A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 351

Улаанбаатар хот

ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд шинээр баригдаж, 2012 оны 1 дүгээр сард ашиглалтад орох Хөдөлмөрийн төв биржийн байранд Хөдөлмөрийн төв бирж болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг тус тус байршуулсугай.

2. Хөдөлмөрийн төв биржийн байранд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байрлахтай холбогдон гарах зардлыг барилгын ажлын гэрээнд заасан нийт үнийн дүнд багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрч, Хөдөлмөрийн төв биржийн барилгын өмчлөлийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим байгууллагын байршлыг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "...нийслэлийн Баянгол дүүргийн IҮ хороолол, Амарсанаагийн гудамжинд байрлах Харилцаа холбооны зохицуулах хорооны хуучин байранд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг" гэснийг мөн тогтоолын 4 дүгээр зүйлийн "...нийслэлийн Баянгол дүүргийн IҮ хороолол, Амарсанаагийн гудамжинд байрлах Харилцаа холбооны зохицуулах хорооны хуучин байрыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР