан байна:

 

“Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дахь заалтын “... шилжсэн ... энгийн хувьцааг ... төрийн өмчид шилжүүлэн авах ...” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл, шударгаар олж авсан эсэхийг шударга шүүх тогтоогоогүй байхад шүүгч биш хүмүүс хууль бус гэж үзсэнийг үндэслэл болгон хувийн өмчийг төрд шилжүүлэн авах тухай шийдвэр гаргасан байна.

 

Энэ тогтоолын 3 дахь заалтын “... энгийн хувьцааг ... Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан ... эх үүсвэрээс суутган тооцож төрийн өмчид авах ...” гэсэн нь харилцах дансны мөнгөн хөрөнгөөс шүүхийн шийдвэргүйгээр суутган тооцоо хийх агуулга илэрхийлж байна. Энэ нь банкны тухай хууль, журам зөрчинө.

 

Энэ тогтоолын 2, 3, 4 дэх заалтад “... даалгасугай.” гэж зааж нэлээдгүй даалгавруудыг холбогдох этгээдүүдэд өгчээ. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, логикийн хувьд алдаатай, холбогдох хууль, журмуудыг зөрчсөн даалгавруудыг албадлагын шинжтэйгээр хамаарал бүхий этгээдүүддээ өгөхийг Үндсэн хуулийн үндсэн зарчмаар хориглодог билээ.

 

Иймд Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолд туссан 1, 2, 3, 4 дэх заалтын “... давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул ...”, “... шилжсэн ... энгийн хувьцааг ... төрийн өмчид шилжүүлэн авах ...”, “... энгийн хувьцааг ... Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан ... эх үүсвэрээс суутган тооцож төрийн өмчид авах ... ”, “... даалгасугай.” гэсэн хэсгүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно ...”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Гурав. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Нямжаргал Үндсэн хуулийн цэцэд хандаж дараахь агуулга бүхий мэдээлэл гаргасан байна:

 

“Монгол Улсын Их Хурал ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны  2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан хэмээн тогтоолын 1 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтад заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас гаргасан тогтоолд хамаарах учир үүнийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах шаардлагагүй байснаас гадна уг тогтоол нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг зөрчөөгүй. Тиймээс уг тогтоолыг Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгох нь үндэслэлгүй юм.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааны эзэмшилд халдахын тулд хуультай байх ёстой, тэрхүү хууль нь шударга ёсонд нийцсэн байх ёстой. Гэтэл Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд хэдийгээр хэлцэл хийх замаар хувьцааны эзэмшлийг төрийн өмчид шилжүүлнэ гэж байгаа боловч төрийн дур зоргоор өмчлөгчийн хүсэл зоригийн эсрэг, өмчийн хэлбэрийг өөрчилж, хувийн өмчийг төрийн өмчид шилжүүлж байгаа нь Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан ёсны хамгийн чухал элемент, хүний үндсэн эрх, эрх чөлөөний үндэс, суурь болсон хувийн өмч, өмчлөх эрхэд халдсан явдал мөн. Хувийн өмчийг дайчлах нийгмийн зайлшгүй хэрэгцээ үүсээгүй учраас Улсын Их Хурал ямар ч үндэслэлгүйгээр хувийн өмчийг хураан авахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулиа зөрчиж байна.” гэжээ.

 

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар Үндсэн хуулийн цэцэд дараахь агуулга бүхий тайлбар гаргасан байна:

 

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн нэг болох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаар соёрхон баталсан Оросын Холбооны Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Олон улсын гэрээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгасан болно.

 

Шалгалтын явцад Засгийн газар 2016 оны “Эрдэнэт үйлдвэр” ХХК, болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолыг батлахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо:

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.

 

2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

3. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээрийн  17 дугаар зүйлийн “... Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь Үйлдвэрийн өөрийн хөрөнгө дахь хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө Хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцсөнөөр бусад Улс, хуулийн этгээдэд худалдах, ... эсхүл хувьчилж болно. Энэ тохиолдолд нөгөө Хэлэлцэн тохирогч Тал нь худалдан авах давуу эрхтэй байна.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, дээрх заалтын дагуу Хэлэлцэн тохирогч Талууд буюу Оросын Холбооны Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондоо зөвшилцөхөөр байна. Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын “Ростех” корпорациас ирүүлсэн албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцсэн нь хэлэлцээрийн холбогдох заалтад нийцэхгүй байна.

 

4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна.”, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт “... төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал ... байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар ... байж болно.” гэж заасныг үндэслэн дээр дурдсан компаниудын хувьцааны 49 хувийг төр өөрөө эзэмших үү, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг төрийн өмчийн өмчлөгчийн хувьд Улсын Их Хурал шийдэхээр байна.

 

5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад зааснаар хэлэлцэх асуудлын төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байх бөгөөд мөн хэсгийн 7 дахь заалтад “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг  хэлэлцэхээс  ажлын  3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино.” гэж заасан. Гэтэл Засгийн газрын хуралдааны 2016 оны 33 дугаар тэмдэглэл болон Засгийн газраас шалгалтын явцад Улсын Их Хуралд ирүүлсэн албан ёсны материалаас үзэхэд Засгийн газар нь уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байсан болно.

 

6. Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалтын “Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений ... ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй.” гэсэн заалт мөн л хүчинтэй байхад Засгийн газар түүнийг зөрчсөн байна.

 

Иймд Засгийн газар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол-Оросын  “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээрийг дээр дурдсан байдлаар зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын 1 дэх заалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгож, мөн Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг шуурхай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан болно. 

 

Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын ““Эрдэнэт үйлдвэр” ХХК,  “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй.” гэсэн байна.    

 

Мөн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:       

 

“Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2003 оны хэлэлцээр болон “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээр нь Монгол Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд эдгээр гэрээнүүдийг цуцлах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй болохыг мэдэгдье. Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар нь эдгээр гэрээний “Талууд” бөгөөд Монгол Улсын Төрийн өмчийн хороо, Оросын Холбооны Улсын “Ростех” корпораци нь тус гэрээний Талуудын “хувьцаа эзэмшигч” байхаар дээр дурдсан гэрээнүүдэд тус тус заасан.

 

Гэтэл Оросын Холбооны Улсын Засгийн газар гэрээний “Тал” болохын хувьд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад зөвхөн Оросын Холбооны Улсын хувьцааг эзэмшигч болох “Ростех” улсын корпорацийн захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар дээрх 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр татгалзаж “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д худалдахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлөх, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна.

 

Дээрх шийдвэрийг гаргасан Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсан талаар Засгийн газрын хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг.

 

Түүнчлэн, Оросын Холбооны Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын төвшинд уг асуудлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байхад буюу “Монголиан Коппер Корпорейшн” ХХК 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дүрмийн сангаа 12 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5,02 сая ам.долларыг Оросын Холбооны Улсын Альфа банкинд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Энэхүү 5.02 сая ам.доллар төлбөрт тооцогдсон баримт байгаа болно.

 

“Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед энержи систем”, “Канетик” компаниуд 2016 оны 6 дугаар сард тус бүрдээ Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний ам.долларын зээл авангуут шууд “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д дамжуулан зээлдсэн, нөгөө талаар зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрөөгүй нэг ижил загвараар үйлдэгдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгосон зэргээс үзэхэд халхавч баримт бичиг болох нь тодорхой байна.

 

Нэгтгэн дүгнэж үзвэл, төлбөрт шилжүүлсэн гэх дээрх 400.27 сая ам.доллар нь Д.Эрдэнэбилэг гэгч эзэнтэй Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнаас эдгээр банкны гол хувьцаа эзэмшигчийн, эсхүл түүний шууд удирдлагад ажилладаг хүмүүсийн нэр дээр үүсгэн байгуулсан компаниудад халхавчийн гэрээ, барьцаагүйгээр олгосон зээл байна.

 

Банкны хууль тогтоомжийн үндсэн зарчим, хуулийн тодорхой заалтыг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк, түүний гол хувьцаа эзэмшигчид зөрчсөн болно. Тухайлбал:

 

1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээж байхаар заасан. Худалдаа хөгжлийн банк нь 745.0 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 50.0 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, хувьцааных нь 93.1 хувийг Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Гэтэл энэ банк зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн төлбөрт тухайн үеийн ханшаар 400.27 сая ам.доллар буюу 900.2 тэрбум төгрөгийн зээл буюу гол хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх хэмжээнээс давсан зээл олгосон байна.

 

Энэхүү 400.27 сая ам.долларын зээл олгохдоо Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “... нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй ...” гэснийг зөрчөөгүй гэж харагдуулахын тулд Д.Эрдэнэбилэг болон түүний шууд удирдлагад ажилладаг ажилтнууд /Банкны тухай хуульд эдгээрийг “холбогдох этгээд” гэж тодорхойлсон/- ын нэр дээр байгуулсан компаниудад халхавч гэрээ байгуулж, 68-70 сая ам.долларын зээл олгож, эдгээр нь “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжүүлсэн байна.

 

2. Худалдаа хөгжлийн банк нь “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д зээл олгохдоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг барьцаалж, дараа нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийг төлөөлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт /холбогдох этгээд/-ыг зөрчсөн байна.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авах эсэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь доор дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байна. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 2007 оны 27 дугаар тогтоол, Монгол Улсын 3асгийн газрын 2009 оны “Журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн болохыг Танд үүгээр уламжилж байна.” гэжээ.  

      

 Тав. Уг маргааныг шалгах явцад Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Гадаад харилцааны яам, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, “Монголиан Коппер Корпорейшн” ХХК, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох тайлбар, баримт бичиг гаргуулан авч, Монгол Улсын Их Хурлын архив дахь “Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол”-ын хувийн хэрэгтэй танилцсан болно. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг Улсын Их Хурлаар шийдвэрлэх, Оросын Холбооны Улсын “Ростех” корпораци саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлж байсан байна.

 

ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ:

 

         1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт анх 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн 20 дугаар зүйлд хэлэлцэн тохирогч хоёр этгээд Засгийн газрын төвшинд зөвшөөрснөөр тус хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

 

            2. Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2003 оны хэлэлцээрийн 16 дугаар зүйл, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээрийн 20 дугаар зүйлд хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах өөрийн улсын дотоодын журмыг гүйцэлдүүлсний дараа бичгээр сүүлчийн мэдэгдэл хэлэлцэн тохирогч нөгөө талдаа өгснөөр хүчин төгөлдөр болохоор зааж, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг мөн энэ журмаар гүйцэтгэхээр байна.

 

            3. Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын дараахь хуулиудын зохицуулалт хамаарахаар байна.  Үүнд:

                

                 а) “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус хууль гарган соёрхон баталсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад Улсын Их Хурал “... Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах ...” асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээг ... цуцлах ... тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заажээ. Иймд Монгол Улсын Засгийн газар дээрх хэлэлцээрийн нэг тал болохын хувьд хэлэлцээрийг цуцлах үр дагавартай асуудлаар урьдчилж дотоодын хууль тогтоомж буюу Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг биелүүлсний дараа саналаа өгөхөөр байна.

 

                 б) Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолын 2-т “... Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений ... ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй.” гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа тул уг заалтыг хүчингүй болгох эрх хэмжээ зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдаж байна.

 

        4. Оросын Холбооны Улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж буй 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээ ашиглан төрийн мэдэлд авах, эсвэл өөр этгээдэд шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрх нь гагцхүү Улсын Их Хуралд байна.

 

             5.  Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, зөвшилцөлгүйгээр өөрчилсөн Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Олон улсын гэрээний тухай хуулийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 18 дугаар зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

 

            6. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

 

          7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж заасан билээ. Аливаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу эсвэл хууль зөрчигдсөнийг мэдээгүй, эсвэл хууль зөрчигдөж байгааг мэдэх бололцоогүй байсан нөхцөлд л шударгаар олж авсанд тооцох боломжтой. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн төлөөлөл гэх Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “... хуулиар бол энэ гэрээг баталсан, энэ гэрээ нь өөрөө өөрийгөө хүчингүй болгох ийм заалттай учраас дахиж энийг оруулах, соёрхон батлуулах зөвшөөрөл шаардлагагүй гэж бид үзэж дүгнэлтээ гаргаж байгаа. ...” гэж байсан нь хуулийн шаардлагыг урьдаас мэдэж байсныг харуулж байна.

 

            Түүнчлэн, Оросын Холбооны Улсын “Ростех” корпораци болон “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд Худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлсөн байхаар, мөн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах тухай толгой гэрээг байгуулсан тухай тусгасан байгаа нь Монгол Улсын эрх бүхий байгууллага давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргахаас өмнө хэлцэл хийж байсныг нотолж байна.

           

            8. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль болон бусад  хуулийн холбогдох заалтыг зөрчсөн шийдвэрийг үндэслэл болгон хийсэн хэлцлээр шилжүүлсэн өмчлөлийн зүйлийн хувийн өмчийн эрх холбогдох этгээдэд шударгаар үүссэн гэж үзэх, энэхүү эрхийг хамгаалах хууль зүйн хангалттай үндэслэл бүрдээгүй байна.

 

              9. Иргэн Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал нарын Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тухай мэдээллийн шаардлагаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс Цэцийн гишүүн 2017 оны 103 дугаар тогтоолоор татгалзсаныг дурдаж байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

            1. Монгол Улсын Их Хурлын ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.”  гэж заасныг тус тус зөрчөөгүй байна. 

 

2. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд  авсан  тохиолдолд  “Монголиан  Коппер  Корпорейшн”  ХХК-ийн Оросын Холбооны Улсын “Ростех” корпорацид уг 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай.

 

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

         

                                                        ДАРГАЛАГЧ                                                                       Д.ОДБАЯР

                                                              ГИШҮҮД                                                                       Н.ЖАНЦАН

                                                                                                                                                   Т.ЛХАГВАА

                                                                                                                                                   Д.СУГАР

                                                                                                                                                   Д.СОЛОНГО