Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2018 оны 6 дугаар сарын  15-ны өдөр                                                                     Дугаар 02                                                                                        Улаанбаатар хот                                                                                        

     Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны

      12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох

     заалтыг зөрчсөн эсэх маргааныг

     эцэслэн шийдвэрлэсэн тухай


Үндсэн хуулийн цэцийн

                                                                                                          хуралдааны танхим 16.15 цаг

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Д.Одбаяр даргалж, гишүүн Н.Чинбат, Д.Ганзориг, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар О.Мөнхзулыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан болон Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа нар оролцлоо.

 

            Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Нэг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Сүхбатаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:

 

“Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжаар Лхагвасүрэнгийн Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилжээ. Гэвч Засаг даргаар томилогдсон Л.Ганболдын төрийн албанд ажилласан байдал нь тогтоогдохгүй байгаа бөгөөд “Лидеркашемир” ХХК болон Монгол Ардын Намын хороонд ажиллаж байсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5.2 дахь заалтад Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

Тодруулбал, Л.Ганболдыг төрийн албанд огт ажиллаагүй байхад, дээрх хуулийг зөрчин Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр захирамжаар томилогдсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

 

           “Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж заасан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т заасан журмаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж тус тус хуульчилсны дагуу Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжаараа Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон.

 

            Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь 2009-2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орон нутгийн бодлогын зөвлөхөөр, 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтад зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал нь төрийн албаны улс төрийн албан тушаалд хамаардаг тул Л.Ганболдын 2009-2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орон нутгийн бодлогын зөвлөхөөр ажилласан хугацаа нь төрийн алба хаасан хугацаанд хамаарч байна.

 

            Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж заасан. Засаг дарга Л.Ганболдын 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажилласан хугацаа нь дээрх хуулийн үндэслэлийн дагуу төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдож байна.

 

            Түүнчлэн, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Л.Ганболдыг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлэхдээ Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3/1495 дугаартай албан бичгийг хавсарган ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “Л.Ганболдын намын байгууллагад ажилласан жилийг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд ажилласнаар тооцож болно.” гэж дурдсан байна.

            Л.Ганболдын дээр дурдсан ажилласан байдлаас үзэхэд түүний төрийн албанд ажилласан хугацаа 7 жил байх бөгөөд тэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангасан тул Ерөнхий сайд “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон болно.

 

            Дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох бичиг баримтыг үндэслэн гаргасан “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно.” гэжээ.

 

            Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 04 дүгээр дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

 

“1. Иргэн Б.Сүхбат 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг хуулийн шаардлага хангаагүй байхад томилсон гэсэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан болно.

 

Үндсэн хуулийн цэцэд уг мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаад 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дунд суудлын хуралдааныг зарлан хуралдуулахад Б.Сүхбат нь уг хуралдаанд заавал биечлэн оролцох хүсэлт гарган хойшлуулсан болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дахин 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зарлан хуралдуулахад иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаад, татгалзсан шалтгаанаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирж тайлбарлах байсан боловч уг хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно.” гэж заасныг үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэсэн заалтыг Цэцийн дунд суудлын хуралдаан хэрэглэж болно гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн болно.

 

2. Иргэн Л.Ганболд нь 2009-2013 оны хооронд Аймгийн Засаг даргын орон нутгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилласан гэх хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулаагүй буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” байх гэсэн шаардлагыг хангаагүй болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

                                   

3. Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байх ба дээрх зүйлд заасан 1994 оны Төрийн албаны тухай хууль нь 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болсон байна.

 

            Л.Ганболдын 2013-2016 онуудад Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан хугацааг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтлан төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

           

 4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүнийг Засаг даргаар томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

 

            Харин Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

                                                                                                            Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

1. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна.

 

2. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.” гэсэн байна.

 

            Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд гаргасан 25 дугаар тогтоолд:

 

            “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна.

 

            Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

           

            “... Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн аваагүй бөгөөд ийнхүү авахгүй гэж үзэх болсон үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

 

            Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлага хангаагүй хүнийг томилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.

 

            Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Л.Ганболд нь 2013-2016 онуудад Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын Их Хурлаас 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчингүй болгосон тул Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн адил хүчингүй болсон гэж дурджээ.

 

            Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгааг нотлох дараах 5 үндэслэл байна. Үүнд:

 

            1/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг билээ.   Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд 1994 оны Төрийн албаны тухай хуулийг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүчингүй болсонд тооцох тухай хууль батлан хүчингүй болгосон байна. Харин 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон аливаа хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргаагүй байна.

 

            2/ Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан нь гагцхүү 1994 оны Төрийн албаны хууль хүчин төгөлдөр болох өдөртэй зэрэгцэн хүчин төгөлдөр болох агуулгыг илэрхийлсэн, харин энэхүү хуулийг дагаж хүчингүй болох талаарх агуулгыг багтаагаагүй байна.

 

            3/ Монгол Улсын Үндсэн хууль, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хууль тогтоомжийн тухай хууль, энэ хууль батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль болон өөр аль ч хуульд “эх” хууль хүчингүй болсноор түүнийг “дагаж мөрдөх журмын тухай” хууль хүчингүй болсонд тооцно гэсэн хэм хэмжээ байхгүй бөгөөд гагцхүү Улсын Их Хурлаас хууль батлах замаар аливаа хууль хүчингүй болдог. Иймд 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон тул 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн адил хүчингүй болсон гэж үзэх үндэслэл Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд байхгүй байна.

 

            4/ 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн албан хаасан хугацаатай адилтган тооцно.” гэж заасан нь одоог хүртэл иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тэдгээрийн ажилласан жилийг тооцоход хэрэглэгдэж байгаа зохицуулалт юм ...

 

         5/ 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж заахдаа ямар цаг үед намын байгууллагад ажилласан байх талаар нарийвчлан заагаагүй тул одоогийн Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байгаа иргэдэд ч мөн адил үйлчилж байх үүднээс хугацааг нарийвчлан заагаагүй гэж үзэхээр байна. Иймд 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа тул Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчөөгүй гэж Улсын Их Хурал үзсэн болно.

 

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн “Үндэслэл” хэсэгт мэдээлэл гаргагч иргэн мэдээллээсээ бүхэлд нь татгалзах хүсэлт гаргасан хэдий ч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болно.” гэж заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэсэн заалтыг Цэцийн дунд суудлын хуралдаан хэрэглэж болно гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн талаар дурджээ.

 

            Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйл нь “Цэцийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх” гэсэн гарчигтай бөгөөд 2 дахь хэсгийн эхний өгүүлбэрт “Цэцийн шийдвэр ...” гэж зааснаас үзэхэд цэц шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн заалттай харшлаагүй бусад хуулийн заалтыг удирдлага болгож болохоор заасан. Харин хуралдаан явуулах процессын ажиллагаанд бусад хуулийн заалтыг удирдлага болгохоор заагаагүй байна. Үүнийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай процессын хуулиудын “зорилт” хэсгээс тодорхой харах боломжтой байгаа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлд хамаарсан болохыг мөн дурдаж байна.

 

            Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно.” гэсэн байна.

 

            ҮНДЭСЛЭЛ:

 

            1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэдэг бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтыг удирдлага болгон Дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            2. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилох харилцааг Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлээр зохицуулж, эрх зүйн үндсийг тогтоожээ. Үндсэн хуульд заасан уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр гаргасан Ерөнхий сайдын шийдвэрт холбогдох маргааныг Үндсэн хуулийн цэц хэлэлцэн шийдвэрлэж дүгнэлт гаргах бүрэн эрхтэй.

 

            3. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хуулийг батлан гаргасан зорилго, тухайн хуулиар зохицуулах харилцааны мөн чанараас үзэхэд 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнөх буюу шилжилтийн үеийн цаг хугацаанд хамаарах харилцааг зохицуулахад хэрэглэхээр байна.

 

            Түүнчлэн, 1994 оны Төрийн албаны тухай хууль батлагдахаас өмнө холбогдох албан тушаал эрхэлж байсан иргэдийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг дордуулахгүй байх зорилгоор Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хууль нь эдүгээ хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэхээр байна.

 

        Иймд Л.Ганболдын 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажилласан хугацаа нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байх тул энэ хуулийг баримтлан төрийн албанд ажилласан хугацаанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            4. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.

 

             5. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.” гэж заажээ. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заагаагүй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ НЬ:

 

            1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтад нийцээгүй байх тул хүчингүй болгосугай.

 

            2. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 25 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    Д.ОДБАЯР

                                         ГИШҮҮД                                    Н.ЧИНБАТ

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ш.ЦОГТОО

                                                                                           Д.СОЛОНГО

                                                                                           Б.БУЯНДЭЛГЭР

                                                                                           Г.ТУУЛХҮҮ

                                                                                           Ш.СОЛОНГО

                                                                                            Ц.НАНЗАДДОРЖ