A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАХ, САНГИЙН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАХ, САНГИЙН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Тэтгэврийн нэрийн дансны тогтолцоонд шилжих ажлыг эрчимжүүлэх, шилжилтийн үед Засгийн газраас хүлээх санхүүгийн үүргийг тодорхой болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тэтгэврийг нь төрөөс хариуцах иргэдэд зориулан тэтгэврийн даатгалын сангаас 2007 оныг дуусталх хугацаанд зарцуулсан хөрөнгө болон уг санд Засгийн газраас олгосон санхүүжилтийн хэмжээг тооцон дутуу төлөгдсөн хөрөнгийн хэмжээгээр Засгийн газрын өрийн бичиг гарган 2015 он хүртэл барагдуулах хуваарь хийж жил бүрийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

2. Засгийн газрын өрийн бичгийн тодорхой хэсгийг 2008 онд мөнгөн хэлбэрээр Нийгмийн даатгалын санд байршуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2008 оны Төсвийн тухай хуульд оруулан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч, эздийн холбооны төлөөллийг оролцуулан дараахь ажлыг зохион байгуулж холбогдох саналаа 2008 оны III улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл нарт даалгасугай:

а) даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэл, төр хариуцах санхүүжилтийн хэмжээг үндэслэлтэй тооцох;

б) нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болон нэрийн дансны нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх, хуримтлал бий болгох, санхүүгийн менежментийг сайжруулах эрх зүйн зохицуулалт бий болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН