Хэвлэх DOC Татаж авах
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж

2.1.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал /цаашид “жолоочийн даатгал“ гэх/-ын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“жолооч” гэж автотээврийн хэрэгсэл болон мотоциклийг жолоодож яваа хүнийг;

3.1.2.“автотээврийн хэрэгсэл” гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д заасныг;

3.1.3.“даатгагч” гэж даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулж, уг гэрээнд заасан нөхцөл, хэмжээгээр хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн, жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;

3.1.4.“даатгуулагч” гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг;

3.1.5.“даатгуулагчийн итгэлийн түүх” гэж даатгагчаас даатгуулагчийн талаар хөтөлж байгаа мэдээллийг;

3.1.6.“жолоочийн даатгалын нөхөн төлбөр” /цаашид “нөхөн төлбөр” гэх/ гэж жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө болон даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй бол жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг;

3.1.7.“жолоочийн даатгалын сан” гэж жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуульд заасны дагуу байгуулсан санг;

3.1.8.”жолоочийн даатгалын сангийн шуурхай алба” /цаашид “шуурхай алба” гэх/ гэж даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогч иргэнээс жолоочийн даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг албыг;

3.1.9.“жолоочийн даатгалын тохиолдол /цаашид “даатгалын тохиолдол” гэх/” гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг;

3.1.10.“хохирогч” гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Даатгалын зарчим

4.1.Жолоочийн даатгал нь дараах зарчимд үндэслэнэ:

4.1.1.тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах;

4.1.2.хохирогчид нөхөн төлбөр олгох;

4.1.3.жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

4.1.4.зам, тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох.

Хэвлэх

5 дугаар зүйл.Даатгуулах этгээд

5.1.Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна.

5.2.Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно.

5.3.Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

Хэвлэх

6 дугаар зүйл.Даатгалд үл хамрагдах нөхцөл

6.1.Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын холбооны гишүүн орны даатгалын эрх бүхий байгууллагад даатгуулсан этгээд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байж болно.

6.2.Замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, тахар, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэлд энэ хууль хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.3.Хохирогч нь энэ хуулиар тогтоосон хэмжээнээс давсан хохирлыг жолооч болон буруутай этгээдээс нэхэмжилсэн бол уг давсан хэсэгт энэ хууль үйлчлэхгүй.

6.4.Энэ хуулийн 28.1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг жолоодон төрийн байгууллагад хүргэх, зөөж, шилжүүлэхэд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ГЭРЭЭ

7 дугаар зүйл.Даатгалын гэрээ, түүний хугацаа

7.1.Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна.

7.2.Даатгуулагч батлагдсан маягтын дагуу даатгагчид мэдүүлэг бөглөж өгнө.

7.3.Даатгалын гэрээг энэ хуулийн 7.4-т заасан стандарт, загварын дагуу бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

7.4.Даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загварыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

7.5.Даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй.

7.6.Даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгуулагчаас даатгалын хураамж төлснөөр хүчин төгөлдөр болно.

7.7.Даатгагч нь даатгалын гэрээний хугацаанд бий болсон уг гэрээтэй холбоотой бүхий л мэдээллийг даатгуулагчид үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

Хэвлэх

8 дугаар зүйл.Даатгалын баталгаа

8.1.Даатгалын гэрээ байгуулсан даруйд даатгагч нь гэрээ байгуулсныг гэрчлэх даатгалын баталгааг даатгуулагчид өгнө.

8.2.Жолооч нь даатгалын баталгааг автотээврийн хэрэгсэлд байнга байршуулж эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд шалгуулна.

8.3.Даатгалын баталгааны загвар, хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

9 дүгээр зүйл.Даатгалын үнэлгээ

9.1.Жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээ буюу даатгалын тохиолдол бүрд 1 удаа олгох нөхөн төлбөр нь дараах хэмжээтэй байна:

9.1.1.энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.5-д заасан тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг хүртэл;

9.1.2.энэ хуулийн 10.1.3, 10.1.4-т заасан тээврийн хэрэгслийн хувьд арван сая төгрөг хүртэл.

9.2.Даатгалын үнэлгээ нь энэ хуулийн 9.1-д заасан үнэлгээнээс өндөр байхаар даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд даатгалын хураамжийн хэмжээг даатгалын гэрээнд заасны дагуу энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно. 

Хэвлэх

10 дугаар зүйл.Даатгалын суурь хураамж

10.1.Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагч нь дараах даатгалын суурь хураамжийг төлнө:

10.1.1.“А” ангиллын тээврийн хэрэгсэлд 12 500 төгрөг;

10.1.2.“B” ангиллын тээврийн хэрэгсэлд 33 000 төгрөг;

10.1.3.“C” ангиллын тээврийн хэрэгсэлд 42 500 төгрөг;

10.1.4.“D” ангиллын тээврийн хэрэгсэлд 53 000 төгрөг;

10.1.5.“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэлд 12 500 төгрөг.

10.2.Энэ хуулийн 5.3-т заасан даатгуулагч 33 000 төгрөгийн даатгалын суурь хураамжийг төлнө.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Даатгалын хураамж

11.1.Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно:

11.1.1.тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;

11.1.2.өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;

11.1.3.даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;

11.1.4.даатгалын гэрээний хугацаа;

11.1.5.даатгалын хураамжийн хэ‎мжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг н‎э‎‎мэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;

11.1.6.тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;

11.1.7.тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;

11.1.8.тээврийн хэрэгслийн зориулалт;

11.1.9.чиргүүлтэй эсэх.

11.2.Даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ, НӨХӨН ТӨЛБӨР

12 дугаар зүйл.Даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол

12.1.Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:

12.1.1.сэтгэл санааны хохирол;

12.1.2.хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;

12.1.3.даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

12.1.4.энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан хохирлын нөхөн төлбөрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

13 дугаар зүйл.Жолоочийн хүлээх үүрэг

13.1.Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй:

13.1.1.жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;

13.1.2.даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;

13.1.3.даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;

13.1.4.даатгагч нь дампуурсан бол шуурхай албанд болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

13.2.Даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч дараах үүрэг хүлээнэ:

13.2.1.жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид мэдэгдэх;

13.2.2.даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

13.3.Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээд нь даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөж, гарын үсэг зурна.

13.4.Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.

13.5.Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна.

13.6.Даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хохирогчийн хүлээх үүрэг

14.1.Даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан бол хохирогч шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

14.2. Хохирогч нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөдөө учирсан хохирлыг нотлох бүх мэдээллийг даатгагч, шуурхай алба, даатгалын хохирол үнэлэгчид гаргаж өгөх үүрэгтэй.

Хэвлэх

15 дугаар зүйл.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн эрх, үүрэг

15.1.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгуулагч, хохирогчоос шаардах эрхтэй.

15.2.Даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд даатгагч, шуурхай алба нь даатгалын тохиолдол болсон газарт төлөөлөгчөө шуурхай илгээх үүрэгтэй.

15.3.Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө.

Хэвлэх

16 дугаар зүйл.Даатгалын тохиолдлыг шалгах

16.1.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй.

16.2.Даатгалын тохиолдол болсон газар нутгийн байршлыг харгалзан даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь энэ хуулийн 16.1-д заасан хугацааг хохирогч, даатгуулагчийн зөвшөөрлийн дагуу 10 хүртэл хоногоор сунгаж болно.

16.3.Хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгч нь даатгалын тохиолдлыг шалгах, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор тухайн автотээврийн хэрэгсэлд техникийн үзлэг хийж болно.

16.4.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь энэ хуулийн 16.1-д заасан хугацаанд даатгалын тохиолдлыг шалгаагүй, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийг томилоогүй бол даатгуулагч, жолооч, хохирогч нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч этгээдэд хандах эрхтэй.

16.5.Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцна.

16.6.Даатгалын тохиолдлыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6-д заасан даатгалын тохиолдлын тодорхойлолтыг үндэслэн тогтооно.

Хэвлэх

17 дугаар зүйл.Хохирлын хэмжээг тодорхойлох

17.1.Хуульд өөрөөр заагаагүй бол даатгагч, даатгалын хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно:

17.1.1.хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;

17.1.2.хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;

17.1.3.хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;

17.1.4.хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.

Хэвлэх

18 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох

18.1.Дараах үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно:

18.1.1.даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан;

18.1.2.даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан;

18.1.3.бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус;

18.1.4.даатгагч дампуурсан;

18.1.5.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Нөхөн төлбөр олгох

19.1.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, энэ хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

19.2.Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч, жолоочийн даатгалын сан нь энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

19.3.Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

19.4.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа хохирогчтой тохиролцсoны дагуу даатгалын үнэлгээнд багтаан эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.

19.5.Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.

19.6.Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч бүрд ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.

19.7.Хэд хэдэн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хэмжээнээс хэтэрсэн бол хохирогч бүрд олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.

19.8.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг сар бүр цагдаагийн байгууллагад ирүүлэх ба мэдээлэл ирүүлэх, түүнийг хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.9.Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.

19.10.Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагчийн тээврийн хэрэгслийг мөн хуулийн 5.3-т заасан даатгуулагч жолоодож байх үед үүссэн даатгалын тохиолдол бүрд нөхөн төлбөрийг даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар даатгагч тус бүр хариуцан төлнө.

Хэвлэх

20 дугаар зүйл.Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл

20.1.Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:

20.1.1.хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;

20.1.2.даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос;

20.1.3.даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас;

20.1.4.даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис х‎эрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагчаас;

20.1.5.хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.

20.2. Жолоочийн даатгалын сан нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:

20.2.1.хохирогчид хохирол учирсан нь жолоочийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;

20.2.2.даатгалгүй жолоочийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн жолоочоос;

20.2.3.даатгалын тохиолдол гаргаад зугтаасан жолоочийн учруулсан хохирлын хувьд тухайн жолоочоос;

20.2.4.даатгагч нь дампуурсан бол хуулийн дагуу э‎рх залгамжлан авсан этгээдээс;

20.2.5.хуульд заасан бусад үндэслэл.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТ

21 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын сан

21.1.Жолоочийн даатгалын сан нь Даатгалын тухай хуулийн 121.3.3.-т заасан албан журмын даатгалын сангийн бүрдэл хэсэг бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна.

21.2.Даатгалын тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан Албан журмын даатгагчдын холбоо нь Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайланг жил бүр гаргах бөгөөд уг сангийн үйл ажиллагаа, тайланд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.

21.3.Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

Хэвлэх

22 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт

22.1.Жолоочийн даатгалын сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

22.1.1.жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагч бүрээс төвлөрүүл‎эх хөрөнгө;

22.1.2.энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь;

22.1.3.энэ хуулийн 20.2-т заасны дагуу буцаан нэхэмжилсэн нөхөн төлбөр;

22.1.4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь;

22.1.5.энэ хуулийн 24.6-д заасан мэдээллийн санг төлбөртэй ашиглуулсны орлого;

22.1.6.зээл, тусламж, хандивын орлого.

22.2.Энэ хуулийн 22.1.1-д заасны дагуу төвлөрүүлэ‎х хөрөнгийн хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр тогтооно.

22.3.Энэ хуулийн 22.1.2, 22.1.4-т заасан эх үүсвэрийг Жолоочийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх журмыг санхүү, төсвийн болон авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

22.4.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгө үндсэн зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй болсон тохиолдолд Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбооны гишүүнээс хөрөнгө татан төвлөрүүлж болно.

Хэвлэх

23 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангийн зарцуулалт

23.1.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

23.1.1.энэ хуулийн 18.1-д заасан нөхөн төлбөр олгох;

23.1.2.энэ хуулийн 24.1-д заасан жолоочийн даатгалын мэдээллийн сан хөтлөх;

23.1.3.шуурхай алба, сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх;

23.1.4.зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх.

23.2.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.

23.3.Энэ хуулийн 23.1.4-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд жолоочийн даатгалын сангаас зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтооно.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН САН, ШУУРХАЙ АЛБА

24 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын мэдээллийн сан

24.1.Жолоочийн даатгалын мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/ нь Даатгалын тухай хуулийн 121.3.1-д заасан албан журмын даатгалын мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэл хэсэг байх бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн мэдээллийн сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан мэдээллийн сан байна.

24.2.Мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад мэдээллийг оруулна.

24.3.Мэдээллийн сангийн мэдээлэл нь нээлттэй, бүх нийтэд хүртээлтэй байна.

24.4.Даатгалын тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан Албан журмын даатгагчдын холбооны гишүүн, даатгагч, даатгуулагч өөртэй нь холбоотой мэдээллийг, түүнчлэн жолоочийн даатгалтай холбоотой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийн сангийн мэдээллийг үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.

24.5.Энэ хуулийн 24.4-т зааснаас бусад тохиолдолд мэдээллийн сангийн мэдээллийг төлбөртэй ашиглуулна. 

24.6.Мэдээллийн сангийн мэдээллийг ашиглуулах журам, үйлчилгээний хөлсний хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтоох ба орлогыг нь мэдээллийн сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.

Хэвлэх

25 дугаар зүйл.Шуурхай алба

25.1.Шуурхай алба нь Даатгалын тухай хуулийн 121.3.2-т заасан шуурхай албаны бүрдэл хэсэг бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн шуурхай албаас тусдаа байж болно.

25.2.Шуурхай алба нь жолоочоос шалтгаалан гарсан зам тээврийн ослын талаарх мэдээллийг даатгуулагч, даатгагч, жолооч, хохирогч, иргэнээс хүлээн авч, даатгалын тохиолдлын улмаас хохирогчид олгох нөхөн төлбөрийг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогчид бүрдүүлэн ажиллана.

25.3.Шуурхай албаны ажиллах журам, бүтэц, бүрэлдэхүүнийг Албан журмын даатгагчдын холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо батална.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД

26 дугаар зүйл.Даатгалын үйл ажиллагаанд тавих хяналт

26.1.Санхүүгийн зохицуулах хороо нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын үйл ажиллагааны нэгдсэн уялдааг хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавина.

26.2.Даатгалын тохиолдол байнга гаргадаг гэсэн үндэслэлээр даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолоочийг даатгагчид хуваарилах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

26.3.Энэ хуулийн 5.1-5.3 дахь хэсгийн заалтын хэрэгжилтэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба болон автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.

26.4.Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах журмыг хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

Хэвлэх

27 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх журам

27.1.Жолоочийн даатгалтай холбогдон гарсан маргааныг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.

Хэвлэх

28 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

28.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

29.1.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

29.2.Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгохтой холбоотой энэ хуулийн 18 дугаар зүйлийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

29.3.Энэ хуулийн 28.1.1 дэх заалтыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ