A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

АЖЛЫН БАЙРНЫ АТТЕСТАТЧИЛЛЫН ДҮНГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан ажлын байраар хангах, үйлдвэрлэлийн орчныг сайжруулахад чиглэгдсэн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлыг бууруулах талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн ажлын байрны аттестатчиллын дүнгийн мөрөөр дараахь арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шийрэвдамба нарт үүрэг болгосугай:

1.1. аттестатчиллаар хангалтгүй дүн үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад илэрсэн зөрчлийг арилгуулах, аттестатчилалд хамрагдаагүй уул уурхай, барилгын салбарын зарим аж ахуйн нэгж, байгууллагад үзлэг шалгалт явуулах;

1.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн нөхцөлийн стандартыг хангуулах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хяналтыг эрчимжүүлэх;

1.3. Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн материаллаг баазыг бэхжүүлж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.

2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи анхан шатны мэдлэгийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиас эхлэн шат дараатай олгодог тогтолцоо бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай:

3.1. аттестатчилалд амжилттай сайн дүн үзүүлсэн байгууллага, хамт олны туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи шинэ санаачилга, ажлын зөв эхлэлийг нийтийн хүртээл болгох;

3.2. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг нийгмийн түншлэлийн талууд, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах;

3.3. аймгийн төвийн байгууллага, орон сууцны халаалтыг нэгдсэн системд шат дараатайгаар оруулах, нам даралтын зуухны тоог цөөрүүлэх, тэдгээрт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах;

3.4. зураг төсөл нь хянагдаагүй, хориотой бүс, зөвшөөрөлгүй газарт барилга байгууламж шинээр барих явдлыг таслан зогсоох, нэг хүнд ногдох ажлын байрны талбайн хэмжээ, барилга байгууламжийн чанар, стандартын хэрэгжилтэд орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас тавих хяналтыг сайжруулах;

3.5. нийслэлийн дүүргүүд болон Дархан-Уул, Орхон аймагт агааржуулалт хангалтгүй, байгалийн гэрэлтүүлэг хүрэлцээгүй, чийглэг ихтэй орон сууцны хонгилд ажил, үйлчилгээ явуулж байгаа байдалд хяналт тавьж, тэнд ажиллагсдын тоог бууруулах арга хэмжээ авах.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ