A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2018 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Шургын гүүр-Ховд чиглэлийн 53.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх "Эйч Кэй Би Интернейшнл Холдинг" ХХК-ийн 200 ажилтан, Хашаатын даваа-Шургын гүүрийн чиглэлийн 50 км, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх "Чайна Хуаши Энтерпрайзис Лимитед" ХХК-ийн 450 ажилтан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төмөр замын өргөн болон нарийн царгийн ачилт, буулгалтын хэсэг, хүнд даацын 19 урт/метр төмөр бетон гүүрийн байгууламж, тээвэр зууч, зохицуулалтын цогцолбор төвийн барилгын ажил гүйцэтгэх "Хятадын төмөр замын 21 дүгээр товчоо групп" ХХК-ийн 230 ажилтан, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барих ажил гүйцэтгэх "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн 400 ажилтан, мэргэжилтнийг 2018 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад шаардлагатай байгаа ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ажилгүй иргэдээс захиалгын дагуу зуучлах, монгол залуучуудыг гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг дагалдуулан сургах ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

4. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулахыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хугацаанд нь буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдээлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ