A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

/Энэ хуулийн нэрд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

2.1.Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд албан татвар төлөгч болон ажил олгогч байхаар тодорхойлогдсон иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3 дугаар зүйл. Албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлэх

Хэвлэх

3.1.Энэ хуулийн 2.1-д заасан хуулийн дагуу 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн байвал зохих иргэн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй боловч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор харьяалах татварын алба, нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн бол дор дурдсан хуульд заасан хариуцлагаас чөлөөлнө:

3.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.1;

3.1.2.Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42.1.1;

3.1.3.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйл;

3.1.4.Эрүүгийн хуулийн 167 дугаар зүйл;

3.1.5.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.1.

/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3.2.Энэ хуулийн 3.1-д заасны дагуу албан татвар төлөгч, ажил олгогчоор бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн ийнхүү бүртгүүлэхээс өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл” гэх/-нд албан татвар, хүү, торгууль, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн ногдуулахгүй./

3.3.Энэ хуулийн 3.1-д заасны дагуу албан татвар төлөгчөөр бүртгүүлэхэд Татварын ерөнхий хууль, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль болон тухайн төрлийн татварын хуульд заасан журмыг баримтална.

4 дүгээр зүйл. Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг зөв тайлагнах

Хэвлэх

4.1.Энэ хуулийн 2.1-д заасан хуульд заасны дагуу 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуун дарагдуулсан боловч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчилсэн тайланг гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан хуульд заасан хариуцлагаас чөлөөлнө:

4.1.1.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-3 дахь заалт;

4.1.2.Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 42 дугаар зүйл;

4.1.3.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйл;

4.1.4.Эрүүгийн хуулийн 166,167 дугаар зүйл;

4.1.5.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3 дахь заалт.

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах татварын албанд гаргаж өгсөн санхүүгийн болон албан татварын шинэчилсэн тайланг эхлэлтийн тайлан, баланс, нийгмийн даатгалын орон нутгийн салбар нэгжид ажил олгогчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг эхлэлтийн тайлан гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайланд мөн хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн ногдуулахгүй.

4.3.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу чөлөөлөгдөх албан татвар, шимтгэлд дор дурдсан албан татвар, шимтгэл хамаарна:

4.3.1.хувь хүний орлогын албан татвар;

4.3.2.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

4.3.3.орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар;

4.3.4.нэмэгдсэн өртгийн албан татвар;

4.3.5.гаалийн албан татвар;

4.3.6.онцгой албан татвар;

4.3.7.автобензин, дизелийн түлшний албан татвар;

4.3.8.бууны албан татвар;

4.3.9.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

4.3.10.авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

4.3.11.нийгмийн даатгалын шимтгэл.

/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.4.Энэ хуулийн 4.1-4.3-т зааснаас бусад албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхгүй.

4.5.2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу гаргасан шинэчилсэн тайланг үргэлжлүүлэн хөтөлсөн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд үндэслэн ногдуулна.

5 дугаар зүйл. Өршөөл үзүүлэх

Хэвлэх

5.1.2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэх асуудлыг тусгай хуулиар зохицуулна.

6 дугаар зүйл. Бусад зүйл

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 3.1, 4.1-д заасны дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан иргэн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчилсэн тайлан, эдгээр тайланд тусгагдсан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, шимтгэл ногдох орлогын эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно.

7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

7.1.Энэ хуулийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН