A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 212

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнтэй холбогдуулан төлбөргүй зорчих иргэдийн нөхөн олговорт нэмж шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

2. Нийслэлийн нийтийн тээврийн байгууллагуудыг дизелийн түлшээр хангах, түлш нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжтэй урт хугацааны гэрээ байгуулан зохистой түвшинд нөөц бүрдүүлж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасугай.

3. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, өр төлбөрийг барагдуулах, тээвэрчдийн нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөлийг сайжруулах талаар тодорхой хөтөлбөр боловсруулж, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР