A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАХНЫ ТОГТВОРТОЙ ХАНГАМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 178

Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хүнсний тухай хуулийн 5.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мах бэлтгэн хадгалж, борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн хүн амын 2007 оны хавар, зуны хэрэгцээнд зориулан бэлтгэж нөөцлөх мах, олгогдох урамшууллын хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

4. Мах бэлтгэн хадгалж, борлуулсан аж ахуйн нэгжид олгох урамшууллыг 2007 оны төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Төв, суурин газрын зах зээлд нийлүүлэгдэж байгаа маханд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны эзлэх хувийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Махны хангамжийг тогтвортой байлгах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 211 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА