A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 08

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хуулийн зарим заалт Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 16.15 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, гишүүн Н.Чинбат, Д.Ганзориг, Ш.Цогтоо /илтгэгч/, Б.Буяндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч А.Базар, П.Ундрах-Эрдэнэ болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн А.Базар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Э.Ариунзаяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн дагуу төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг түүнд буцаах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн дагуу гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин ирүүлэхгүй буюу цаашид тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байх үр дагавартай байна.

Төлбөр авагч нь өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандсаны дагуу шүүхийн зүгээс түүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж, буруутай этгээдээс төлбөр авах эрхтэй болохыг нь баталгаажуулсан шүүхийн шийдвэр гардаг. Үүний үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Шүүхийн шийдвэр гарч байгаа нь төлбөр авагч буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэний эрхийг хууль зүйн хувьд сэргээж байгаа явдал бол нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээн эдлүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нь иргэний зөрчигдсөн эрхээ сэргээн эдлүүлэх, бодитойгоор хамгаалуулах боломжгүй байдалд хүргэж байгаа хэрэг юм.

Дуудлага худалдаа нь үнэ өрсөлдүүлэх буюу хамгийн өндөр үнэ санал болгосон этгээдэд хөрөнгийг худалдах ажиллагаа тул зах зээлийн хамгийн өндөр үнийг олох боломжтой. Иймд дуудлага худалдаанд түүний тогтоосон үнэлгээний 50 хувиар оруулахад худалдан борлогдоогүй эд хөрөнгийг зах зээлд ямар ч этгээд тийнхүү үнээр авах сонирхолгүй буюу үнэ цэнэгүй хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн этгээд болох төлбөр төлөгчийг албадах, төлбөр авагчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажиллагаа байх ёстой. Гэтэл дээрх заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадлагыг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж буй төлбөр авагчид чиглүүлсэн зохицуулалт байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад "төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан", 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт "... Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.", 73.4 дэх хэсэгт "...Төлбөр авагч татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсье." гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна.

Мөн иргэн А.Базар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "... 31.1.2 ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар мэдээллийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн болно.

Хоёр. Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг дараах үндэслэлээр төлбөр авагчид буцаана" гэж заасан ба 31.1.2 дахь заалтад "төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан" гээд мөн зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэжээ.

Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь төлбөр төлөгчөөс хураалгасан худалдан борлогдоогүй эд хөрөнгийг заавал төлбөртөө тооцон авах ба хэрэв авахгүй бол өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин хандах эрхгүй байхаар зохицуулсан нь төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулж, Үндсэн хуульд заасан "бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх" иргэний үндсэн эрхийг хязгаарласан байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол түүний зөрчигдсөн эрхийг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хуулийн дагуу сэргээх бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хүчинтэй байх ёстой юм.

Төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө тооцон авахаас татгалзсан бол тухайн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж болох боловч төлбөр авагч нь тухайн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлэх эрхтэй байх ёстой. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин шинээр эхлэн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хуульд заасны дагуу эрэх олох ажиллагааг явуулж, төлбөр авагчийн төлбөрийг барагдуулна.

Ингэснээр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн боломж хадгалагдан үлдэх юм.

Өмнө мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-д заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно." гэж заасан байв. Өөрөөр хэлбэл өмнөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчөөс гаргуулсан худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө тооцон авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй байв.

Гэтэл шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар энэ боломжийг хааж, төлбөр авагч нь төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг заавал авах, ийнхүү аваагүй бол гүйцэтгэх баримт бичгийг дахин ирүүлэх эрхгүйгээр буцааж буй нь шүүхийн шийдвэр гарсан хэдий ч иргэн өөрийнхөө хохирлыг хэзээ ч барагдуулах боломжгүй нөхцөл байдал бий болгож байна.

Иймд Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлжээ.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөгчийн хөрөнгө албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлогдоогүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангаж, төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор төлбөр авагчид худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт санал болгох шаардлага үүсэх бөгөөд энэхүү ажиллагааг дээрх хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу явуулж, үр дүнг нь мөн хуулийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэхээр хуульчилсан.

Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгө, түүнчлэн зарим шаардлагатай тохиолдолд төлбөр төлөгчийн бүхий л хөрөнгөд ажиллагаа явуулсны үндсэн дээр санал болгосон хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзах нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болгох төдийгүй төлбөр төлөгчийн боломжийг хаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа олон жил үргэлжлэх, мөн хугацаагаар эргээд төлбөр авагчийн хохирлыг барагдуулах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхгүй байх нөхцөлийг үүсгэхээр байна.

Төлбөр авагчийн хувьд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдож, уг зөрчигдсөн эрхийг нь сэргээхээр заавал биелэгдвэл зохих хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэдэг утгаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийг нь хамгаалах гол оролцогч хэдий ч нөгөө талд нь Монгол Улсын Үндсэн хуулиар эрх, ашиг сонирхол нь хамгаалагдсан, албадлагын шинжтэй арга хэмжээний үйлчлэлд өртөж байгаа төлбөр төлөгчийн эрх ашиг мөн байгаа гэдгийг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай юм.

Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй." гэж заасан нь төлбөр авагчид төлбөр төлөгчийн хөрөнгөөс өөрт таалагдсан, дурын хөрөнгийг сонгож төлбөрт гаргуулах эрхийг олгосон заалт гэж үзэхгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн эрхийг хангаж, хохирлыг барагдуулахаар хуульд заасан бүх ажиллагааг хийж гүйцэтгэж, төлбөр төлөгчөөс өөр хөрөнгө байхгүй байгааг баталсан байхад төлбөр авагч санал болгосон хөрөнгийг авахгүй байх нь гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид хэт давуу байдал бий болгож, зөвхөн өөртөө таалагдсан хөрөнгийг сонгож авах, энэхүү хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тухайн таалагдсан хөрөнгийг нь олж санал болгох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжлэх үр дагаврыг үүсгэнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, түүний дотор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаарх зохицуулалт нь төлбөр авагчийн эрх ашигт нийцсэн байхаас гадна төлбөр төлөгчийн эрхийг мөн хамгаалах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буцаасан гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгүүлэхээр хэдэн ч удаа дахин ирүүлэхээр өөрчилбөл төлбөр авагчид хэт давуу байдал бий болгож, зөвхөн өөрт таалагдсан буюу өөрт хэрэгтэй гэж үзсэн хөрөнгийг сонгож авах, энэ тухай хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн хүссэн хөрөнгийг нь олж санал болгох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж болох хязгааргүй байдлыг үүсгэнэ. Энэ нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчихөд хүргэж, хэн боловч ямар ч цаг хугацааны хязгааргүйгээр төлбөр төлөгч болох, хэдийд ч тэдгээрийн эрхэд халдаж болох эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

Иргэний эрх зүйн маргааны талууд өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхэд нэхэмжлэл гаргах, нотлох баримт цуглуулах эрх, үүргээ хэрэгжүүлэх эсэхээ өөрөө бие даан шийдэж хэрэгжүүлдэг, үүний нэгэн адил хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсний үр дүнд бий болсон хөрөнгө, эсхүл шүүхийн шийдвэрт төлбөр авагчид шууд шилжүүлэхээр заасан хөрөнгийг хүлээн авах, эсхүл хүлээн авахаас татгалзах нь төлбөр авагчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "... 31.1.2 ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй." гэсэн агуулга бүхий тайлбаруудыг гаргажээ.

Дөрөв. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө авахаас татгалзсан тохиолдолд төлбөр төлөгч уг эд хөрөнгөөс өөр эд хөрөнгө, банкинд мөнгөн хадгаламж болон харилцах дансанд мөнгөн хөрөнгө, орлогогүй болохыг шийдвэр гүйцэтгэгч холбогдох баримтаар тогтоосон бол төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцаана гэж шүүхийн практикт тайлбарлан хэрэглэж байсан ба одоо ч энэ тайлбар ач холбогдолоо алдаагүй байна.

Төлбөр төлөгчийн борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан, шийдвэр гүйцэтгэлийн байгууллага төлбөр барагдуулах боломжтой бүхий л ажиллагааг хийсэн боловч өөр хөрөнгө тогтоогдоогүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах нь төлбөр төлөгчийн тухайн үеийн эд хөрөнгийн байдалтай холбоотой бөгөөд харин шүүхийн шийдвэр биелэгдэх зарчимтай тул гүйцэтгэх баримт бичгийг буцааж авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломж нээлттэй байх ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийг буцаахдаа дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэж хуульчилсан байсныг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгож, тус хуулийн 17.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно." гэж өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлсэн байна.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ийнхүү залруулж зөвтгөж байсан атлаа 2017 оны шинэчилсэн найруулгын 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэж заасан нь төлбөр авагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндсэн эрхэд нийцээгүй агуулгатай болсон байна." гэсэн байна.

Тав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах" эрх зүйн зохицуулалт нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39.8, 48.7 дахь хэсэгт тусгалаа олж, үйл ажиллагаанд 15 жилийн хугацаанд мөрдөгдөж ирсэн нь Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт тус тус дээрх эрх зүйн зохицуулалтууд хэвээр хуульчлагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх" эрхгүй байхаар хуульчилсан нь төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрийн шаардлага хангуулахаар гаргуулсан эд хөрөнгө худалдан борлогдоогүй, уг эд хөрөнгөөс өөр хөрөнгө байхгүй тоохиолдолд төлбөр авагчид хөрөнгө санал болгох ажиллагааны нөхцөлийг тодорхойлсон байна.

Уг ажиллагааны зорилго нь төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, өөрт ашиг, орлого бий болгохуйц эд хөрөнгийг авах, эсхүл өндөр үнийн дүнтэй хөрөнгийг өөрийн бага төлбөрийн шаардлагад нийцүүлэн авах төлбөр авагчийн шаардлагыг хуулиар хязгаарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын тэгш эрхийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэгдсэн." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ: 1. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад иргэн А.Базар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 болон 73.4 дэх хэсэгт "... худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, ..." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болно. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчсөн байна. Учир нь дээр дурдсан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан гүйцэтгэх баримт бичгийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр авагч хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр дахин хандах эрх зүйн боломжийг үгүйсгэж, төлбөр авагчийн эрхийг бүрэн хязгаарласан заалт болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үр дагаврыг бий болгож, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн зарчмыг зөрчсөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэж заасан нь төлбөр авагчийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлоо бодитоор сэргээлгэх хууль зүйн баталгааг үгүй болгосон гэж үзэж байна. 3. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаахаар заасан нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн дуусгавар болгох эрх зүйн үр дагаврыг бий болгохооргүй байх бөгөөд иргэдийн мэдээлэлд дурдсан Үндсэн хуулийн зөрчигдсөн гэх заалтад шууд хамааралгүй гэж үзэхээр байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад "төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан;", 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт "... Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.", 73.4 дэх хэсэгт "...Төлбөр авагч татгалзсан бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна. 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль зүйн техникийн хувьд засаж залруулах шаардлага байгаа талаар дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэж заасны "... 31.1.2 ..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчсөн байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ..." гэж заасныг зөрчөөгүй байна. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад "төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан;", 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт "... Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.", 73.4 дэх хэсэгт "...Төлбөр авагч татгалзсан бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй." гэж заасны "... 31.1.2 ..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 6. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР ГИШҮҮД Н.ЧИНБАТ Д.ГАНЗОРИГ Ш.ЦОГТОО Б.БУЯНДЭЛГЭР