A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, төсвөөс буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг;

4.1.2."бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг;

4.1.3."нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын

падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг;

4.1.4." аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон

тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;

4.1.5."иргэн" гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнийг;

4.1.6."байнга оршин суугч, оршин суугч бус" гэж Хувь хүний орлогын

албан татварын тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан ойлголтыг;

4.1.7."хуулийн этгээд" гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн этгээдийг; /Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.1.8."үйлчилгээ" гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг;

4.1.9."орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа орон байр" гэж

орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан барилгыг; /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.10."нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ

хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг;

4.1.11."гадаад Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг;

4.2.Энэ зүйлийн 4.1.11 дэх заалтад буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын болон буяны байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ нэгэн адил хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ, ТҮҮНИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ

5 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч

Хэвлэх

5.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон

этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна.

5.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ.

5.3.Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид тооцохгүй бөгөөд түүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшилд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй.

6 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана.

6.2.Харъяалах татварын алба нь энэ хуулийн 7.1.3 болон 13 дугаар зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан гэрчилгээний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.4.Дараахь нөхцлийг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно:

6.4.1.нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.10-т заасан орлогын 80 хувьд хүрсэн;

6.4.2.үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам. доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

6.5.Энэ хуулийн 6.4-т заасан орлого болон хөрөнгө оруулалт нь сүүлийн нэг жилд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлого, татвар тодорхойлох хуудас болон орлогын албан татварын тайлангаар нотлогдсон байхаас гадна уг этгээд нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хөтөлж хэвшсэн байвал зохино.

6.6.Сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай өргөдөл гаргах болон гэрчилгээ олгоход энэ хуулийн 6.1 болон 6.2-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.

6.7.Хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдийн эд хөрөнгө буюу саналын эрхийн 66-аас дээш хувийг нэг буюу хэд хэдэн хуулийн этгээд эзэмшиж байвал тэдгээрийг нэг бүлэг болгон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж болох боловч ийнхүү нэг бүлэгт хамрагдсан хуулийн этгээд тус бүр нь энэ хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна.

6.8.Энэ хуулийн 6.7-д заасны дагуу нэг бүлэг болж бүртгүүлэх зөвшөөрлийг харъяалах татварын албанаас бичгээр авна.

6.9.Энэ хуулийн 6.7-д заасны дагуу бүртгүүлсэн этгээдийн аль нэг нь тухайн бүлгийн нэрийн өмнөөс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн үүрэг хүлээж, харъяалах татварын албатай харилцана.

6.10.Энэ хуулийн 6.7-д заасан этгээд тус бүр нь нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо хийж, татварын тайлан тушаах шаардлагагүй боловч нягтлан бодох бүртгэлийг хуульд заасны дагуу хөтөлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн хувьд өөрт хамаарах асуудлаар эцсийн хариуцлага хүлээнэ.

6.11.Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь хуулийн этгээдийн хувьд орлогын албан татварын тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харъяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авна.

6.12.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан иргэн, хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээний вэб хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.13.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайн этгээдийг уг татварыг төлөгч байхдаа явуулсан үйл ажиллагааны төлөө нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР НОГДОХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

7 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ

Хэвлэх

7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:

7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;

7.1.2.худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа;

7.1.3.худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас

Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа;

7.1.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ.

7.2.Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал энэ хуулийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна.

7.3.Дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан" -д хамааруулна:

7.3.1.аж ахуйн болон тодорхой бизнес эрхлэх эрхийг борлуулах;

7.3.2.татвар төлөгч нь худалдаа, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээгээ зогсоож, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах үед бизнесийн хөрөнгөөс өөртөө бараа үлдээх;

7.3.3.бараанд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу албан татварын хасалт хийх;

7.3.4.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах;

7.3.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах. /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.4.Дор дурдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн"-д хамааруулна:

7.4.1.цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;

7.4.2.бараа түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

7.4.3.зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх

буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

7.4.4.байшин, барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

7.4.5.байшин, барилгаас бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

7.4.6.шинэ бүтээл, бүтээгдхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн

эрхэд хамаарах бүтээл, барааны тэмдэг, ноу-хау, хөрөнгийн мэдээллийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;

7.4.7.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоом тоглуулах, зуучлагчийн үйлчилгээ үзүүлэх;

7.4.8.өрийн төлбөрийг ажил, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;

7.4.9.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх , үйлчилгээ үзүүлэх; /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.4.10.буруутай үйл ажиллагааны улмаас бусдад хүү, торгууль төлөх;

7.4.11.ажил, үйлчилгээнд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу татварын хасалт хийх.

7.5.Энэ хуулийн 7.1-д заасан бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулахад дор дурдсан нөхцөлийг хангасан байна:

7.5.1. тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх;

7.5.2. борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх.

7.6.Энэ хуулийн 7.5.1 дэх заалтад мөн хуулийн 7.3.5, 7.4.9 дэх заалт хамаарахгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХ ЖУРАМ

8 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах

Хэвлэх

8.1.Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна:

8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт;

8.1.2.барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад;

8.1.3.санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан буюу импортолсон бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрт .

8.1.4.тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээгээр; /Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.2.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан "Ангилал"-ыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.4.Энэ хуулийн 11.4-т заасан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

9 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээ

Хэвлэх

9.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг дор дурдсан журмаар тодорхойлно:

9.1.1.импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн болон борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;

9.1.3.Энэ хуулийн 7.3.1, 7.3.2 -т заасан үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тэдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;

9.1.4. эд мөнгөний хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг оролцогчдын төлсөн нийт мөнгөн дүнгээс хожлын төлбөрт төлсөн мөнгөний хэмжээг хасч;

9.1.5.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар барагдуулсан бол үнийнх нь дүнгээр.

9.2.Дараахь тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг харъяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно:

9.2.1.борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ тариф тодорхойгүй;

9.2.2.бараа ,ажил, үйлчилгээг харилцан солилцсон;

9.2.3.харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийнхээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн.

9.3.Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол түүнийг энэ хуулийн 10.2-т зааснаар тогтоосон өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.

10 дугаар зүйл.Албан татвар ногдуулах хугацаа

Хэвлэх

10.1.Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.

10.2.Бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг дор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно:

10.2.1.борлуулагч энэ хуулийн 4.1.3-т заасан падаан үйлдсэн өдөр;

10.2.2.борлуулагч худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хүлээн авсан өдөр;

10.2.3.бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.

10.3.Цахилгаан, дулаан, хий, усан хангамж, шуудан, харилцаа холбооны болон бусад тогтмол үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг энэ хуулийн 4.1.3-т заасан падаан бичсэн буюу төлбөрийг хүлээн авсан өдрийн аль түрүүнд хийгдсэнээр нь тогтооно.

10.4.Энэ хуулийн 7.3.2-т заасан бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг тухайн барааг өөртөө үлдээсэн өдрөөр тогтооно.

10.5.Бараа импортолсон бол уг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг тогтооно.

10.6.Жижиглэнгийн худалдаа эрхлэгч сард нэг удаа, бөөний худалдаа эрхлэгч борлуулалт хийх бүрдээ энэ хуулийн 4.1.3-т заасан падаан бичнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ

11 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хувь

Хэвлэх

11.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна.

11.2.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна.

11.3.Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээний 0-10 хувиар ногдуулна. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.4.Импортлосон болон үйлдвэрлэсэн борлуулсан автобензин, дизелийн түлшний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 11.3-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2009 оны 1 дүгээр сарын 16, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт оруулсан./

12 дугаар зүйл.Албан татварын тэг /"0"/ хувь, хэмжээг хэрэглэх

Хэвлэх

12.1.Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /"0"/-тай тэнцүү байна:

12.1.1.энэ хуульд өөрөөр заагаагүй бол худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа; /Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;

12.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ; /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.4.үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй

гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/;

12.1.5.олон улсын нислэг үйлдэж буй дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нислэгийн явцад нисэх бүрэлдэхүүнд болон зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ;

12.1.6.Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос. /Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.7.экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.8.хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон, чөлөөт бүсээс хилийн чанадад экспортолсон бараа. /Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4. дэх заалт хамаарахгүй.

12.3.Энэ хуулийн 12.1 дэх заалт нь гадаадын иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хамаарна.

12.4.Энэ хуулийн 12.1.4-т заасан иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ:

12.4.1.тухайн улсдаа төлөөний газартай боловч Монгол Улсад төлөөний газаргүй;

12.4.2. тухайн улсад төлөөний газаргүй бөгөөд уг этгээд нь Монгол Улсаас өөр улсад байнга оршин суудаг буюу байрладаг;

12.4.3.тухайн улс болон Монгол Улсын аль алинд нь төлөөний газартай боловч уг үйлчилгээ нь гадаад улс дахь төлөөний газрын хэрэгцээнд бүхэлдээ буюу ихэвчлэн зориулагдсан.

12.5.Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ

13 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх.

Хэвлэх

13.1.Дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:

13.1.1.гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий зорчигчдын биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;

13.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортолсон бараа;

13.1.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

13.1.4.гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон

улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа;

13.1.5.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл; /Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.1.6.зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх, авлигатай тэмцэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор авч байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл; /Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13.1.7.иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг;

13.1.8.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого;

13.1.9.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш; /Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.10.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;

13.1.11.хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, механизм, техник, хэрэгсэл, тоноглол;

13.1.12.гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын мөнгөн тэмдэгт;

13.1.13.борлуулсан алт;

13.1.14.борлуулсан сонин;

13.1.15. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.1.16.энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

13.1.17.банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх болон бусад шаардах эрх. /Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.1.18.газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил; /Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.1.19.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн; /Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.1.20.Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн. /Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.1.21.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл. /Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

13.1.22.инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис. /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.1.23.соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл, материал. Энэ жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.1.24.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд гуч дахин нэмэгдүүлснээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж. /Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

13.1.25.гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл; /Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./

13.1.26.газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос. /Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./

13.1.27.чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа. /Энэ заалтыг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.Энэ хуулийн 13.1.11, 13.1.21, 13.1.22-т хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 9, 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан./

13.3.Арван мянган төгрөгөөс доош үнэтэй бараа, ажил, үйлчилгээг нэг удаа худалдан авахад энэ хуулийн 13.1.3 дахь заалт хамаарахгүй.

13.4.Тусгай зориулалтын бус автомашин худалдан авахад энэ хуулийн 13.1.6 дахь заалт хамаарахгүй.

13.5.Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.8 дахь заалт үйлчлэхгүй.

13.6.Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:

13.6.1.валют солих үйлчилгээ;

13.6.2.мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ;

13.6.3.даатгал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;

13.6.4.үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, хүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;

13.6.5.урьдчилгаа, зээл олгох үйлчилгээ;

13.6.6.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;

13.6.7.банкны болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;

13.6.8.орон сууцны зориулалтаар баригдсан байр болон түүний тодорхой хэсгийг түрээслэх үйлчилгээ;

13.6.9.боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ;

13.6.10.эрүүл мэндийн үйлчилгээ;

13.6.11.шашны байгууллагын үйлчилгээ;

13.6.12.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна. /Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.6.13.Авто тээврийн тухай[3] хуулийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн үйлчилгээ;

13.6.14.аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэргээр гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ.

13.6.15.соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ. /Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.7.Жилийн 10.0 сая ба түүнээс доош төгрөгийн борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэгчид /импортлогчоос бусад/-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

13.8.Эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад энэ хуулийн 13.6.10 дахь заалт үйлчлэхгүй.

13.9.Энэ хуулийн 13.6.14-т заасан үйлчилгээнд жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй.

13.10.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагчдад энэ хуулийн 13.1.3-т заасан албан татварын чөлөөлөлтийг эдлүүлэхдээ, төлсөн албан татварыг нь буцаан олгох зарчмыг баримтална.

13.11.Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.

13.12.Энэ хуулийн 13.1.18-13.1.20-д заасан барааг худалдан авч зуучлан борлуулахад энэ хуулийн 13.1 дэх хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДОЛДУГААР БҮЛЭГ

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХАСАЛТ, БУЦААН ОЛГОЛТ

14 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх

Хэвлэх

14.1.Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:

14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн;

14.1.2.худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;

14.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх үед бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан бол үнийн дүнгээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч;

14.1.4. мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй ноос, ноолуур, мах, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно. /Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.2.Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортолсон буюу худалдан авч зуучлан борлуулсан бол төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийхгүй.

14.3.Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.

14.4.Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:

14.4.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;

14.4.2.хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ;

14.4.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ.

14.5.Суудлын авто машин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрийнхөө гэрээ, дүрэмд тусган түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуулийн 14.4.1 дэх заалт үйлчлэхгүй.

14.6.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын дүнгээс их байвал татварын алба дараахь байдлаар зохицуулна:

14.6.1.дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцох;

14.6.2.хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөвт төлөх бусад төрлийн албан татварын төлбөрт шилжүүлэн тооцох.

14.7.Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.

15 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох

Хэвлэх

15.1.Илүү төлсөн, эсхүл хуульд заасан бол нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар албан татвар төлөгчид буцаан олгоно:

15.1.1.нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харъяалах татварын албанд бичгээр гаргах;

15.1.2.энэ хуулийн 13.1.3-т заасан дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрийн ажилтан тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дараа сарын 10-ны дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэх; /Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.3.харъяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан хянаж, үлдэгдлийг нь баталгаажуулан, саналаа татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэх; /Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.4.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2. 15.1.3-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 7 хоногт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухайгаа албан татвар төлөгчид бичгээр мэдэгдэж, албан татвар төлөгчийн нэр, регистрийн дугаар, харилцагчийн банкны дансны дугаар, буцааж өгөх албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг тодорхойлсон саналыг ажлын 2 хоногт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.5.Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 15.1.4-т заасан саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 хоногт багтаан татварыг буцаан олгох.

15.2.Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.3.Буцааж олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 15 хувиас хувиас хэтрэхээргүй байна. /Энэ хэсэгт 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.4.Энэ хуулийн 6.9-д заасан этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй.

15.5.Өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортолсон бол албан татварыг сар бүр, бусад албан татвар төлөгчийн албан татварыг улиралд нэг удаа улсын төсвөөс буцаан олгоно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ ТӨСӨВТ ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ

16 дугаар зүйл.Бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах

Хэвлэх

16.1.Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана:

16.1.1.тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх;

16.1.2.Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх;

16.1.3.энэ хуулийн 7.3.4, 7.4.8-д заасан өрийн төлбөрт тооцогдох бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлөх.

16.2.Импортын бараанд нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулж тайлагнана:

16.2.1.гаалийн байгууллага энэ хуулийн 7.1.3, 8.1.1-т заасан импортын бараанд мөн хуулийн 9.1.1, 11.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлүүлэх арга хэмжээ авах;

16.2.2.импортлогч нь энэ хуулийн 16.2.1-т заасны дагуу ногдуулсан татварыг төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлэх;

16.2.3. Гаалийн удирдах төв байгууллага нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлсэн тухайн сарын тайланг дараа сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор гаргаж санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.4.компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулах;

16.2.5.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулах.

/Дээрх 16.2.4, 16.2.5 дахь заалтыг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.4.Импортын бараанд ногдуулж төлүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын талаар татварын албанаас шаардсан мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр гаргаж өгнө.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ХУУЛЬ, ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

17 дугаар зүйл.Хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

17.1.Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ:

17.1.1.нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх;

17.1.2.нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах.

17.2.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

17.3.Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч түүнийг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч татварыг нь нөхөн төлүүлж, энэ хуулийн 17.1.1-д заасан хүү болон нөхөн төлбөл зохих татварын дүнгээс илүүгүй хэмжээний торгууль ногдуулна.

АРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД

18 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох.

Хэвлэх

18.1.Энэ хуулийг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ