- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баталсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсан өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон
СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь стандартчилал, тохирлын үнэлгээний эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль тогтоомж
2.1.Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль тогтоомжид зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."стандартчилал" гэж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ний харилцан орлолт, аюулгүй байдал, мэдээлэл, техник, хэмжилт, сорилтын нийцтэй, нэгдмэл байдлыг хангах зорилгоор нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг;
3.1.2."стандарт" гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг;
3.1.3."техникийн зохицуулалт" гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлага, эсхүл түүнийг боловсруулах, үйлдвэрлэх аргыг заавал биелүүлэхээр эрх бүхий этгээдээс баталсан баримт бичгийг;
3.1.4."тохирлын үнэлгээ" гэж бүтээгдэхүүн, эсхүл байгууллага нь стандарт, техникийн зохицуулалт, холбогдох норматив баримт бичигт заасан үзүүлэлт, шаардлагад тохирч байгаа эсэхийг шууд буюу шууд бус байдлаар тодорхойлох үйл ажиллагааг;
3.1.5."тохирлын үнэлгээний байгууллага" гэж тохирлын үнэлгээг хэрэгжүүлэх сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын болон тэдгээрийг итгэмжлэх байгууллагыг;
3.1.6."итгэмжлэл" гэж аливаа байгууллага, эсхүл хувь хүн нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх чадавхтайг нь эрх бүхий байгууллагаас тогтоож албан ёсоор хүлээн зөвшөөрөх ажиллагааг;
3.1.7."сорилт" гэж тухайн бүтээгдэхүүний тоон болон чанарын үзүүлэлтийг холбогдох журмын дагуу тодорхойлоход чиглэсэн техник ажиллагааг;
3.1.8."тохирлын баталгаа" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад тохирч байгааг тодорхойлсон баримт бичиг олгохыг;
3.1.9."баталгаажуулалт" гэж бүтээгдэхүүн, тогтолцоо нь тогтоосон шаардлагад нийцэж буйг хөндлөнгийн этгээд бичгээр нотлох ажиллагааг;
3.1.10."нийлүүлэгчийн мэдэгдэл" гэж үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс бүтээгдэхүүнээ тогтоосон шаардлагад нийцэж буй талаар бичгээр мэдэгдэл гаргах ажиллагааг;
3.1.11."техникийн хяналт" гэж бүтээгдэхүүн, түүний зохион бүтээлт, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, ажлын байрны орчин нөхцөл нь ерөнхий болон тусгай шаардлагад тохирч байгаа эсэхийг мэргэшлийн үүднээс тодорхойлох ажиллагааг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СТАНДАРТЧИЛАЛ БА ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ
4 дүгээр зүйл.Стандартчиллын зорилго, зарчим
4.1.Стандартчиллын зорилго нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүх төрлийн нөөцийг зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүний харилцан орлолт, сорилт, хэмжилтийн нэгдмэл байдлыг хангахад оршино.
4.2.Стандартчилалд дараахь зарчмыг баримтална:
4.2.1.төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч тэгш эрхтэйгээр оролцох;
4.2.2.нийгмийн эрх ашигт нийцэх;
4.2.3.бие даасан, хараат бус байх;
4.2.4.стандарт нь шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн түвшин, практикийн ололтод тулгуурласан, товч тодорхой агуулгатай байх;
4.2.5.олон улсын стандартыг үндэсний стандарт боловсруулахад үндэс суурь болгох;
4.2.6.стандарт нь үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх;
4.2.7.стандарт нь бүтээгдэхүүний хэрэглээний болон ашиглалтын шинж чанарт үндэслэх;
4.2.8.хууль тогтоомжид харшилсан үзүүлэлт, шаардлагыг стандартад тусгахгүй байх.
5 дугаар зүйл.Стандартчиллын баримт бичиг
5.1.Стандартчиллын баримт бичигт дараахь баримт бичиг хамаарна:
5.1.1.Монгол Улсын /цаашид "үндэсний" гэх/ стандарт;
5.1.2.энэ хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу хэрэглэж байгаа стандарт, аргачлал, заавар болон олон улс, бүс нутгийн стандартчиллын байгууллагаас гаргасан арга зүйн удирдамж, зөвлөмж;
5.1.3.байгууллагын стандарт.
6 дугаар зүйл.Үндэсний стандарт
6.1.Үндэсний стандартын үзүүлэлт, шаардлага нь олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилттэй стандартын түвшинд хүрсэн байвал зохино.
6.2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө.
6.3.Энэ хуулийн 6.2-т зааснаас бусад үндэсний стандартыг сонгон хэрэглэнэ.
6.4.Үндэсний стандарт нь зохиогчийн эрхэд хамаарах бүтээл болохгүй.
6.5.Стандартчиллын техникийн хорооны хэлэлцэж дэмжсэн стандартын төслийг Стандартчиллын Үндэсний зөвлөл улсын хэмжээнд хэрэглэхээр хүлээн зөвшөөрч үндэсний стандартаар батална.
6.6.Үндэсний стандарт нь товчилсон тэмдэглэгээ, улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлд бүртгэсэн тухай олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.7.Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ, холбогдох баримт бичигт үндэсний стандартыг хэрэглэх тухай заалтыг тусгаж болно.
7 дугаар зүйл.Техникийн хороо
7.1.Стандартчиллын Үндэсний зөвлөл нь үндэсний болон олон улсын стандартын төслийг боловсруулах, хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус салбарын стандартчиллын техникийн хороо /цаашид "техникийн хороо" гэх/-г төр, иргэн, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон бусад байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулж ажиллуулна.
7.2.Техникийн хороо нь дараахь эрх, үүрэгтэй байна:
7.2.1.стандартын төсөл, хөтөлбөрт холбогдох байгууллагын санал авах, сонирхогч талуудтай зөвшилцөх;
7.2.2.үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төсөлд санал өгөх, дүгнэлт гаргах;
7.2.3.техникийн дэд хороог байгуулах, стандартын төсөл боловсруулах;
7.2.4.стандартад үзлэг хийх, судалгаа шинжилгээ явуулах, холбогдох арга хэмжээний төсөл боловсруулах;
7.2.5.аль нэгэн байгууллагын ашиг сонирхлыг илэрхийлэхгүй байх;
7.2.6.батлуулахаар оруулсан стандартын боловсруулалтын түвшин, агуулга зохих шаардлагад нийцсэн байдлыг хариуцах.
8 дугаар зүйл.Байгууллагын стандарт
8.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь байгууллагын стандарт боловсруулан хэрэглэж болно.
8.2.Байгууллагын стандарт нь үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагад нийцсэн байна.
8.3.Байгууллагын стандартыг боловсруулах, батлах, аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагад бүртгүүлэх ажлыг аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
8.4.Байгууллагын стандарт нь товчилсон тэмдэглэгээ, нутаг дэвсгэрийн бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
8.5.Энэ хуулийн 8.2-т заасан шаардлагыг хангаагүй байгууллагын стандартыг баримтлан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглоно.
9 дүгээр зүйл.Стандарт хэрэглэх
9.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь хууль тогтоомж, үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн эрх ашигт харшлахгүй, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулахгүй олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилттэй стандартыг Стандартчиллын төв байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр хэрэглэнэ.
9.2.Шинэ технологи, бүтээгдэхүүн эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсад хэрэглэхээр зааснаас өөр стандарт, аргачлал, зааврыг нэг жил хүртэл хугацаагаар түр хэрэглэх зөвшөөрлийг стандартчиллын төв байгууллага олгоно.
9.3.Аж ахуйн нэгж, байгууллага үндэсний стандартыг хувилан олшруулах, энэ хуулийн 6.5, 9.1, 9.2-т зааснаас өөр стандарт хэрэглэх, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын товчилсон тэмдэглэгээ тавихыг хориглоно.
9.4.Энэ хуулийн 6.3-т заасан стандартыг холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, техникийн зохицуулалтад заавал мөрдөхөөр иш татсан бол тэр нь заавал мөрдөх стандартын нэгэн адил үйлчилнэ.
10 дугаар зүйл.Техникийн зохицуулалт
10.1.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хуурамч бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор техникийн зохицуулалтыг хэрэглэнэ.
10.2.Техникийн зохицуулалтыг Засгийн газар батална.
10.3.Стандартчиллын төв байгууллага техникийн зохицуулалтын төсөлд шүүлт хийж, дүгнэлт гаргана.
10.4.Засгийн газар тухайн техникийн зохицуулалтыг мөрдүүлэх үндэслэл болж байсан нөхцөл, зорилго өөрчлөгдсөн тохиолдолд техникийн зохицуулалтыг хүчингүй болгох буюу түүнд өөрчлөлт оруулна.
10.5.Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудаас санал болгож буй олон улсын худалдаанд хэрэглэх техникийн зохицуулалтыг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх асуудлыг худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
10.6.Стандартчиллын төв байгууллага нь Монгол Улсаас олон улсын худалдаанд хэрэглэхээр санал болгосон техникийн зохицуулалтыг батлахаас гурваас доошгүй сарын өмнө Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад энэ тухай мэдээлнэ.
11 дүгээр зүйл.Мэдээлэл
11.1.Стандартчиллын төв байгууллага нь мэдээлэл, лавлагааны төв ажиллуулна.
11.2.Мэдээлэл, лавлагааны төв нь бүтээгдэхүүнд хамаарах Олон улсын гэрээ хэлэлцээр, олон улс, бүс нутаг, гадаад орны болон үндэсний стандарт, техникийн зохицуулалт, удирдамж, зөвлөмж, аргачлал, заавар, тохирлын үнэлгээний журам болон холбогдох норматив-техникийн бусад баримт бичгийн албан ёсны эх, эсхүл хуулбар хувиудаас бүрдсэн үндэсний мэдээллийн сантай байна.
11.3.Мэдээлэл, лавлагааны төв нь төрийн мэдээллийн нөөц бөгөөд энэ хуулийн 11.2-т заасан баримт бичгийг төвлөрүүлэн бүрдүүлэх, хүлээн авах, бүртгэх, хадгалах, хамгаалах, мэдээлэх, хэвлэх, борлуулах үйлчилгээ эрхэлнэ.
11.4.Мэдээлэл, лавлагааны төв нь үнэн зөв, бодит мэдээллээр нийтэд үйлчилнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ
12 дугаар зүйл.Тохирлын үнэлгээний зорилго, төрөл, зарчим
12.1.Тохирлын үнэлгээг бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор хэрэглэнэ.
12.2.Тохирлын үнэлгээ нь итгэмжлэл, сорилт, баталгаажуулалт, техникийн хяналт гэсэн төрөлтэй байна.
12.3.Тохирлын үнэлгээнд дараахь зарчмыг баримтална:
12.3.1.бие даасан, хараат бус байх;
12.3.2.бодитой, үнэнч, шударга байх;
12.3.3.хүсэлт гаргагч бүх талд адил тэгш нөхцөл олгох;
12.3.4.нээлттэй, хүртээмжтэй байх;
12.3.5.хүсэлт гаргагчийн нууцад хамаарах мэдээллийг хамгаалах.
12.4.Тохирлын үнэлгээг стандарт, техникийн зохицуулалт болон холбогдох норматив-техникийн баримт бичигт үндэслэн явуулна.
12.5.Тохирлын үнэлгээний байгууллага нь тохирлын үнэлгээг мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, тухайн чиглэлээр мэргэшсэн шинжээчээр гүйцэтгүүлнэ.
12.6.Тохирлын үнэлгээний байгууллага нь үнэлгээний дүнг буруу гаргасан тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
13 дугаар зүйл.Итгэмжлэл
13.1.Итгэмжлэлд сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага хамрагдаж болно.
13.2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах байгууллага нь заавал итгэмжлэгдэнэ.
13.3.Итгэмжлэлийг улсын хэмжээнд Стандартчиллын төв байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
13.4.Итгэмжлэлийн тогтолцоо нь итгэмжлэлийн байгууллага, итгэмжлэлийн техникийн хороод, маргаан шийдвэрлэх комиссын үйл ажиллагаанаас бүрдэнэ.
13.5.Итгэмжлэлд орон тооны бус шинжээчийг гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.
13.6.Итгэмжлэлийн байгууллага нь дараахь бүрэн эрхтэй:
13.6.1.итгэмжлэлийн техникийн хорооны дүгнэлтийг үндэслэн итгэмжлэлийн гэрчилгээ олгох;
13.6.2.итгэмжлэлийн техникийн хороод байгуулж, тэдгээрийн дүрмийг батлах, үйл ажиллагааг зохицуулах;
13.6.3.итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллагын улсын бүртгэлийг хөтлөх;
13.6.4.итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд магадлан шалгалт хийх;
13.6.5.итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага нь зохих шаардлага, шалгуурыг хангахгүй байгаа нь тогтоогдвол итгэмжлэлээр тогтоосон хүрээг багасгах, итгэмжлэлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авах.
13.7.Итгэмжлэлийн шинжээч нь дараахь эрх, үүрэгтэй байна:
13.7.1.итгэмжлэлийн байгууллагын шийдвэрээр сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллага нь тогтоосон шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг газар дээр нь шалган үнэлэх;
13.7.2.итгэмжлэлийн үнэлгээний талаар эцсийн дүгнэлт гарахаас өмнө тодорхой асуудлаар хувийн үнэлгээ, байр сууриа илэрхийлэхгүй байх;
13.7.3.итгэмжлүүлэхээр хүсэлт гаргагч байгууллагатай хөдөлмөрийн болон бусад гэрээгээр хамтран ажилладаг бол итгэмжлэлд оролцохоос татгалзах.
13.8.Итгэмжлэлийн техникийн хороо нь төр, аж ахуйн нэгж, шинжлэх ухааны болон бусад байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус байдлаар ажиллана.
13.9.Итгэмжлэлийн техникийн хороо нь дараахь эрх, үүрэгтэй байна:
13.9.1.итгэмжлэгдэх байгууллага нь итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах;
13.9.2.итгэмжлэл явуулахдаа олж мэдсэн технологийн болон худалдааны мэдээ, материалыг задалж, тараахгүй байх.
13.10.Итгэмжлэлд оролцогч талуудын хооронд гарсан аливаа гомдол, маргааныг Маргаан шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.
13.11.Маргаан шийдвэрлэх комисс нь төрийн болон шинжлэх ухааны байгууллага, хэрэглэгч, Стандартчиллын төв байгууллагын төлөөлөл бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
13.12.Маргаан шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүн, дүрмийг стандартын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13.13.Маргаан шийдвэрлэх комисс нь шийдвэр гаргахдаа хараат бус, бие даасан, сонирхлын зөрчилгүй байх зарчим баримтална.
13.14.Итгэмжлэгдсэн байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй байна:
13.14.1.тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах;
13.14.2.итгэмжлэлээр тогтоосон хүрээнд итгэмжлэгдээгүй байгууллага хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх;
13.14.3.итгэмжлэлийн шалгуурыг байнга, тогтвортой хангаж, зохих дүрэм, журам, зааврыг мөрдөх;
13.14.4.итгэмжлэлийн нэр хүндийг зүй бусаар ашиглахгүй байх;
13.14.5.үйл ажиллагааны зохион байгуулалт, харьяалал, чиглэл, техник хангамж өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуулийн 13.6-д заасан байгууллагад арван дөрөв хоногийн дотор мэдээлэх.
14 дүгээр зүйл.Сорилтын лаборатори
14.1.Дараахь шаардлага хангасан сорилтын лабораторид итгэмжлэл олгоно:
14.1.1.сорилтын үр дүнг үйлдвэрлэгч, борлуулагч, хяналтын байгууллагаас удирдлагын болон санхүүгийн хувьд хараат бус, бие даасан байдлаар гаргах нөхцөл бүрдүүлсэн байх;
14.1.2.сорилтыг стандарт, эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулах, зориулалтын өндөр нарийвчлал бүхий баталгаатай багаж, тоног төхөөрөмжтэй байх;
14.1.3.сорилт явуулахад шаардагдах стандарт, аргачлал, стандартчилсан загвар, холбогдох бусад материалыг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байх;
14.1.4.сорилт явуулах нөхцөл, орчинг холбогдох стандартын дагуу хангасан байх;
14.1.5.сорилтын үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах чанарын гарын авлагатай байх.
14.2.Сорилтын лаборатори нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулга, бүтээгдэхүүний сорилт, шинжилгээ, оношлогооны гэсэн төрөлтэй байна.
14.3.Сорилтын лаборатори нь сорилтын үр дүнг бие даасан, хараат бус байдлаар гаргана.
14.4.Сорилтын лаборатори нь ур чадварыг үнэлэх чиглэлээр сорилт явуулахаар итгэмжлэгдсэн байгууллагаар сорилт гүйцэтгэх ур чадвараа жилд нэгээс доошгүй удаа тогтоолгож байна.
15 дугаар зүйл.Тохирлын баталгаа
15.1.Тохирлын баталгаа нь баталгаажуулалт, нийлүүлэгчийн мэдэгдэл гэсэн хоёр хэлбэртэй байна.
15.2.Үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчээс бүтээгдэхүүндээ нийлүүлэгчийн мэдэгдэл гаргаж болно.
15.3.Нийлүүлэгчийн мэдэгдлийг баталгаажуулалтын байгууллагаас хүлээн зөвшөөрч болно. Хүлээн зөвшөөрсөн нийлүүлэгчийн мэдэгдэл нь энэ хуулийн 16.4-т заасан тохирлын гэрчилгээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.
16 дугаар зүйл.Баталгаажуулалт
16.1.Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд заавал хамруулна.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална.
16.3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 16.1-д зааснаас бусад бүтээгдэхүүн, чанарын болон байгаль орчны зэрэг удирдлагын тогтолцоо, шинжээчээ баталгаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж болно.
16.4.Баталгаажуулалтын байгууллага нь зохих журмын дагуу баталгаажуулалтад тэнцсэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ /цаашид "тохирлын гэрчилгээ" гэх/ олгоно.
16.5.Баталгаажуулалтын байгууллага нь итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, техникийн хяналтын байгууллагатай гэрээ байгуулж тэдгээрийн сорилт, техникийн хяналтын үр дүнг ашиглаж болно.
16.6.Тохирлын гэрчилгээ, үндэсний тохирлын тэмдэг олгосон нь түүнийг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулснаас хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнд зохих хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
16.7.Бүтээгдэхүүний сорилтын болон тохирлын баталгааны үр дүнг хэрэглэх, харилцан хүлээн зөвшөөрөх талаар Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон хүчин төгөлдөр тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээг Стандартчиллын төв байгууллагаас зөвшөөрнө.
16.8.Энэ хуулийн 16.7-д заасны дагуу зөвшөөрөгдсөн болон үндэсний тохирлын тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспортлох, импортлоход хяналт, баталгаажуулалтад давтан хамруулахгүй.
16.9.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын технологийн тогтвортой байдал, удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байдлыг харгалзан тохирлын гэрчилгээг гурваас доошгүй жилийн хугацаагаар олгоно.
16.10.Тохирлын гэрчилгээнд баталгаажуулалтын байгууллагын болон баталгаажуулалтад тэнцсэн аж ахуйн нэгж, байгууллагын нэр, стандарт, техникийн зохицуулалтын дугаар, сорилтын үр дүн, бүтээгдэхүүний болон удирдлагын тогтолцооны гэрчилгээний дугаар, бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар тусгана.
16.11.Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилнэ.
16.12.Стандартчиллын төв байгууллага нь бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийж үндэсний тохирлын тэмдэг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ.
16.13.Энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллага дараахь эрх, үүрэгтэй байна:
16.13.1.баталгаажуулалтын схемийн дагуу баталгаажуулалт хийх;
16.13.2.тохирлын гэрчилгээ олгох, нийлүүлэгчийн мэдэгдлийг бүртгэх, тэдгээрийг хүчингүй болгох;
16.13.3.баталгаажуулалтад хамрагдсан бүтээгдэхүүнд хяналт тавих;
16.13.4.энэ хуулийн 16.13.2-т заасан шийдвэрийн талаар хяналтын болон гаалийн байгууллагад мэдээлэх;
16.13.5.шаардлагатай гэж үзвэл бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй болохыг нотолсон дүгнэлтийг холбогдох байгууллагуудаас гаргуулах;
16.13.6.холбогдох мэргэжлийн хүмүүсийг баталгаажуулалтад татан оролцуулах.
16.14.Энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд дараахь нийтлэг шаардлага тавина:
16.14.1.бүтээгдэхүүнийг тохирлын баталгаатайгаар нийлүүлэх талаар худалдааны гэрээ, хэлэлцээрт тусгасан байх;
16.14.2.экспорт, импортын бүтээгдэхүүнийг тохирлын гэрчилгээ болон түүнтэй адилтгах баримт бичиггүйгээр улсын хилээр нэвтрүүлэхгүй байх.
16.15.Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад бараа, бүтээгдэхүүнийг заавал тохирлын баталгаатайгаар харилцан нийлүүлэхээр худалдааны гэрээ, хэлэлцээрт тусгасан бол тэдгээрийг улсын хилээр нэвтрүүлэхэд энэ хуулийн 16.14.2-ыг баримтална.
16.16.Шинжээч нь энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүнд баталгаажуулалт явуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, мэдээ баримтыг авч танилцах, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж хэрэглэх, бүтээгдэхүүнээс дээж авах, илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх эрх, үүрэгтэй байна.
17 дугаар зүйл.Техникийн хяналт
17.1.Техникийн хяналт нь үйлдвэрлэгчийн ба хөндлөнгийн гэсэн хэлбэртэй байна.
17.2.Техникийн хяналтын байгууллага нь бүтээгдэхүүн, түүний зохион бүтээлт, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ, ажлын байрны орчин нөхцөл, хэвийн ажиллагаа, аюулгүй байдлын үзүүлэлт нь стандартаар тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.
17.3.Техникийн хяналтын байгууллага нь энэ хуулийн 12.5-д заасан шинжээчийн ажиллах нөхцөл, шаардлага, түүнчлэн техникийн хяналт явуулах тоног төхөөрөмжийг бүрэн хангасан байна.
17.4.Техникийн хяналтыг тухайн чиглэлээр итгэмжлэгдсэн байгууллага болон мэргэшсэн, эрх бүхий шинжээч гүйцэтгэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
18 дугаар зүйл.Стандартчиллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
18.1.Стандартчиллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхтэй:
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
18.1.1.эрхэлсэн салбар, чиглэлийнхээ техникийн бодлогыг стандартчилал, техникийн зохицуулалтад тусгаж хэрэгжүүлэх;
18.1.2.холбогдох чиглэл, салбарын техникийн зохицуулалт боловсруулах, стандартчиллын ажилд төлөөллөө оролцуулах;
18.1.3.салбарын чиглэлээр сорилтын лабораториудыг бэхжүүлэх, тэдгээрийн техникийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авах;
18.1.4.Олон улсын стандартчиллын болон бусад байгууллагуудаас баталсан тухайн чиглэлийн стандартыг энэ хуулийн 11.1-д заасан байгууллагад хүргүүлэх.
19 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:
19.1.1.нутаг дэвсгэртээ Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
19.1.2.тухайн нутаг дэвсгэрт сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллагыг бэхжүүлэх, техникийн түвшинг дээшлүүлэх талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэх, тэдгээрийг итгэмжлүүлэх арга хэмжээ авах.
20 дугаар зүйл.Стандартчиллын Үндэсний зөвлөл
20.1.Стандартчиллын Үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/ нь төрийн болон төрийн бус, шинжлэх ухааны холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдэнэ.
20.2.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхтэй:
20.2.1.Үндэсний стандарт, стандартчиллын хөтөлбөрийг батлах, хүчингүй болгох;
20.2.2.хууль тогтоомжид нийцүүлэн стандартчилал, тохирлын үнэлгээний ажлын хэтийн бодлого, чиглэлийг тодорхойлох;
20.2.3.стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг батлах;
20.2.4.стандартчиллын техникийн хороодыг байгуулах, тэдгээрийн дүрмийг батлах.
20.3.Засгийн газар Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлнө.
20.4.Үндэсний зөвлөлийг Стандартчиллын төв байгууллагын дарга тэргүүлнэ.
21 дүгээр зүйл.Стандартчиллын байгууллагын тогтолцоо
21.1.Стандартчиллын байгууллагын тогтолцоо нь төв болон орон нутгийн байгууллагаас бүрдэнэ.
21.2.Стандартчиллын төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг стандартын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
22 дугаар зүйл.Стандартчиллын төв байгууллага
22.1.Стандартчиллын төв байгууллага нь улсын хэмжээнд стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мөн.
22.2.Стандартчиллын төв байгууллага нь дараахь бүрэн эрхтэй:
22.2.1.стандартчилал, тохирлын үнэлгээний талаарх төрийн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх, гүйцэтгэлийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
22.2.2.стандартчилал, тохирлын үнэлгээний асуудлаар шинжлэх ухаан технологийн судалгаа, шинжилгээ хийх;
22.2.3.эрхэлсэн асуудлаар дүрэм, журам, заавар боловсруулах, холбогдох байгууллагуудад мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэшлийн удирдлагаар хангах;
22.2.4.стандартчиллын техникийн хороодын үйл ажиллагааг зохицуулах;
22.2.5.эрхэлсэн асуудлаараа аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, тэдгээртэй байгуулсан гэрээний дагуу төлбөртэй ажил, үйлчилгээ, сургалт явуулах;
22.2.6.эрхэлсэн асуудлаараа олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, олон улс, бүс нутаг, гадаад улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх;
22.2.7.гаальд баталгаажуулалтын алба байгуулж ажиллуулах;
22.2.8.сорилтын лаборатори, итгэмжлэл, баталгаажуулалт, техникийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон улсын болон бүс нутгийн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлөх ажлыг зохион байгуулах;
22.2.9.үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанарын улсын хяналт тавих.
/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.3.Стандартчилал, тохирлын үнэлгээний асуудлаар сургалт явуулах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүргийг Засгийн газрын шийдвэрээр төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
22.4.Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Стандартчиллын төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
22.5.Стандартчиллын төв байгууллагын дүрмийг Засгийн газар батлана.
23 дугаар зүйл.Орон нутгийн стандартчиллын байгууллагын бүрэн эрх
23.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагыг байгуулж ажиллуулна.
23.2.Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллага нь дараахь бүрэн эрхтэй:
23.2.1.нутаг дэвсгэртээ энэ хуулийн 22.2.3, 22.2.5-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
23.2.2.стандарт боловсруулах талаар арга зүйн зөвлөлгөө өгөх ажлыг зохицуулах, байгууллагын стандартын бүртгэл хөтлөх;
23.2.3.мэдээлэл, лавлагааны төвийн салбарыг орон нутагт байгуулан ажиллуулах;
23.2.4.сорилт, баталгаажуулалтыг энэ хуульд заасны дагуу явуулах.
23.3.Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг стандартчиллын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
23.4.Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг инженер, техник, технологийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг "23.4.Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно." гэж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
24 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг
24.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, үүрэгтэй:
24.1.1.стандарт, техникийн зохицуулалтад заасан үзүүлэлт, шаардлагыг биелүүлэх;
24.1.2.өөрийн бүтээгдэхүүний стандарт боловсруулах ажлыг санхүүжүүлэх;
24.1.3.бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хангах;
24.1.4.энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүнээ баталгаажуулалтад зохих хугацаанд хамруулах, түүнтэй холбогдсон зардлыг хариуцах;
24.1.5.өөрийн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх чиглэлээр чанарын болон байгаль орчны зэрэг удирдлагын нийтлэг, дэвшилттэй аргыг нэвтрүүлэх;
24.1.6.шаардлагатай тохиолдолд стандартчиллын техникийн хорооны ажилд төлөөллөө оролцуулах;
24.1.7.шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгохтой холбогдсон стандарт, арга зүйг ажиллагсаддаа эзэмшүүлэх;
24.1.8.мэргэжлийн хяналтын улсын байцаагчид ажлаа саадгүй явуулахад нь шаардагдах нөхцөл, мэдээлэл, техник хэрэгслээр хангах.
25 дугаар зүйл.Стандарт, тохирлын үнэлгээний талаарх мэргэжлийн хяналт
25.1.Стандарт, тохирлын үнэлгээний талаарх мэргэжлийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв болон орон нутгийн байгууллага хэрэгжүүлнэ.
25.2.Мэргэжлийн хяналтад дараахь зүйлийг хамруулна:
25.2.1.стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль тогтоомж, заавал мөрдөх үндэсний стандарт, техникийн зохицуулалтын мөрдөлт;
25.2.2.энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүнийг баталгаажуулалтад хамруулсан эсэх;
25.2.3.бүтээгдэхүүний зориулалт, чанарын төлөв байдал нь сав, баглаа боодол, хаяг, шошго, бусад мэдээлэлтэй нийцэж байгаа эсэх.
25.3.Энэ хуулийн 25.2-т заасан хяналтыг хэрэгжүүлэх улсын байцаагч нь стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдсан байна.
25.4.Стандарт, тохирлын үнэлгээний талаар мэргэжлийн хяналт гүйцэтгэх стандартын хяналтын улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай2 хуулийн 10.4-д заасны дагуу олгоно.
25.5.Стандартын хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхтэй:
25.5.1. заавал мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, тохироогүй нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан тохиолдолд үйл ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр буюу бүрмөсөн зогсоох, шаардлагатай гэж үзвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгуулах;
25.5.2.хяналтыг хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар биелүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, технологийн холбоотой нууцыг чандлан хадгалах;
25.5.3. зөрчлийг өөр байдлаар арилгах боломжгүй тохиолдолд үйлдвэрлэлийн ажиллагаа /арга/, ашиглалтыг хэсэгчлэн ба бүрэн зогсоох талаар эрх бүхий байгууллага, прокурорт хүсэлт гаргах;
25.5.4.хяналтын үр дүнд тавьсан акт, торгууль, гаргасан шийдвэр, албан шаардлагынхаа үнэн зөвийг бүрэн хариуцах.
25.6.Стандартын хяналтын улсын байцаагчид дараахь үйлдлийг хориглоно:
25.6.1.аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөх, тэдгээрт ашигтай давуу тал бий болгосон шийдвэр гаргах;
25.6.2.шалгалтын дүн болон хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын нууцыг задруулах;
25.6.3.итгэмжлэл, баталгаажуулалт, техникийн хяналтын шинжээчийн үүргийг давхардуулан гүйцэтгэхгүй байх.
25.7.Мэргэжлийн хяналтын байгууллага нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүний талаар иргэний мэдээллийн дагуу шалгалт явуулж болох бөгөөд үнэн зөв, онцгой чухал мэдээлэл өгсөн иргэнийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу урамшуулах буюу мэдээллийг худалдан авч болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
26 дугаар зүйл.Стандартчилал, тохирлын үнэлгээний санхүүжилт
26.1.Стандартчиллын төв болон орон нутгийн байгууллагаас энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардал, Үндэсний зөвлөл, стандартчиллын ба итгэмжлэлийн техникийн хороо, итгэмжлэлийн маргаан шийдвэрлэх комиссын үйл ажиллагаатай холбогдсон зардал болон Олон улсын байгууллагын гишүүний татварыг улсын төсвөөс, энэ хуулийн 22.2.2-т заасан үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн сангаас, бусад зардлыг тухайн байгууллагын төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэсэн төлбөрт ажил үйлчилгээний орлогоос тус тус санхүүжүүлнэ.
26.2.Энэ хуулийн 13.2, 16.1, 22.2.5-д заасан ажил, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг стандартын болон төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
28.1. Энэ хуулийг 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A