A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2018 ОНД ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨВТ ӨРТГИЙН ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай:

1.1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ижил хүчин чадал бүхий төслүүдийг нэг маягийн зургаар хэрэгжүүлж төсөвт өртгийн зөрүүг багасгах;

1.2. нэг маягийн зургаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний холболтын зураг төсөв хийлгэх ажлыг яаралтай зохион байгуулж, нэг маягийн зураггүй төслүүдийг ойролцоо байршил, хүчин чадал бүхий нэг маягийн зурагт холболтын зураг, төсөв хийлгэж хэрэгжүүлэх;

1.3. нэг маягийн зургаар хэрэгжүүлэх боломжгүй төсөл, арга хэмжээний зураг, төсвийг шинээр боловсруулахад шаардагдах зардлыг барилгын ажил гүйцэтгэх гэрээний дүнд оруулан, 2018 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан санхүүжүүлэх.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, салбар хоорондын ажлын уялдаа холбоог ханган, төсөл, арга хэмжээг хуулийн хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР