A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ЗААВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар A/69, 48

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ЗААВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт"-ыг нэгдүгээр,"Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт"-ыг хоёрдугаар,"Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг гуравдугаар,"Байнгын асаргаа шаардлагатай иргэн хүүхдийг тодорхойлох заавар"-ыг дөрөвдүгээр, "Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүүхдийн тодорхойлолт маягт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг болон асаргаанд байх хугацааг үнэн зөв тогтоох, нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжид хамруулахад баталсан жагсаалт, шалгуур, үзүүлэлт, заавар маягтыг мөрдлөг болгон ажиллахыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар (төв), Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (хэлтэс)-ын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвд тус тус даалгасугай.

4. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны А/55/360 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

6. Энэхүү тушаалыг 2018 оны 4 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН

САЙД Д.САРАНГЭРЭЛ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/807, A/216

Улаанбаатар хот

Жагсаалт, шалгуур үзүүлэлт, маягт шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны "Журам шинэчлэн батлах тухай" 362 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, "Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт"-ийг хоёрдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэнийг үнэлэх шалгуур, үзүүлэлт"-ийг гуравдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн салбар комисст тус тус үүрэг болгосугай.

3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллах эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.

4. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай" 2018 оны А/69/48 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА