A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн банк /цаашид "Хөгжлийн банк" гэх/-ны үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хөгжлийн банк

Хэвлэх

4.1.Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.

4.2.Хөгжлийн банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Улсын Их Хуралд танилцуулна.

5 дугаар зүйл.Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө

Хэвлэх

5.1.Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

5.1.1.улсын төсвөөс хуваарилсан Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө;

5.1.2.хуульд заасан бусад эх үүсвэр.

5.2.Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн доод хэмжээг Засгийн газар тогтооно.

6 дугаар зүйл.Хөгжлийн банкны зарчим

Хэвлэх

6.1.Хөгжлийн банк нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:

6.1.1.үйл ажиллагаагаа тогтвортой явуулах;

6.1.2.хараат бус байх;

6.1.3.ашигтай ажиллах;

6.1.4.ил тод байх;

6.1.5.хариуцлагатай байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

7 дугаар зүйл.Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагаа

Хэвлэх

7.1.Хөгжлийн банк дараахь үйл ажиллагааг эрхэлнэ:

7.1.1.зээл олгох, авах;

7.1.2.зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх;

7.1.3.өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах;

7.1.4.үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;

7.1.5.гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах;

7.1.6.зээл худалдах, санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;

7.1.7.хөрөнгө, өр төлбөрийн зүй зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.

8 дугаар зүйл.Зээл олгох

Хэвлэх

8.1.Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална.

8.2.Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны актив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана.

8.3.Хөгжлийн банкнаас олгох зээл нь дараахь шаардлагыг хангасан байна:

8.3.1.банкуудын зээлийн дундаж хүүгээс доогуур хүүтэй байх;

8.3.2.зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх;

8.3.3.зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх;

8.3.4.зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх;

8.3.5.зээл нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх;

8.3.6.зээл хөнгөлттэй нөхцөлтэй байх.

9 дүгээр зүйл.Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх

Хэвлэх

9.1.Энэ хуулийн 8.1-д заасан төсөл, хөтөлбөрт Засгийн газраас баталгаа гаргасан тохиолдолд Хөгжлийн банк уг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж болно. Засгийн газрын баталгаа нь зөвхөн уг төсөл, хөтөлбөр дотор Засгийн газрын эзэмших, өмчлөх хувиар хязгаарлагдана. Засгийн газрын баталгааг зөвхөн даатгагдсан төсөл, хөтөлбөрийн зээлд гаргана.

9.2.Засгийн газраас баталгаа гаргасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

9.3.Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн, Засгийн газрын баталгаа гаргаснаас бусад хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл батална.

9.4.Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг төр болон хувийн хэвшлийн байгууллага хамтран хэрэгжүүлж болно.

10 дугаар зүйл.Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавих шаардлага

Хэвлэх

10.1.Хөгжлийн банкнаас сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь дараахь шаардлагыг хангасан байна:

10.1.1.Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах;

10.1.2.төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх;

10.1.3.эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх;

10.1.4.зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх;

10.1.5.төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн барьцаа хөрөнгөд тооцсон байх.

11 дүгээр зүйл.Зээл авах

Хэвлэх

11.1.Хөгжлийн банк нь хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын зөвшөөрснөөр гадаад, дотоод эх үүсвэрээс зээл авч болно.

12 дугаар зүйл.Төлбөр тооцоо хийх

Хэвлэх

12.1.Хөгжлийн банк нь өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ.

12.2.Хөгжлийн банк нь харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээг зохих журмын дагуу хийж гүйцэтгэнэ.

12.3.Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг Хөгжлийн банк өөрөө тогтооно.

12.4.Хөгжлийн банк нь банк хоорондын гүйлгээг Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ.

12.5.Хөгжлийн банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.

13 дугаар зүйл.Зээлийн баталгаа, батлан даалт гаргах

Хэвлэх

13.1.Хөгжлийн банк нь энэ хуулийн 24.1-д заасан хязгаарлалтын хүрээнд дангаар болон бусад этгээдтэй хамтран гуравдагч этгээдэд зээлийн баталгаа, батлан даалт гаргаж болно.

14 дүгээр зүйл.Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах

Хэвлэх

14.1.Энэ хуулийн 24.1-д заасан хязгаарлалтын хүрээнд хөрөнгийн болон мөнгөний зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах шийдвэрийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг тус тус үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурал гаргана.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15 дугаар зүйл.Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах

Хэвлэх

15.1.Хөгжлийн банкны гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулахтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

16 дугаар зүйл.Хөгжлийн банкны удирдлага

Хэвлэх

16.1.Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь Хувь нийлүүлэгчдийн хурал, түүний чөлөөт цагт Төлөөлөн удирдах зөвлөл байна.

16.2.Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байх бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

17 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөл

Хэвлэх

17.1.Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх ба тэдгээрийн гурав нь хараат бус гишүүн байна.

17.2.Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө.

17.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараахь шаардлагыг хангасан байна:

17.3.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

17.3.2.ял шийтгэлгүй;

17.3.3.ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

17.3.4.банк, санхүү, хууль, эдийн засаг, инженерийн дээд боловсролтой;

17.3.5.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

17.3.6.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх.

17.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 гишүүнийг Монголбанк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Банкны холбоо тус тус нэр дэвшүүлж Засгийн газар томилно.

17.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн энэ хуулийн 17.3-т зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:

17.5.1.мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, хоёроос доошгүй жилд нь эрх бүхий албан тушаал хашсан байх;

17.5.2.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албан тушаал хашдаггүй байх;

17.5.3.Хөгжлийн банктай бизнесийн аливаа холбоогүй байх.

17.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь бусад гишүүний адил эрх, үүрэгтэй байна.

17.7.Төлөөлөн удирдах зөвлөл нь дотоод аудитын, нэр дэвшүүлэлтийн, цалин урамшууллын дэд хороодтой байх ба дэд хороонд хараат бус гишүүн орж ажиллана.

18 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

18.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.Хөгжлийн банкны стратегийг тодорхойлох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

18.1.2.Хөгжлийн банкны зээлийн бодлогыг зээлийн найдвартай эргэн төлөгдөх зарчимд тулгуурлан жил бүр тодорхойлж батлах;

18.1.3.зээл авах, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авахад Засгийн газрын саналыг авах;

18.1.4.Хөгжлийн банкны бизнес төлөвлөгөөг батлахдаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны саналыг авах;

18.1.5.гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүний цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

18.1.6.Хувь нийлүүлэгчдийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай үндэслэл бүхий саналыг хүргүүлэх;

18.1.7.Хөгжлийн банкны жилийн үйл ажиллагааны талаархи тайлан, түүнд хийсэн олон улсын аудитын дүгнэлтийг Хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх;

18.1.8.Хөгжлийн банкны дотоод хяналтын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, удирдлага, ажилтныг томилох, үйл ажиллагааны журмыг тогтоох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

18.1.9.Хөгжлийн банкны зохистой засаглалын бодлого, журмыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих;

18.1.10.Хөгжлийн банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүү, үйл ажиллагааны талаархи хууль тогтоомж, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах;

18.1.11.Хөгжлийн банкны санхүүгийн тайлан тэнцэл, зарлагын болон мөнгөн хөрөнгийн хөдлөлийн тайлан, тайлбар, тодруулга бусад мэдээллийг нийтэд мэдээлэх явцад хяналт тавих;

18.1.12.Хөгжлийн банкны зээлийн болон санхүүгийн бусад үйлчилгээний хүү, шимтгэлийн хувь хэмжээг холбогдох журмын дагуу тогтоох.

18.2.Хөгжлийн банкны дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал сард нэгээс доошгүй удаа хуралдана.

18.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд тогтоолд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

18.4.Төлөөлөн удирдах зөвлөлийг бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

18.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, хуралд оролцогчдын саналын баримт бичгийн баталгаажуулсан хувийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор Хувь нийлүүлэгчид хүргүүлнэ.

19 дүгээр зүйл.Гүйцэтгэх удирдлага

Хэвлэх

19.1.Гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор Хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

19.2.Гүйцэтгэх удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгож, Хувь нийлүүлэгчдийн хурлын зөвшөөрснөөр Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлнө. Гүйцэтгэх удирдлагын 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна.

19.3.Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 17.3.3-т зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:

19.3.1.банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, санхүүгийн салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай;

19.3.2.ял шийтгэлгүй;

19.3.3.банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон удирдлагын чадварыг хангаж ажиллах чадвартай.

19.4.Гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.4.1.Хөгжлийн банкны дотоод дүрэм, журам, заавар, аргачлалыг батлах;

19.4.2.Хөгжлийн банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуурыг хангаж ажиллах;

19.4.3.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар холбогдох шийдвэрийг гаргах;

19.4.4.Хөгжлийн банкны зээлийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар Засгийн газар, түүний холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх;

19.4.5.Хөгжлийн банкны жилийн төсвийг боловсруулан батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;

19.4.6.шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх;

19.4.7.Хөгжлийн банкийг төлөөлөх, бүрэн эрхийнхээ хүрээнд зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээл олгох, төлбөрийн батлан даалт, Хөгжлийн банкны баталгаа гаргах гэрээ, хэлцлийг холбогдох хуулийн этгээдтэй байгуулах;

19.4.8.Хөгжлийн банкны боловсон хүчнийг сонгох, бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлох, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалингийн сүлжээ, урамшуулал, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох, ажлаас чөлөөлөх, урамшуулах, сахилгын арга хэмжээ авах;

19.4.9.Хөгжлийн банкны нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаанд авах, дансны гүйлгээг түр хаах.

19.5.Гүйцэтгэх удирдлага дараахь үүрэг хүлээнэ:

19.5.1.Хөгжлийн банкны үйл ажиллагааны хэтийн чиглэл, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, актив, пассивын удирдлагын бодлогыг тодорхойлох;

19.5.2.санхүүгийн сахилга батыг сахиулах, Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

19.5.3.Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын төслийн болон зээлийн шинжилгээ, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;

19.5.4.төсөл, хөтөлбөрийн үнэлгээний зарчмыг тогтоож, сайжруулах арга хэмжээ авах;

19.5.5.Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлэх;

19.5.6.харилцагчаас Хөгжлийн банкны өмнө хүлээсэн үүргийг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

19.5.7.Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, тушаалын хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцон ажиллах;

19.5.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу Хөгжлийн банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

19.5.9.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, зээлийн талаархи мэдээллийг цаг тухайд нь гаргаж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;

19.5.10.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, олгосон зээлийн хэмжээ, гаргасан үнэт цаас, түүний борлуулалтын хэмжээ, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөл болон Хувь нийлүүлэгчдийн хуралд танилцуулах;

19.5.11.Хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авах;

19.5.12.хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй байх;

19.5.13.Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа тайлагнах;

19.5.14.бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй байх.

19.6.Ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрсөн этгээдэд өөрийн бүрэн эрхийг шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

20 дугаар зүйл.Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалт

Хэвлэх

20.1.Хөгжлийн банк нь актив-пассивийн удирдлагын, зээлийн, эрсдэлийн удирдлагын, хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байна.

20.2.Актив-пассивийн удирдлагын асуудал хариуцсан нэгж нь Хөгжлийн банкны актив, пассивын байршил, бүтэц, хугацааны байдлыг шинжилж, түүнийг зохистой удирдлагаар хангаж ажиллана.

20.3.Зээлийн асуудал хариуцсан нэгж нь Хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт дүн шинжилгээ, үнэлгээ хийж, төсөл, хөтөлбөрийн явцад хяналт тавьж, зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж, Хөгжлийн банкны зээлийн багцын оновчтой бүрдүүлэлтийг хангана.

20.4.Эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж нь Хөгжлийн банкны зээлийн болон болзошгүй бусад төрлийн эрсдэлийн дүн шинжилгээ хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хяналт тавьж ажиллана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

21 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

21.1.Улсын Их Хурал Хөгжлийн банкны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөд оруулах Засгийн газрын хувь хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох, түүний хэмжээг батлах;

21.1.2.Засгийн газраас гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох;

21.1.3.Хөгжлийн банкны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах.

22 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

22.1.Засгийн газар Хөгжлийн банкны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.Хөгжлийн банкийг үүсгэн байгуулах, түүний дүрмийг батлах;

22.1.2.Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн байгуулах;

22.1.3.Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

22.1.4.Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах;

22.1.5.Хөгжлийн банкны зээлийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар банк, эрх бүхий бусад байгууллагатай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх;

22.1.6.Хөгжлийн банкны буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан урт хугацаат үнэт цаасыг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх;

22.1.7.Хөгжлийн банкны жилийн үйл ажиллагааны талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэж батлах;

22.1.8.аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

22.1.9.үнэт цаас худалдан авах шийдвэр гаргах;

22.1.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг 3 хүртэл жилийн хугацаагаар томилох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, чөлөөлөх;

22.1.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийг тогтоох, хариуцлага, цалин, урамшууллын хэмжээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоох.

23 дугаар зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

23.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн банкны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.1.1.Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгө, Засгийн газраас гаргах зээлийн баталгаатай холбоотой тооцооллыг хянах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн санал боловсруулж Засгийн газарт хэлэлцүүлэх;

23.1.2.Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн байгуулах, татан буулгах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулах;

23.1.3.Хөгжлийн банкинд мөрдөгдөх санхүүгийн шалгуур үзүүлэлтийг тогтоох.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯЗГААРЛАЛТ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

24 дүгээр зүйл.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

Хэвлэх

24.1.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дараахь хязгаарлалт тавигдана:

24.1.1.зээл, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн нь өөрийн хөрөнгийг 50 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх;

24.1.2.зээлийн баталгаа, батлан даалт, үнэт цаасны нийт дүнгийн нийлбэр нь өөрийн хөрөнгийг 50 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх.

25 дугаар зүйл.Хөгжлийн банкны дотоод хяналт

Хэвлэх

25.1.Хөгжлийн банк нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий дотоод хяналтын нэгжтэй байна.

25.2.Дотоод хяналтын нэгж нь дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

25.2.1.Хөгжлийн банкны удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах;

25.2.2.хувь нийлүүлэгчийн санал, гомдлын дагуу Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагааг шалгах;

25.2.3.батлагдсан хуваарийн дагуу ээлжит болон ээлжит бус шалгалтыг явуулах;

25.2.4.Хөгжлийн банкны санхүүгийн баримтад хяналт, шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;

25.2.5.шаардлагатай баримт бичгийг Хөгжлийн банкны харилцагчаас гаргуулан авах;

25.2.6.хувь нийлүүлэгчийг зайлшгүй шаардлагатай мэдээллээр хангах.

26 дугаар зүйл.Хянан шалгагч

Хэвлэх

26.1.Хөгжлийн банк нь хянан шалгагчтай байх бөгөөд хянан шалгагч нь энэ хууль болон гэрээний дагуу тус банкны эх үүсвэрийг ашиглаж байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийнэ.

26.2.Хянан шалгагч нь дараахь эрхтэй:

26.2.1.төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн байр, албан тасалгаа бусад холбогдох газарт нэвтрэн орох;

26.2.2.төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн данс бүртгэл, тайлан тэнцэл, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа болон шаардлагатай бусад материалыг гаргуулж авах;

26.2.3.төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан явцын тайлан, холбогдох саналаа Хөгжлийн банкны удирдлагад танилцуулах.

26.3.Хянан шалгагчийн бүрэн эрхийн хугацаа, эрх, үүргийг энэ хуульд нийцүүлэн Хөгжлийн банкны дүрмээр тогтооно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН

27 дугаар зүйл.Хөгжлийн банкны нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн тайлан

Хэвлэх

27.1.Хөгжлийн банкны санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу улирал тутам гаргаж, жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргуулна.

27.2.Хөгжлийн банкны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хоёр жилд нэгээс доошгүй удаа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулна.

27.3.Хөгжлийн банкны санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

27.4.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага хариуцна.

27.5.Хөгжлийн банк нь холбогдох тайлан, мэдээллийг Монголбанкны баталсан загвар, маягтын дагуу гаргаж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тогтмол тус тус хүргүүлнэ.

27.6.Хөгжлийн банк төрийн эрх бүхий байгууллагаас тавьсан хүсэлтийн дагуу шаардлагатай мэдээллийг зохих журмын дагуу гаргаж өгч болно.

28 дугаар зүйл.Хөгжлийн банкны тайланг нийтэд мэдээлэх

Хэвлэх

28.1.Хөгжлийн банкны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, энэ хуулийн 27.2-т заасан аудитын тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ХАРИУЦЛАГА

29 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

29.1.Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд шүүгч, эсхүл холбогдох улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

29.1.1.энэ хуулийн 8.3, 10.1-д заасныг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрх бүхий албан тушаалтан нь ажлаас халах;

29.1.2.энэ хуулийн 24.1-д заасныг зөрчсөн бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрх бүхий албан тушаалтан нь ажлаас халах;

29.1.3.энэ хуулийн 26.1-д заасан хяналт шалгалтад саад учруулсан бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

29.1.4.төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан буюу гүйлгээг саатуулсан ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрх бүхий албан тушаалтан нь ажлаас халах;

29.1.5.тайлан тэнцэл, мэдээ баримтыг зохих хууль, журмын дагуу гаргаж өгөөгүй буюу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллагад хүргүүлээгүй, нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрх бүхий албан тушаалтан нь ажлаас халах, гүйцэтгэх удирдлагад сануулах;

29.1.6.нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол уг тайлан, мэдээллийг баталгаажуулсан Гүйцэтгэх захирал, эрх бүхий бусад албан тушаалтныг тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрх бүхий албан тушаалтан нь ажлаас халах.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан торгуулийн орлогыг улсын төсөвт оруулна.

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ