A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

ЗАМЫН-ҮҮДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараахь арга хэмжээг тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай:

а) Батлагдсан зураг, төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу Замын-Үүдийн цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны шугамын ажлын хөрөнгө оруулалтад зориулж 4.0 тэрбум төгрөг;

б) Замын-Үүд дэх авто тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх цогцолборын барилга, байгууламжийн ажилд шаардагдах эхний ээлжийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрт зориулж 2.5 тэрбум төгрөг;

в) Бүгд Найрамдах Солонгос Улсын хөнгөлөлттэй зээл болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдах 176.4 км авто замын барилгын ажил (Багц-А)-ыг хугацаанд нь гүйцэтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах санал, гүйцэтгэх ажлын график-төлөвлөгөөний төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш нарт даалгасугай.

2. Дор дурдсан арга хэмжээ авахыг Шадар сайд М.Энхболдод даалгасугай:

а) Замын-Үүд сумын төвлөрсөн дулаан хангамжийн зураг, төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийх хөрөнгийг 2008 оны төсөвт тусгагдсан зураг төсвийн хөрөнгөнөөс гаргах;

б) Замын-Үүдийн боомтоор импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүний чанарыг шалгах лаборатори байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх;

в) Хилээр нэвтэрч байгаа бүх төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулж, рентгэн төхөөрөмжөөр гаалийн хяналт, шалгалт хийгээгүй тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх, гаалийн хяналт, шалгалтыг хилийн мэргэжлийн хяналтын алба болон Хилийн шалган нэвтрүүлэх алба хамтран хийх нөхцөлийг бүрдүүлэх;

3. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад худалдааны өсөлтийг хангахад чухал нөлөө бүхий олон улсын тээвэрлэлтийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх талаар дараахь арга хэмжээг авч ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид үүрэг болгосугай.

а) Замын-Үүдэд олон улсын авто тээврийн вокзал, терминалийн аж ахуйг хөгжүүлэх төслийн тендэрт шалгарч, гэрээ байгуулсан хувийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжин барилга угсралтын ажлыг 2008 оны 4 дүгээр сараас эхлүүлэх;

б) Улсын төсвийн хөрөнгөөр дараа төлөх нөхцөлтэй гүйцэтгэх Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн 61.8 км замын ажлын (Багц-NP2) гүйцэтгэгчээр шалгарсан компанитай гэрээ байгуулах ажлыг шуурхай хийж, бэлтгэл ажлыг сайтар хангуулан гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах үндсэн дээр уг замыг 2008 онд ашиглалтад оруулах;

в) Ачааны вагоны эргэлтийг сайжруулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад байгаа терминал аж ахуйн нэгжийг 24 цагаар ажиллуулж тэдгээрт гааль, мэргэжлийн хяналтын албадыг ажиллуулах.

4. Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад нэн тэргүүнд шаардлагатай байгаа илчит тэрэг 2 ширхэг, ачааны вагон 245 ширхэг, чингэлэг ачигч "Кальмар" 1 ширхэгийг худалдан авах ажиллагааг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр урьдчилан гүйцэтгэж санхүүжилтээ дараа нь авах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хамруулах, лизингээр авах зэрэг арга хэлбэрийг ашиглан зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.РАШ