Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглах, тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, ашиглах журам/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 30

ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглах журмыг 1 дүгээр хавсралт , Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах, ашиглах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор баталж, энэхүү сүлжээгээр мэдээлэл солилцож, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудад зөвлөсүгэй.

3. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмуудад нийцүүлэн холбогдох журам, стандарт, нөхцөл, шаардлагад нэмэлт, өөрчлөлт оруулахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (С.Адъяасүрэн), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад тус тус даалгасугай.

4. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо (С.Адъяасүрэн), Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт тус тус үүрэг болгосугай.

5. Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                     У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                   Г.ЗАНДАНШАТАР