A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 214

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5, Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмын 3.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.

2. Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа дулааны 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл (МОН-Р10)-ийн 1 дүгээр багцын гүйцэтгэгчээр ажиллах Япон Улсын "Yokogawa Elevtric Corporation" компанийн 10 ажилтан, мэргэжилтнийг 2018 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2018 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад шаардлагатай байгаа ажиллах хүчийг захиалгын дагуу хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ажилгүй иргэдээс зуучилж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваад, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ