A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

 

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь төрийн тусгай хамгаалалт, түүний хамрах хүрээ, хамгаалалтыг хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомж

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ зүйлд 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалт

Төрийн тусгай хамгаалалт нь аюулгүй байдлыг нь хангах зорилгоор хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон, өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай цогцолбор үйл ажиллагаа мөн.

4 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын зарчим

Төрийн тусгай хамгаалалт нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах, иж бүрэн байх зарчимд үндэслэнэ.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:

1/"хамгаалуулагч" гэж Монгол Улсын хууль, олон улсын гэрээний дагуу төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэнийг;

2/"шадар хамгаалалт" гэж хамгаалуулагчийг биечлэн дагаж хамгаалахыг;

3/"гадуур хамгаалалт" гэж хамгаалуулагчийг үзвэр, үйлчилгээ, олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцох, нийслэл хот, орон нутагт явах үед тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тодорхой орчин, нутаг дэвсгэрт төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслээр ил хэлбэрээр зохиож байгаа хамгаалалтыг;

4/"далд хамгаалалт" гэж хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тэдний ажиллаж, амьдарч, байрлаж байгаа орчин, явах зам, чиглэлийн дагуу далд хэлбэрээр зохиож байгаа хамгаалалтыг;

5/"цувааны хамгаалалт" гэж хамгаалуулагчийг автотээврийн хэрэгслээр зорчих үед гадны халдлага, болзошгүй ослоос хамгаалах зорилгоор төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслээр авто цувааны дотор зохиож байгаа хамгаалалтыг;

6/"төрийн тусгай хамгаалалтын бүс" гэж гадуур хамгаалалт зохиож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвсгэрийг тус тус хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ХАМРАХ ХҮРЭЭ, ЗЭРЭГЛЭЛ

6 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн

1.Дараахь албан тушаалтан, иргэн төрийн тусгай хамгаалалтад байна:

1/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд;

2/Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэгч;

3/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэнийг хуульд заасан хугацаанд;

/Энэ заалтад 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн компани эхэлсэн өдрөөс сонгуулийн албан ёсны дүн гарах хүртэлх хугацаанд, Улсын Их Хурлын даргад болон Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийг нэр дэвшсэн өдрөөс албан ёсны шийдвэр гарах хүртэлх хугацаанд;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5/Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочин.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хамгаалуулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан түүний эхнэр / нөхөр/ , насанд хүрээгүй хүүхдийн амь биед гадны аюул учирч болзошгүй тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэл тэднийг төрийн тусгай хамгаалалтад түр хугацаагаар авч болно.

3.Монгол Улсын аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад албан тушаалтан, иргэнийг төрийн тусгай хамгаалалтад хамааруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Төрийн тусгай хамгаалалтад байгаа албан тушаалтан, иргэн нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврыг хүндэтгэн биелүүлнэ.

5.Төрийн тусгай хамгаалалтад байгаа иргэн, албан тушаалтан гэмт хэрэгт холбогдон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл яллагдагчаар цаашид хорьж, мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж үзэн шүүгчийн захирамж гарсан тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлэх хугацаанд түүний цалин, тэтгэмжээс бусад хангамж, үйлчилгээ, төрийн тусгай хамгаалалт түдгэлзэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.Төрийн тусгай хамгаалалтад байгаа иргэн, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хорих болон баривчлах ял эдлэх хугацаанд түүний цалин, тэтгэмжээс бусад хангамж, үйлчилгээ, төрийн тусгай хамгаалалт түдгэлзэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтад байх хурал, чуулган, бусад арга хэмжээ

1.Улсын Их Хурлын чуулганы болон Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөлгөөн төрийн тусгай хамгаалалтад байна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хурал, чуулган бусад арга хэмжээ явагдаж байгаа танхим, түүний орчинд эрх бүхий байгууллагаас тогтоосон дэг журам зөрчихийг хориглоно.

8 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтад байх барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл

1.Төрийн тусгай хамгаалалтад дараахь барилга, тээврийн хэрэгсэл байна:

1/Монгол Улсын Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууц, төрийн харш, гадаадын дээд, өндөр хэмжээний зочдын байрлах зочид буудал;

2/хамгаалуулагчийн хөлөглөж яваа болон зориулалтын тээврийн хэрэгсэл.

2.Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай бусад зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална.

3.Төрийн тусгай хамгаалалтын бүс, хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд эрх бүхий албан тушаалтан, төрийн хамгаалалтын эрх бүхий албан хаагчаас бусад хүн зөвшөөрөлгүй, эсхүл зэвсэг, тусгай хэрэгсэлтэй нэвтрэн орох, тэдгээрийн орчинд цэрэг, зэвсэг техникийн хүч хуралдуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын зэрэглэл

1.Төрийн тусгай хамгаалалт нь хамрах хүрээ, хүч хэрэгсэл, нөхцөл байдлаас шалтгаалан дараахь зэрэглэлтэй байна:

1/нэгдүгээр зэрэглэл;

2/хоёрдугаар зэрэглэл;

3/гуравдугаар зэрэглэл;

4/дөрөвдүгээр зэрэглэл.

2.Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн дараахь зэрэглэлд тус тус хамаарна:

1/нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд хэмжээний зочин;

2/хоёрдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны өндөр хэмжээний зочин;

3/гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэн болон Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч, Монгол Улсын хууль, олон улсын гэрээний дагуу төрийн тусгай хамгаалалтад авах бусад албан тушаалтан, иргэн;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4/дөрөвдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хамгаалуулагчийн эхнэр / нөхөр/ , насанд хүрээгүй хүүхэд болон 6 дугаар зүйлийн 3-т заасан албан тушаалтан, тэдний эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхэд хуульд заасан нөхцөл байдлын үед түр хугацаагаар.

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Хамгаалалтын зэрэглэл тус бүрийн онцлогт тохирсон хүч хэрэгслийн хэмжээ, тэдгээрийг хамгаалалтын тухайн нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулах журмыг Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Төрийн тусгай хамгаалалтын байгууллагатүүний эрх, үүрэг

/Энэ бүлгийн гарчигт 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага

/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллага /цаашид “Төрийн тусгай хамгаалалтын газар” гэх/ нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн.

2.Төрийн тусгай хамгаалалтын газар хамгаалалт, үйлчилгээ, захиргаа, сургалт, тусгай зориулалтын болон дүн шинжилгээний нэгжтэй байх бөгөөд зохион байгуулалтын бүтцийг төрийн тусгай хамгаалалтын иж бүрэн байх зарчимд нийцүүлэн Засгийн газар тогтооно.

3.Төрийн тусгай хамгаалалтын газар туг, бэлгэ тэмдэгтэй байна. Туг, бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

4.Төрийн тусгай хамгаалалтын газар тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

5.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

6.Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

7.Төрийн тусгай хамгаалалтын газар улсын төсвөөс санхүүжнэ.

8.Төрийн тусгай хамгаалалтын газрын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.

11 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын газрын эрх, үүрэг

1.Төрийн тусгай хамгаалалтын газар дараахь эрх эдлэнэ:

1/төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйл, тэдгээрийн орчинд эмх замбараагүй байдал үүсэх, гамшиг, гэнэтийн осол гарах зэргээр нөхцөл байдал хүндэрсэн үед цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын төв, орон нутгийн байгууллагаас туслалцаа авах, харилцан ажиллах;

/Энэ заалтад 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

2/төрийн тусгай хамгаалалтын бүс, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд нэвтрэн орох журам, дэглэм тогтоох, хяналт тавих;

3/хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор төр, захиргаа, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас хамгаалалтын ажлын нөхцөл байдалтай холбогдох мэдээ, судалгаа гаргуулж авах;

4/хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор явган зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр зогсоох, чиглэлийг өөрчлүүлэх;

5/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан, шаардлагатай тохиолдолд бусад хамгаалуулагчийг орон нутагт нисэх онгоц, галт тэргээр зорчин явах үед аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор уул тээврийн хэрэгслээр тухайн үед зорчих хүмүүс, тэдний ачаа тээшийг шалгахад, түүнчлэн хамгаалуулагчийг гадаадад явах үед хамт явах зорчигчдод Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн шалгалт хийхэд алба хаагчаа байлцуулах;

6/хамгаалуулагчид дотоод, гадаадаас ирүүлсэн бэлэг дурсгал, бусад зүйлд тэсэрч дэлбэрэх, хордуулах бодис байгаа эсэхэд мэргэжлийн болон холбогдох байгууллагаар шалгалт, шинжилгээ хийлгэх;

7/хамгаалуулагчийн хоол, хүнсний бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, үйлчилгээнд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор үзлэг, шалгалт хийж, дүнг холбогдох байгууллагад мэдэгдэх;

8/гадаад орны төрийн хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох.

9/хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхим, хамгаалуулагчийн ордон, өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл болон түр байрлах орон байр, албан тасалгаанд техникийн үзлэг, шалгалт хийх.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Төрийн тусгай хамгаалалтын газар дараахь үүрэгтэй байна:

1/Улсын Их Хурлын чуулганы болон Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах;

2/хамгаалуулагчийг шадарлан хамгаалах;

3/хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор гадуур болон далд хамгаалалт зохион байгуулах;

4/Төрийн ордныг хамгаалах;

5/төрийн тусгай хамгаалалтын бүс, барилга, бусад зүйлийг харуулын салбарын хамгаалалтад авах;

6/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5-д заасан хамгаалуулагчийг үйлчлэх бүрэлдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнээр хангах;

7/хамгаалуулагчийг зориулалтын автотээврийн хэрэгслээр үйлчлэх;

8/төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл, тэдгээрийн орчинд холбогдох байгууллагуудтай хамтран инженер-техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах.

9/хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай өөрт нь мэдээлж, танилцуулах.

10/байгууллага, алба хаагчийнхаа аюулгүй байдлыг хангах.

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

12 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын бүрэн эрх

/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/төрийн тусгай хамгаалалтын газрын хүний нөөцийг бэлтгэх, зэвсэг, техникээр хангах, бэхжүүлэх талаарх саналаа Засгийн газарт танилцуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

2/төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;

3/энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасан техникийн үзлэг, шалгалт хийх зөвшөөрөл олгох;

4/батлагдсан төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах, түүний гүйцэтгэлд хяналт тавих;

5/хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан хаагчийг томилох, чөлөөлөх, цэргийн цол олгох, бууруулах, хураах, сэргээх, шагнаж урамшуулах, ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэх;

6/төрийн тусгай хамгаалалтад оролцож байгаа бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтарсан шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

7/байгууллагыг төлөөлөн дотоод, гадаадын байгууллагатай харилцан ажиллах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧ, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ОНЦЛОГ

13 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч

1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөж, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа иргэнийг төрийн тусгай хамгаалалтын алба хаагч гэнэ. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь төрийн тусгай албан хаагч мөн.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Төрийн тусгай хамгаалалтын албанд 2О нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэнийг ажиллуулна.

3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

4.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан тушаалд иргэнийг сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулах журмыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын саналыг үндэслэн Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

 

14 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг

1.Монгол Улсын иргэн төрийн тусгай хамгаалалтын албанд анх орохдоо Төрийн сүлдэнд:

"Монгол Улсын иргэн Би, төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ төрөө хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, төрийн нууцыг чанд хадгалан, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ." гэж Тангараг өргөнө.

2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

15 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх, үүрэг

Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч албан үүрэг гүйцэтгэж байхдаа дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/төрийн тусгай хамгаалалттай холбогдсон хүсэлт, шаардлагыг иргэд, албан тушаалтанд тавих, дэмжлэг туслалцаа авах, төрийн тусгай хамгаалалтын бүс, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд нэвтрэн орох хүмүүсийн үнэмлэх, нэвтрэх бичгийг шалгах, эд зүйлд үзлэг хийх, хамгаалуулагчийн хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлээс сорьц авч шинжилгээ хийх, ашиглахыг хориглох, төрийн тусгай хамгаалалтын бүсэд ажиллах бусад байгууллагын ажилтанд зааварчилгаа өгөх, хяналт тавих;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2/төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйл, тэдгээрийн орчинд сэжиг бүхий этгээд илэрвэл түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, уул этгээдийг 2 цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тэсэрч дэлбэрэх, хордуулах бодис илэрвэл хураан авах, холбогдох байгууллагад шилжүүлэх;

3/хамгаалуулагчид бодитой аюул учирсан тохиолдолд шаардлагатай бол хуулиар хориглосноос бусад автотээврийн хэрэгсэл болон бусад уналга дайчлах;

4/төрийн тусгай хамгаалалтын ажлын шаардлагаар байгууллага, иргэдийн телефон утсаар үнэ төлбөргүй, нийтийн холбооны хэрэгслээр дараалал харгалзахгүй үйлчлүүлэх, байр, орон сууцанд эзэмшигчийн зөвшөөрлөөр нэвтрэн орох, үзлэг хийх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5/албан үүргээ гүйцэтгэж байхдаа зэвсэг, тусгай хэрэгсэл биедээ авч явах, тогтоосон журмын дагуу хэрэглэх;

6/өргөсөн тангарагтаа үнэнч байх;

7/удирдах байгууллагын шийдвэр, захирах даргын тушаалыг биелүүлэх;

8/хамгаалуулагчийн хувийн нууцыг чанд хадгалах;

9/хамгаалалт, үйлчилгээний ажлын мэдлэг, тусгай бэлтгэлээ байнга дээшлүүлж, шударга, санаачилгатай ажиллах.

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа

/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Албан үүргээ биелүүлэх үед нь төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид учирсан хохирлыг төр хариуцна.

2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн ажлыг захирах даргад нь мэдэгдэлгүйгээр шалгах, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах, хуулиар хүлээсэн үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчаас ажил үүрэгтэй нь холбоотой асуудлаар гэрч, хохирогчийн хувиар мэдүүлэг авах тохиолдолд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад мэдэгдэнэ.

4.Гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан төрийн тусгай хамгаалалтын алба хаагч болон түүний гэр бүлийн гишүүний амь биед аюул учирч болзошгүй бодитой нөхцөл байдал бий болсон тохиолдолд тэдгээрийг хамгаалалтад авч болно.

5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн цалин хөлс Төрийн албаны тухай хуулийн 57.2.3-т заасан цалин, нэмэгдлээс бүрдэнэ.

6.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны болон мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.

7.Төрийн тусгай хамгаалалтын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газар тогтооно.

8.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид жил бүр ажлын 15 өдрийн амралт олгох ба төрийн алба хаасан 5 жил тутамд ажлын 2 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

9.Өндөржүүлсэн бэлэн байдал, ажлын бус цагаар болон шөнийн ээлжид ажиллах үед хоол, унааны зардал, сургалт, дадлагын үед хүнсний болон эдийн хангалтыг төрийн тусгай хамгаалалтын газар хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд амраах, нөхөн сэргээх, эмчлүүлэх боломжоор хангана.

10.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч ажилдаа ирэх, ажлаас харих замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай адилтган тооцно.

11.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон барилга, бусад зүйлийн гадна цэгт болон далд хамгаалалтад ажилласан 1 жилийг 1 жил 4 сартай дүйцүүлэн тооцно.

12.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулна.

13.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч хуульд заасан бусад баталгаагаар хангагдана.

17 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх зүйн байдлын онцлог

1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/удирдах байгууллага, захирах даргын зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, албан үүргийн бус шугамаар тэдгээрт оролцох, байлцах;

2/хамгаалуулагчийн тухай өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх, хувийн нууцынх нь талаар хэвлэн нийтлэх;

3/үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын байраа захирах даргын зөвшөөрөлгүйгээр орхиж явах, бусдад шилжүүлэх;

4/хамгаалуулагчийн нэр төр, албан тушаалыг ашиглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг нам, эвсэл, холбооны гишүүний эрх, үүрэгтэй байх;

5/үүргээ гүйцэтгэж байхдаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд чиглэснээс бусад үйл ажиллагаа явуулах.

2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг хамгаалж байгаа байгууллага, хамгаалуулагчийг тагнан турших үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.

3.Шаардлагатай тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн амралтын цагийг хязгаарлах буюу илүү цагаар ажиллуулж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТАЛААР ТАГНУУЛ, ЦАГДАА БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН, ИРГЭНИЙ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

18 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын үүрэг

/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Тагнуулын байгууллага хамгаалуулагчийн аюулгүй байдал болон хамгаалалтад сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээ, мэдээллээр төрийн тусгай хамгаалалтын газрыг хангаж, шаардлагатай бусад дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.

2.Тагнуулын байгууллага, төрийн тусгай хамгаалалтын газрын харилцан ажиллах, мэдээлэл солилцох журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга Төрийн тусгай хамгаалалтын газрын даргатай хамтран батална.

3.Тагнуулын байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж тухайн орон нутагт хэрэгжүүлэх төрийн тусгай хамгаалалтад хамтран оролцох цагдаагийн болон бусад байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж төрийн тусгай хамгаалалтын газарт дэмжлэг үзүүлнэ.

19 дүгээр зүйл.Цагдаагийн байгууллагын үүрэг

1.Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,5-д заасан,шаардлагатай тохиолдолд бусад хамгаалуулагчийг баяр ёслол, олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцох, автотээврийн хэрэгслээр зорчих, орон нутагт байх үед хөтөч машин ажиллуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хэв журмын хамгаалалт зохионо.

2.Төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлийн орчинд гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллуулна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсч болзошгүй бодитой нөхцөлд төрийн тусгай хамгаалалтад хүч нэмэгдүүлж хамтран ажиллана.

4.Цагдаагийн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай харилцан ажиллах журмыг хамтран баталж, төрийн тусгай хамгаалалтад шаардагдах эрүүгийн нөхцөл байдлын мэдээг цаг тухайд нь өгч байна.

20 дугаар зүйл.Бусад байгууллага, албан тушаалтан, иргэний үүрэг

1.Төрийн захиргааны төв, орон нутгийн болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтээр холбогдох мэдээ, судалгаа гарган өгч, шаардлагатай бусад туслалцаа үзүүлнэ.

2.Гадаад харилцаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн ёслолын алба нь хамгаалуулагчийн оролцох төрийн ёслол, хүндэтгэлийн болон бусад арга хэмжээний талаар төрийн тусгай хамгаалалтын байгууллагад мэдээлэл өгч, хамгаалалтын талаархи санал зөвлөгөөг нь тусгаж ажиллана.

3.Хамгаалуулагчийг гадаад оронд айлчлах, дамжин өнгөрөх үед тухайн оронд байгаа Монгол Улсын бүрэн эрхт болон байнгын төлөөлөгчийн газар хамгаалалтын ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

4.Иргэний болон улсын нисэхийн байгууллага нь хамгаалуулагчийн хөлөглөн явах агаарын хөлгийн техникийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангана.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Төмөр замын байгууллага нь хамгаалуулагчийн хөлөглөн явах галт тэрэгний зам, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.

6.Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхэлж байгаа байгууллага нь нэгдүгээр зэрэглэлийнхээс бусад хамгаалуулагчийг хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлээр хангаж, үйлчилнэ.

7.Эрүүл мэндийн байгууллага нь хамгаалуулагчийн эрүүл мэндийг онцлон хамгаална.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.Мэдээлэл, харилцаа, холбооны байгууллага нь хамгаалуулагчийг найдвартай, шуурхай холбоогоор хангаж, түүний нууцлалыг хамгаалан, шаардлагатай үед олон улсын холбооны тусгай сувгаар саадгүй үйлчилнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.Мэргэжлийн хяналтын байгууллага нь хамгаалуулагчийн ажиллаж, амьдарч байгаа орчинд болон хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуйн хөндлөнгийн хяналтыг тогтмол тавьж, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийх бөгөөд төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг холбогдох мэдээ, мэдээллээр хангана.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

10.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйлийг галын аюулаас хамгаалж, гамшгийн үед төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллана.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

11.Шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчин, хилийн цэрэг төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

12.Монгол Улсын иргэд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хүсэлт, хуульд нийцүүлэн тавьсан шаардлагыг биелүүлж, бүхий л бололцоотой дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

21 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын зэвсэг, тусгай хэрэгсэл

Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, алба хаагч төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ дараахь зэвсэг болон тусгай хэрэгсэл, мэх хэрэглэнэ:

1/галт зэвсэг;

2/хүйтэн зэвсэг;

3/нэг бүрийн тусгай хэрэгсэл;

4/олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5/автотээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6/хамгаалах тусгай хэрэгсэл;

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7/зэвсэггүйгээр тулалдах мэх;

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8/албаны нохой.

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22 дугаар зүйл.Зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх

1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэх эрхтэй:

1/хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйл, үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалалтын алба хаагчид галт зэвсэг хэрэглэн халдсан буюу халдахыг завдсан;

2/хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар халдсан буюу халдахаар завдсан этгээдийн үйлдлийг өөр аргаар таслан зогсоох боломжгүй;

3/хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлийг барьцаанд авахаар завдсан үйлдлийг таслан зогсоох, барьцаанаас чөлөөлөх.

2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч хүйтэн зэвсэг, олон хүнд нөлөөлөх болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэхийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

1/энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх тохиолдолд;

2/төрийн тусгай хамгаалалтын бүсэд хэв журам зөрчигдсөн;

З/хамгаалуулагчийн явах замыг чөлөөлөх;

4/хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хүйтэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн халдсан буюу халдахыг завдсан;

5/сэжигтэн этгээдийг саатуулах, зохих байгууллагад хүргэх үед эсэргүүцэл үзүүлсэн.

3.Хамгаалуулагчийн амь бие, төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд автотээврийн хэрэгсэл ашиглан ноцтой хохирол учруулж болзошгүй бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан тохиолдолд автотээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэж болно.

4.Автотээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг хэрэглэх боломжгүй тохиолдолд автомашин болон бусад зүйлээр хаалт тавьж болно.

5.Зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь эмнэлгийн байгууллага, захирах даргадаа, захирах дарга нь прокурорт тус тус нэн даруй мэдэгдэнэ.

6.Төрийн тусгай хамгаалалтад хэрэглэх зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх зааврыг Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ