A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛС, ОРОН НУТГИЙН МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ


2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 287



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Үндэсний түүхийн төв музейгээс алдагдсан үзмэр, эд өлгийн зүйлийг эрэн сурвалжлах, түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийг улсын хилээр гаргахгүй байх, алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Цагдаагийн ерөнхий газрын дарга М.Ганболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга А.Баатарцогт, Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нарт тус тус үүрэг болгосугай.


2. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн улс, орон нутгийн музейг мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.


3. Музейн дохиолол, харуул хамгаалалтыг сайжруулж, сан хөмрөгийн өрөөг дохиолол, хяналтын иж бүрэн системээр тоноглох ажлыг үе шаттай зохион байгуулах, хадгалалтын зохистой орчин бүрдүүлэх зорилгоор төсвийн зохицуулалт хийх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.


4. Монгол Улсын соёлын өвийг хамгаалах талаар үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын стандартыг боловсруулж мөрдүүлэх, ажиллагчдын хариуцлагыг өндөржүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.


5. Музейн үзмэрээр гадаад оронд зохион байгуулагддаг үзэсгэлэнгээс олсон орлогыг зөвхөн тэдгээрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах, сан хөмрөгт буй үзмэр, эд өлгийн зүйлийг олон нийтэд сурталчлах танилцуулга, ном хэвлэхэд зориулан зарцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.


      Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                        М.ЭНХБОЛД


      Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                                                                   Ө.ЭНХТҮВШИН