Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛБӨР ТООЦООГ YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГYЙЦЭТГЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 9-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨЛБӨР ТООЦООГ YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГYЙЦЭТГЭХ ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль тогтоомж

2.1.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр” гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг;

3.1.2.“үндэсний мөнгөн тэмдэгт” гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэл дээр “Togrog”, товчлолыг “MNT” гэж бичнэ;

3.1.3.“Монголбанкны албан ханш” гэж банк хооронд болон банкнаас байгууллага, иргэнтэй хийсэн гадаад валютын бэлэн бус арилжааны дүн, ханшид үндэслэн тооцоолж Монголбанкнаас зарласан ханшийг;

3.1.4.“гадаад валют” гэж гадаадын мөнгөн тэмдэгт, гадаадын валютыг;

3.1.5.“гадаадын мөнгөн тэмдэгт” гэж Монгол Улсаас бусад улсын эрх бүхий байгууллагаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох гадаад орны мөнгөн тэмдэгтийг;

3.1.6.“гадаадын валют” гэж улс хоорондын худалдаа, эдийн засаг, санхүүгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж байгаа гадаад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж, түүгээр төлөгдөх үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийг;

 3.1.7.“тооцооны нэгж” гэж бараа, ажил, үйлчилгээний үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлсэн үнийн саналыг .

ХОЁРДУГААР БYЛЭГ

YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЦЭТГЭХ ТӨЛБӨР ТООЦОО

Хэвлэх

4 дүгээр зүйл.Yндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээ

4.1.Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

4.2.Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.

4.3.Монгол Улсын хууль тогтоомжид хураамж, шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ.

4.4.Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно.

ГУРАВДУГААР БYЛЭГ

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ

Хэвлэх

5 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага

5.1.Банкинд Монголбанкны хянан шалгагч, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хяналт тавина.

5.2.Энэ хуулийн хэрэгжилтэд Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу хамтарсан хяналт шалгалт хийж болно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

6.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

7.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ