A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /түймэртэй тэмцэх арга хэмжээг үр дүнд хүргэсэн аймаг, сумаас гаргасан
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 55

Улаанбаатар хот

ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /түймэртэй тэмцэх арга хэмжээг үр дүнд хүргэсэн аймаг, сумаас гаргасан зардлыг нөхөн олгох журам/

Ойн болон Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг төв, орон нутгийн төсөвт, түймэртэй тэмцэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тус тус тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2."Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх арга хэмжээг үр дүнд хүргэсэн аймаг, сумаас гаргасан зардлыг нөхөн олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

З.Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх арга хэмжээг үр дүнд хүргэсэн аймгаас гаргасан хөрөнгийн тодорхой хэсгийг нөхөн олгоход шаардагдах зардлыг 1999 оны сүүлийн хагасаас эхлэн жил бүрийн төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ш.Түвдэндорж нарт, сумдад нөхөн олгох зардлыг тухайн аймгийн төсвөөс гаргаж байхыг Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Ой, хээрийн түймэртэй тэмцэхэд шаардагдах материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Байгаль орчны сайд С.Мэндсайханд даалгасугай.

5.Ой, хээрийн түймрийн шалтгаан, гэм буруутай этгээдийг илрүүлж тогтоох, тэдэнд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох ажлыг шуурхай зохион байгуулж байхыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Д.Мөрөнд даалгасугай.

6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгах нь:

а/ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх талаар хөтөлбөр, төлөвлөгөө гаргах, эргүүл харуул ажиллуулах, хариуцлага, урамшууллын тогтолцоо бий болгох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авсугай;

б/ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар авсан арга хэмжээний биелэлтийг жил тутам нарийвчлан тооцож, зохих журмын дагуу тайлагнаж байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН