A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛЫН ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 268

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Улсын Байнгын онцгой комиссын санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Малчдын хэрэгцээнд зориулан Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт улсын нөөцөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох өвс, тэжээлийн хуваарийг 1 дүгээр хавсралт ёсоор, 2003 оны П улиралд багтаан эргэн төлөгдөх нөхцөлөөр улсын нөөцөөс гаргах бараа, материалын хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Өвөлжилтийн байдал хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс гаргах өвс, тэжээлийг тухайн аймаг дахь улсын нөөцийн цэг, салбараас сумдад хүргэх тээврийн зардал 148.1 (нэг зуун дөчин найман сая нэг зуун мянган) сая төгрөг болон зам, давааны цас арилгах, өвс, тэжээл тээвэрлэх туулах чадвар сайтай автомашины шатах, тослох материалын зардал 20.0 (хорин) сая төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуйн сангийн тусгай зориулалтын эх үүсвэрээс зохицуулан гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт зөвшөөрсүгэй.

3. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газарт улсын нөөцөөс УАЗ-31512 маркийн суудлын автомашин нэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгож, 2003 оны П улиралд нөхөн бүрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд зөвшөөрсүгэй.

4. Өвс, тэжээл, хүнс, өргөн хэрэглээний барааг малчдад шуурхай хүргэх, зам, давааны цас арилгах, бололцоотой газарт малчдыг их цаснаас нүүлгэх, отроор өвөлжиж байгаа болон өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН