A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

           

2006 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                           Улаанбаатар

сарын 21-ний өдөр                                                                                                        Дугаар 53                                                                                                                             хот

 

 

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 44, 45, 46 ДУГААР

БҮЛЭГ, БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН

МӨНГӨН ХАДГАЛАМЖ,ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРЧИМ

ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

НЭГ. ТӨЛБӨР ТООЦОО

1.1.Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д заасан “бэлэн бусаар хийх төлбөр тооцоо” гэдэг нь харилцагч иргэн, хуулийн этгээдийн бэлэн бус төлбөр тооцоог банк, эрх бүхий хуулийн этгээд тооцооны баримтын үндсэн дээр харилцагчийн дансаар дамжуулан, тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцааны үүргийн дагуу гүйцэтгэхийг хэлнэ. Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог энэ зүйлийн 445.3-т зааснаар гүйцэтгэнэ.

1.2.Мөн зүйлийн 445.2-т заасан “бэлнээр хийх төлбөр тооцоог банк, эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэж болно” гэдгийг иргэн, хуулийн этгээд үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтээр бэлнээр хийх төлбөр тооцоог хоорондоо шууд хийхээс гадна банк, эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх боломжтой гэж ойлгоно.

1.3.Мөн зүйлийн 445.4-т заасан “төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ” гэдэг нь төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг бүхий банк, эрх бүхий хуулийн этгээдээс харилцагч талуудтай байгуулсан төлбөр тооцооны гэрээний дагуу зөвхөн харилцагчийн бичгээр өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр төлбөр тооцоо гүйцэтгэхийг хэлнэ.

1.4.Мөн зүйлийн 445.5-д заасан “дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй” гэдгийг харилцагч иргэн, хуулийн этгээд нь банк, эрх бүхий хуулийн этгээдэд байршуулсан дансан дахь мөнгөн хөрөнгөө өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй бөгөөд харин банк, эрх бүхий хуулийн этгээд түүний мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахад нь хувь, хязгаар тогтоож, биелэлтийг нь тооцож хянах зэргээр эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж ойлгоно.

1.5.Мөн зүйлийн 445.6-д заасан “Банк, эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчийн төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгах эрхтэй” гэдэг нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээдийн төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэр, түүнийг бичсэн он, сар, өдөр, төлбөр төлөгч, төлбөр авагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийн үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүн, тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан эсэхийг шалгахыг хэлнэ.

1.6.Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.4-т заасан “хуульд зааснаас бусад тохиолдолд данс, гүйлгээтэй холбоотой нууцыг задруулахгүй байх” гэдгийг харилцагчийн дансны үлдэгдэл, түүний гүйлгээтэй холбоотой аливаа мэдээ, мэдээллийг тухайн дансыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд задруулж болохгүй гэж ойлгоно. Харин хуулиар тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зохих мэдээлэл өгөхийг нууц задруулсан гэж үзэхгүй.

1.7.Мөн зүйлийн 446.1.6-д заасан “харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх” гэж харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг, зөвшөөрлийн дагуу тогтоосон цаг хугацаанд нь мөнгөний гүйлгээ хийх, тэдгээрийн төлбөр тооцоог хязгаарлаж саатуулахгүй байх зэргээр харилцагчийн төлбөр тооцооны үйл ажиллагааг хэвийн явуулахыг хэлнэ.

1.8.Иргэний хуулийн 447 дугаар зүйлийн 447.1.2-т заасан “мөнгөн төлбөрийн гүйлгээг гүйцэтгэхээс өмнө төлбөрийн даалгавраа цуцлах” гэдэгт банк, эрх бүхий хуулийн этгээдээр бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгүүлэхээр төлбөрийн даалгавар өгсөн харилцагч нь уг төлбөрийн даалгаврын дагуу мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхээс өмнө хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд ийнхүү цуцалсан тухайгаа төлбөр тооцоо гүйцэтгэгчид зохих ёсоор мэдэгдсэн байхыг ойлгоно.

1.9.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-т заасан “төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээд” гэдэгт хууль, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах гэрээ, байгууллагын дүрэм зэрэг баримт бичгээр тухайн этгээдийн мөнгөн хөрөнгийг зарцуулах бүрэн эрх олгогдсон албан тушаалтан болон Иргэний хуулийн долдугаар бүлэгт заасан журмын дагуу итгэжлэлийн үндсэн дээр төлөөлөх эрх олгогдсон этгээдийг тус тус хамааруулна.

ХОЁР.БАНК, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХ

БҮХИЙ ЭТГЭЭДЭЭС ЗЭЭЛ ОЛГОХ.

2.1.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан “зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэдэг нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд уг гэрээнд зээлийн хүү, түүний хэмжээг тодорхой тусгахыг хэлнэ. Харин уг гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосон гэж үзнэ.

2.2.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан “үндсэн хүү” гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ.

2.3.Мөн зүйл, заалтын “үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгэдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно.

2.4.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү…төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ.

 Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ.

2.5.Мөн зүйл, заалтын “гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ.

2.6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасан “барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй” гэдэг заалтыг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ.

а)“Барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг барьцааны гэрээнд заасан үнэ ханшаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байхыг хэлнэ.

б)Барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч “захиран зарцуулах эрхтэй” гэдэгт зээлдэгч нь авсан зээлээ буцаан төлөх гэрээгээр тохиролцсон хугацаа дуссан өдрөөс эхлэн гэрээнд заасан нөхцлийг үндэслэн Иргэний хуулийн 158, 163 дугаар зүйлд заасан журмын дагуу барьцааны зүйлийг захиран зарцуулж, төлбөрөө барагдуулахыг ойлгоно.

в)Харин үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах буюу шүүхээс тогтоосон өөр хэлбэрээр худалдана.

ГУРАВ.МӨНГӨН ХАДГАЛАМЖ

3.1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан “хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох” гэдгийг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчаас үндэсний болон гадаад валютын хадгаламж авч болох бөгөөд түүнийг буцаан олгохдоо хүүгийн хамт тухайн мөнгөн тэмдэгтээр олгох үүрэг хүлээнэ гэж ойлгоно.

3.2.Мөн зүйлийн 454.3-т заасан мөнгөн хадгаламжийн гэрээг “…бичгээр байгуулна” гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу хадгалагчаас хадгалуулагчид мөнгөн хадгаламжийн дэвтэр, сертификат болон бусад хэлбэрийн баримт бичиг олгохыг хэлнэ.

Хадгалагчаас олгосон энэхүү баримт бичиг нь ямар ч хэлбэртэй байсан түүнд хадгалуулах мөнгөн хөрөнгийн дүн, хугацаа, хүү тооцох журам, гэрээг цуцлах нөхцөл, хугацаатай мөнгөн хадгаламжийг хугацаанаас нь өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хүүг өөрчлөх нөхцөл, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн төлөө талуудын хүлээх хариуцлагын талаар заавал тусгана.

Эдгээр шаардлага нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 8 дугаар зүйлийн 1-д тус тус заасан “сертификат зэрэг үнэт цаас” гэдэгт нэгэн адил хамаарна.

3.3.Мөн зүйлийн 454.5-д заасан “хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийн нууцыг хадгалах” гэдэгт банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрийн албан тушаалтнаас хадгалуулагчийн дансанд хэдий хэмжээний мөнгө, ямар төрлийн хадгаламж байгаа зэрэг мэдээллийг бусдад задруулахгүй байхыг хэлнэ.

Мөн заалтын хадгалуулагчийн “холбогдох гүйлгээний талаарх мэдээллийг задруулахгүй байх” гэдэгт банк, мөнгөн хадгаламж эрхлэх эрх бүхий этгээд, тэдгээрийн албан тушаалтнаас хадгалуулагч ямар зориулалтаар хэдий хэмжээний мөнгийг шилжүүлсэн болон бэлнээр авсан зэрэг мэдээллийг бусдад задруулахгүй байхыг ойлгоно.

3.4.Мөн зүйлийн 454.8-д заасан “мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэдгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны алинд ч үл хамаарна гэж ойлгоно.

3.5.Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-д заасан “гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцааж авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно” гэдгийг мөнгөн хадгаламжийн дэвтэр, түүнтэй адилтгах хэлбэрээр байгуулсан гэрээнд заасан хадгалах хугацаа дууссан тохиолдолд хадгалуулагч хадгалсан мөнгөө буцаан авах буюу гэрээг дахин сунгах шаардлага тавиагүй бол уг мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцох хэмжээгээр бодно гэж ойлгоно.

Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 8 дугаар зүйлийн 1-д тус тус тодорхойлсон сертификат зэрэг үнэт цаасны хэлбэрээр байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний нөхцөл болгон тусгайлан тохиролцоогүй бөгөөд түүний хугацаа дууссан бол уг гэрээг сунгагдсанд тооцохгүй.

3.6.Мөн зүйлийн 455.4-т заасан “тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй” гэдгийг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгаламжийн хугацаатай гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний хугацаа дуусахаас өмнө аливаа шалтгаан зааж, нэг талын санаачилгаар хадгаламжийн хүүг бууруулах буюу хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтойгоор гэрээнд өөрчлөлт оруулах буюу цуцлах эрх эдлэхгүй гэж ойлгоно.

3.7.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т заасан “мөнгөн хадгаламжийн хүү, хугацааг ниитэд зарлах” гэдэг нь хугацаатай мөнгөн хадгаламжийн хугацаа, хүүгийн хувь, хүү бодож олгох нэгж хугацаа, хугацаагүй хадгаламжийн хүүгийн хувь, түүнийг бодож олгох нэгж хугацаа, сертификат зэрэг үнэт цаасны хэлбэртэй мөнгөн хадгаламжийн хугацаа, хүүгийн хувийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлэхийг хэлнэ.

3.8.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д заасан “хэрэв мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан бол …уг гэрээний хугацааг тодорхой хугацаагаар сунгаж болно” гэдэгт мөнгөн хадгаламжийн гэрээг анх байгуулахдаа хадгалагч, хадгалуулагч талууд тохиролцон тогтоосон хугацаа дууссан тохиолдолд түүнийг ямар журам, хугацаагаар сунгахыг гэрээний нөхцөл болгон заасан бөгөөд энэ тохиолдолд гэрээ нь түүнд заасан нөхцөл, хугацаагаар шууд сунгагдсанд тооцогдохыг ойлгоно.

Харин хадгалагч, хадгалуулагч талууд хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг сунгах журам, хугацааг гэрээндээ заагаагүй бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа түүнийг тухайн нөхцөлөөр үргэлжлүүлэхээр тохиролцсон бол мөнгөн хадгаламжийн гэрээг шинэчлэн байгуулсан гэж үзнэ.

 3.9.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 8-д заасан “хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас нь өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэдгийг хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд хадгаламжийн хүүг бууруулах заалтыг анх байгуулсан гэрээнд заавал тусгасан байх шаардлагатай гэж ойлгоно. Ийнхүү гэрээндээ тусгасан бол хүүг тэр хувиар, тусгаагүй бол анхны гэрээнд заасан хэмжээгээр тооцно.

3.10.Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хугацааг дуустал анх тохиролцсон хэвээр байна” гэдэг нь мөнгөн хадгаламжийн гэрээгээр мөнгө хадгалж буй банк, эрх бүхий хуулийн этгээд гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгаламжийн хүүгийн хэмжээг нэмэгдсэн, багасгасан хийгээд мөнгөний хуваарьт өөрчлөлт орсон, зайлшгүй тохиолдлоор гүйлгээ хийгдсэн зэрэг шалтгаанаар гэрээгээр тохирсон хугацаа дуусахаас өмнө хадгалагч өөрөө өөрчлөн тогтоох эрхгүй болохыг хэлнэ.

3.11.Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасан “…энэ тухай нийтэд мэдэгдсэнээс хойш нэг сарын дараа тодорхой бус хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнд тооцно” гэдгийг хугацаагүй мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай хадгалагч банкны төв байгууллагын шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн өдрөөс нэг сарын дараа тодорхой бус хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүү зарласан хэмжээгээр өөрчлөгдсөнд тооцно гэж ойлгоно.

3.12.Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан “хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс “учирсан хохирол” гэдэгт банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс түүний зөвшөөрөлгүй буюу төлбөрийн даалгаваргүйгээр гүйлгээ хийсэн, гэрээнд заасан нөхцөлийн дагуу анхны шаадлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргээ биелүүлээгүй, хүүгийн хэмжээг үнэн зөв бодож олгоогүй, хадгалмжийн нууцыг задруулсан болон хадгалуулагч талтай бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээгээр тохиролцсон бусад үүргээ биелүүлээгүй зэргээс хадгалуулагчид учирсан хохирлыг хамааруулна. Хадгалуулагчид учирсан хохирол бодитой байх шаардлагатай бөгөөд тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн учирсан хохирлыг арилгуулахаар банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд гомдол, шаадлага гаргах болон шүүхэд мэдүүлэх эрхтэй. Энэ нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 9-д заасан “хохирол”-д нэгэн адил хамаарна.

 Харин хуульд заасны дагуу шүүх, арбитр зэрэг эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйлгээ хийгдсэн бол хадгалагчийг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

3.13.Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасан “хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах” гэдэг нь банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зүгээс харилцагчдын данс, хадгаламж, гүйлгээтэй холбогдох мэдээлэл, тэдгээрийн тоо хэмжээ, гүйлгээний утгыг аливаа сонирхсон этгээдэд мэдээлэхгүй байхыг хэлнэ.

ДӨРӨВ. БАНКНЫ БАТАЛГАА

4.1.Иргэний хуулийн 457 дугаар зүлйин 457.2-т заасан “баталгаа гаргагч банк, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ” гэдгийг банкны хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгч ямар үүрэг хүлээснээс хамаарахгүй бөгөөд харин үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үндсэн үүрэг болох мөнгөн төлбөрийг баталгааны гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж ойлгоно.

4.2.Мөн зүйлийн 457.3-т заасан “гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч банк нь нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхгүй” гэдгийг банкны баталгааны гэрээг цуцалж болохоор уг гэрээний нөхцөлд тодорхойлсноос бусад үндэслэлээр банкны санаачилгаар баталгааны гэрээг цуцлахгүй гэж ойлгож хэрэглэнэ.

4.3.Мөн зүйлийн 457.4-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд өөрөөр заагаагүй бол банкны баталгааны талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлж болохгүй” гэдэг нь банкны баталгааны гэрээнд заасны дагуу банкнаас мөнгөн төлбөр авах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгч нь эрхээ бусдад шилжүүлж болох нөхцлийг уг гэрээндээ тодорхойлон зааснаас бусад үндэслэлээр банкны батлагааны талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлэхгүйг хэлнэ.

4.4.Мөн зүйлийн 457.6-д заасан “шаардлагыг банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд гаргана” гэдэгт үүрэг гүйцэтгэгч этгээд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгийн хэлбэрээр шаардах бөгөөд энэхүү шаардлагыг ямар хугацаанд гаргаж болох талаар банкны баталгааны гэрээнд тодорхой тусгаж, зөвхөн гэрээнд засан хугацааны дотор баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг шаардахыг ойлгоно.

4.5.Мөн зүйлийн 457.8-д заасан “ердийн боломжит хугацаа” гэдэг нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцэж байгаа эсэхийг баталгаа гаргагч банк шалган тогтооход шаардагдах хугацааг хэлнэ.

4.6.Мөн зүйлийн 457.10-т заасан “банкнаас мөнгөн төлбөр төлөхийг дахин шаардвал банк шаардлагыг хангаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ” гэдэгт баталгаа гаргасан банк нь үүрэг гүйцэтгүүлэгчид банкны баталгааны талаар дараах зүйлийг нэн даруй мэдэгдэхийг ойлгоно. Үүнд:

а/Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг банк хүлээн авсан боловч түүнийг хангахаас өмнө үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол энэ тухай мэдэгднэ.

б/Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэснээс бусад үндэслэлээр тухайн үүрэг нь дуусгавар болсон бол энэ тухай мэдэгдэнэ.

в/Тухайн үүрэг хүчин төгөлдөр бус болсон бол мөн үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ.

Эдгээр үндэслэлээр мэдэгдэл гаргасан боловч үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс банкинд баталгааны гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу мөнгөн төлбөрийг төлөхийг банкнаас дахин шаардсан тохиолдолд банк гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангана.

4.7.Мөнд зүйлийн 457.11-д заасан “баталгаа гаргагч банкны хүлээх хариуцлага гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдана” гэдэг нь банкы баталгааны гэрээнд тухайн банкны хариуцан төлөх мөнгөний хэмжээ, төлбөрийг гүйцэтгэх хугацаа, хүлээх хариуцлагын талаар тодорхой тусгах бөгөөд банкны төлөх төлбөр гэрээнд заасан хэмжээгээр хязгаарлагдахыг хэлнэ.

Харин банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүлээх хариуцлага энэ хязгаар хэмжээнээс хамаарахгүй бөгөөд Иргэний хуульд заасны дагуу ердийн журмаар хариуцлага хүлээнэ.

4.8.Мөн зүйлийн 457.16-д заасан “баталгаа гаргагч банк гэрээний нөхцөлийг зөрчиж үүрэг гүйцэтгүүлэгчид төлбөр төлсөн” гэдгийг баталгаа гаргагч банк нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичгийг нягталж шалгах үүргээ биелүүлээгүй, эсхүл тэдгээр нь гэрээний болзол, нөхцөлд нийцээгүй болохыг мэдсээр байж мөнгөн төлбөр төлсөн, түүнчлэн гэрээнд заасан хугацаанд гаргаагүй шаардлагыг үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэлгүйгээр хүлээн авч хангасныг ойлгоно.

ТАВ. БАТЛАН ДААЛТ

5.1.Батлан даалт гэдэг нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцах үүрэг хүлээнэ.

5.2.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.2-т заасан “ирээдүйд бий болох” гэдгийг талууд батлан даалтын гэрээ байгуулах үед үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь хараахан үүсээгүй, үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд ирээдүйд хариуцлага хүлээхээр үүрэг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн хэлцлийг ойлгоно.

5.3.Мөн заалтын “болзол бүхий үүрэг” гэж гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан нөхцөл, болзол зааж, харилцан тохиролцсоны үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчээс хүлээж буйг хэлнэ.

5.4.Мөн зүйлийн 458.4-т заасан “үндсэн үүрэг” гэдэг нь гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу бий болсон үүргийг хэлнэ.

5.5.Мөн зүлйин 458.5-д заасан “батлан даалтын гэрээг байгуулсны дараа үүрэг гүйцэтгэгчийн хийсэн хэлцлээс бий болох үр дагаврыг батлан даагч хариуцахгүй” гэдгийг батлан даагч нь зөвхөн батлан даалтын гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хариуцна гэж ойлгоно. Батлан даалтын гэрээ байгуулснаас хойш үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад этгээдтэй хийсэн хэлцэл, түүний үр дагавар нь батлан даагчийн үүрэгт хамаарахгүй.

5.6.Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.2-т заасан “ажил үүргийнхээ хүрээнд батлан даалт гаргасан “ гэдэг нь тухайн батлан даалт гаргасан этгээд ажил үүргийн хувьд тухайн үүргийг хариуцан гүйцэтгэх буюу уг үүргийн гүйцэтгэлийг хариуцан хангуулах үүрэгтэй байхыг хэлнэ.

5.7.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан “нөхөх хариуцлага” гэдэгт үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ.

5.8.Мөн зүйлийн 460.4-т заасан “батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэдэгт батлан даалтын гэрээнд батлан даагчийн хүлээх хариуцлагын хэмжээ, төлбөрийн дүнг тодорхой заасан тохиолдолд хариуцлага хүлээхийг ойлгох бөгөөд уг хэмжээг тогтоохдоо үүрэг гүйцэтгэгчийн хариуцвал зохих үндсэн өр, гэрэнд заасан анз, учирсан гэм хор, гэрээ дуусгавар болохтой холбогдон гарсан зардал, үүрэг гүйцэтгэгч гэрээний дагуу төлөх хүү, шүүхийн зардал зэргийг хамааруулан үзнэ.

ЗУРГАА. ТООЦОО НИЙЛЭХ

6.1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан “тооцоо нийлэх гэрээ” гэдэгт талуудын хоорондох ажил хэргийн харилцаанаас үүссэн үйл ажиллагааны үр дүнд гарах төлбөр тооцоог хэдийд харилцан тохиролцож дүгнэх, төлбөрийн үлдэгдэл гарвал үүрэг хүлээгч тал хэрхэн барагдуулах зэргээр талууд урьдчилан тохиролцсоноо бичгээр илэрхийлснийг ойлгоно.

6.2.Мөн зүйлийн 466.2-т заасан “тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ” гэдэг нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар талуудын байгуулсан тооцоо нийлэх гэрээг дүгнэсний дараа тооцооны үлдэгдлийг шаардах эрх үүсэхийг хэлнэ.

6.3.Мөн зүйлийн 466.4-т заасан “тооцоог жилд нэг удаа хаана” гэдгийг талуудын хооронд байгуулсан тооцоо нийлэх гэрээнд тооцоо нийлэх хугацааг заагаагүй тохиолдолд жилд нэг удаа тооцоо нийлнэ гэж ойлгоно.

6.4.Мөн зүйлийн 466.5-д заасан “төлбөрт хүү тооцож болно” гэсний дагуу тооцоо нийлэх гэрээнд талууд хүү төлөхөөр тохиролцсон нөхцөлд хүүг уг тохиролцсон нөхцлийн дагуу тооцно.

6.5.Мөн зүйлийн 466.6-д заасан “аль нэг аргаар хангасан бол” гэдгийг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг хамааруулан ойлгох бөгөөд талууд тооцоо нийлэх гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аль нэг аргыг сонгож, тухайн аргаар тооцооны үлдэгдлийг төлөхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болно.

 

 

                                                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                       

                                                                                                                   ШҮҮГЧ                                       А.ДОРЖГОТОВ

 

                                                                                                                                                                       Л.БЯМБАА