Хэвлэх DOC Татаж авах
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 218

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймгуудын цаг үеийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээнд шаардагдах 900.0 (есөн зуун) сая төгрөгийг  Засгийн газрын нөөц сангаас гаргаж, 1 дүгээр хавсралтад заасан хэмжээгээр аймгуудын Засаг даргын Тамгын газарт хуваарилан олгохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн заавал бэлтгэн бүрдүүлэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

3. Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3.1. Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь шуурхай авч ажиллах;

3.2. Энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах;

3.3. Бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх асуудлыг өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай гэрээ байгуулан зохион байгуулах;

3.4. Хадлангийн талбайг  нэмэгдүүлэх, хаших, хамгаалах, тэжээлийн ургамал тариалах, усжуулах ажлыг аймаг, орон нутгийн малчдын бүлэг, хоршоо, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулан зохион байгуулах;

3.5. Зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх, өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ, хэлэлцээр хийж зохицуулах;

3.6. Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчний эсрэг дархлаажуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;

3.7. Агаарын хуурайшилт их байгаатай холбогдуулан зун, намрын отор хийх газар, нутгуудад улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгөөр шинээр худаг гаргах ажлыг шуурхай зохион байгуулах;

3.8. Бэлчээрийн хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажилд улсын төсвийн хөрөнгөөс гадна орон нутгийн төсөв, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс зарцуулах, малчдын өөрсдийн санаачлагыг дэмжин, удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах;

3.9. Малын хашаа, саравч, худаг, уст цэгээ засварлах, тохижуулах, түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнсний нөөц бүрдүүлэх зэргээр малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах, ажлыг зохион байгуулах; 

3.10. Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах;

3.11. Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нөөц бүрдүүлэх зорилгоор шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түргэн тусламжийн машины засвар үйлчилгээг хийж, бүрэн бүтэн байдлыг хангах;

3.12. Орон нутагтаа болон отроор өвөлжиж (хаваржиж) байгаа малчдын судалгаанд үндэслэн эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх хуваарь гаргах, ялангуяа амаржих дөхсөн болон эрсдэлтэй жирэмсэн эхийг аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын тогтмол хяналтад байлгах, бага насны хүүхдийг дархлаажуулах явуулын баг ажиллуулах;

3.13. Малчид, орон нутгийн удирдлага болон мах, гурил, тэжээлийн үйлдвэрийн 3 талт гэрээ байгуулж, мал, мах борлуулах, хүнс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

3.14. Нийт нутгаар хуурайшилт ихтэй байх цаг уурын урьдчилсан мэдээг үндэслэн хадлангийн талбайг орон нутгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, говийн аймгуудад гэрээ, түрээсээр ашиглуулах ажлыг зохион байгуулах.

4. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр орон нутгийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт үүрэг болгосугай.

5. Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр импортлогчдыг урих, гэрээ хэлэлцээрүүд хийх ажлыг эрчимжүүлэх, махны үйлдвэрүүдэд хийх аттестатчилал, итгэмжлэл, экспортын гэрчилгээ олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Түмэндэмбэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү нарт даалгасугай.

6. Гангийн нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн цаг уурын байгууллагуудыг бэлэн байдалд ажиллуулах, үүлэнд зориудаар нөлөөлөх орчин үеийн өртөг багатай технологийг судалж, нэвтрүүлэх, шаардагдах үүлэнд зориудаар нөлөөлөх пуужин, газрын генераторын тооцоо, судалгааг гарган улсын төсөвт тусгуулах, цаг уурын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

7. Хуурайшилт ихтэй, олон хоногоор хур тунадас орохгүй, хэт халалт үүссэн тохиолдолд гангийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, цасанд хаагддаг зам, давааны байршлын зураглал гаргаж, урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгаа хийхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд даалгасугай.

8. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг сар бүр, дүнг 2018 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                 Б.БАТЗОРИГ