Хэвлэх DOC Татаж авах
АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 279

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөрийн аманд “Их майдар цогцолбор”-ыг барьж байгуулах “Их майдар сан”-гийн 23, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хайлуур жонш олборлох, баяжуулах үйл ажиллагаа эрхлэх “Монголжүюаньли” ХХК-ийн 8, Дундговь аймгийн Баянжаргалан суманд Мануултын жоншны уурхайд далд аргаар олборлолтын үйл ажиллагаа эрхлэх “Үнэн анд” ХХК-ийн 8, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай байгуулсан гэрээний дагуу ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Англи хэлний институт” төрийн бус байгууллагын 1, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншандын нүүрсний уурхайг түшиглэн нүүрс угаах үйлдвэр ажиллуулах “Өсөх зоос” ХХК-ийн 30 гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй. 2. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан төлбөрт үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2018 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                           С.ЧИНЗОРИГ