A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 11 сарын 01-ний өдрийн 4016 дугаарт бүртгэсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 317

Улаанбаатар

ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.1, 2.2, 2.3 дахь заалт, Засгийн Газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн "Төв, суурин газрын 2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай" 187 дугаар тогтоолын 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2018 оны 11дүгээр 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

2.Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосугай.

3.Нийслэлийн гэр хорооллын бүсэд оршиххоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлсүгэй.

4.Цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай" 317, 318 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай" 433, 434 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т үүрэг болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО