A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ 

 

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж

2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хуулийн этгээд” гэж Иргэний хуульд заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;

3.1.2.”хуулийн этгээдийн улсын бүртгэл” /цаашид “улсын бүртгэл” гэх/ гэж хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн талаархи бусад мэдээллийг энэ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалтад оруулах үйлдлийг;

3.1.3.”улсын бүртгэлийн жагсаалт” гэж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл агуулсан тодорхой загвар бүхий баримт бичгийг;

3.1.4.”үүсгэн байгуулах баримт бичиг” гэж хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээг.

3.1.5.“тогтмол шинэчлэх” гэж бүртгэх байгууллагын цахим хуудсанд байрлуулахаар энэ хуульд заасан мэдээллийг өдөр тутам нэгээс доошгүй удаа буюу шаардлагатай тохиолдолд тухай бүр шинэчлэхийг.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбогдолтой асуудлыг энэ хуулиар зохицуулна.

4.2.Энэ хуулийн зохицуулалтад хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсанаар үүсч, татан буулгаснаар дуусгавар болдог нийтийн эрх зүйн хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага үл хамаарна.

5 дугаар зүйл. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсэх үндэслэл

5.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасныг зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол буруутай этгээд уг гэм хорыг арилгана.

6 дугаар зүйл. Бүртгэлийн хураамж

6.1.Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан хураамж төлнө.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Бүртгэх байгууллага, түүний чиг үүрэг

7 дугаар зүйл. Бүртгэх байгууллага

7.1.Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/ бүртгэнэ:

7.1.1.нөхөрлөл, компани, хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.2./Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.1.3.төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

7.1.4.соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.5.эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

7.1.6.улс төрийн намыг Улсын дээд шүүх.

7.1.7.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага.

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Бүртгэх байгууллагын чиг үүрэг

8.1.Бүртгэх байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх;

8.1.2.энэ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх;

8.1.3.хуулийн этгээд тус бүрт холбогдох баримт бичгийг дугаарлаж хавтаслан, засвар оруулах боломжгүй байдлаар лацдах, түүнийг гал, усны болон бусад аюул ослоос бүрэн хамгаалсан шүүгээнд хадгалах;

8.1.4.улсын бүртгэлийн жагсаалтаас энэ хуульд заасан журмын дагуу лавлагаа өгөх;

8.1.5.улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэрийн жагсаалт хөтлөх, нэрийн сан бүрдүүлэх, тэдгээрээс лавлагаа өгөх;

8.1.6.улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад оруулах;

8.1.7.энэ хуульд заасан бусад чиг үүрэг.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Улсын бүртгэлийн жагсаалт

9 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх зарчим, хэлбэр

9.1.Хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон энэ хуульд заасан бусад мэдээллийг агуулсан улсын бүртгэлийн жагсаалтыг бүртгэх байгууллага хөтөлнө.

9.2.Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх зарчим, хэлбэр нэгдмэл байна.

9.3.Улсын бүртгэлийн жагсаалтыг бүртгэлийн дэвтэр дээр болон цахим санд давхар хөтлөх бөгөөд бүртгэлийн дэвтэр дээрх болон цахим сан дахь мэдээлэл зөрвөл бүртгэлийн дэвтэр дээрх мэдээллийг үндэслэл болгоно.

9.4.Улсын бүртгэлийн жагсаалтыг цахим санд оруулж хөтлөхдөө улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх зарчмыг удирдлага болгон зохих арга зүй, программыг ашиглана.

9.5.Улсын бүртгэлийн жагсаалт нь улсын хэмжээний мэдээллийн эх сурвалж болно.

10 дугаар зүйл. Улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх журам

10.1.Энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага Үндэсний статистикийн газрын саналыг тусган Засгийн газраас баталсан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалтыг хөтөлнө.

11 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн жагсаалтын агуулга

11.1.Улсын бүртгэлийн жагсаалтад хуулийн этгээдийн тухай дор дурдсан мэдээллийг тусгана:

11.1.1.хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар;

11.1.2.тухайн хуулийн этгээдийн төрөл, хэлбэр;

11.1.3.хуулийн этгээдийн ерөнхий захиргааны оршин байгаа газрын хууль ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хаяг;

11.1.4.хуулийн этгээд байгуулсан арга /шинээр, эсхүл өөрчлөн байгуулсан/;

11.1.5.үүсгэн байгуулагчийн талаар;

11.1.6.үүсгэн байгуулах баримт бичгийн талаар;

11.1.7.өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын талаар;

11.1.8.хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн огноо;

11.1.9.хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох арга /өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах/;

11.1.10.компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан өөрийн хөрөнгийн хэмжээ;

11.1.11.хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, нэр, албан тушаал, иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаар /хэрэв байгаа бол/;

11.1.12.хуулийн этгээдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талаар;

11.1.13.тухайн хуулийн этгээд салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын хууль ёсны хаяг.

11.2.Улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухайн хуулийн этгээд ажлын 3 хоногт багтаан энэ талаар бүртгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

11.4.Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсантай холбогдон улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд энэ хуулийн 11.3-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.

12 дугаар зүйл. Улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа олгох

12.1.Улсын бүртгэлийн жагсаалт дахь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаараас бусад мэдээлэл нийтэд хүртээмжтэй, ил тод байна. Бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөхөөс татгалзаж үл болно.

12.2.Бүртгэлийн байгууллага нь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаартай холбогдох мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээдэд өгч болно.

12.3.Улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагааг дараахь хэлбэрээр өгнө:

12.3.1.хүссэн мэдээллийн талаар бичгээр буюу цахим хэлбэрээр, амаар;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.3.2.шаардлагатай гэж үзвэл холбогдох баримт бичгийн хуулбарыг.

12.4.Бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа авах тухай хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан холбогдох этгээдэд шаардлагатай лавлагаа өгөх үүрэгтэй.

12.5.Бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөхдөө үйлчилгээний хураамж авах ба үйлчилгээний хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

12.6.Энэ хуулийн 12.5 нь хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээдийн хүсэлтээр өгөх лавлагаанд хамаарахгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хуулийн этгээдийг  улсын бүртгэлд бүртгэх

13 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгэх хугацаа

13.1. Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар бичгээр шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.2.Хуулийн этгээд өөрчлөгдсөний үр дүнд шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх хугацаа энэ хуулийн 13.1-д заасантай нэгэн адил байна.

14 дүгээр зүйл. Бүртгүүлэх тухай өргөдөл, түүнийг гаргах хугацаа

14.1.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг холбогдох бүртгэх байгууллагад гаргана.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.2.Өргөдлийн маягтын загварыг холбогдох бүртгэх байгууллага батална. Өргөдлийн маягтад дор дурдсан мэдээллийг тусгана:

14.2.1.үүсгэн байгуулах баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаж байгаа;

14.2.2.хуулийн этгээд нь хэлбэр, зохион байгуулалтын хувьд хуульд заасан журмаар байгуулагдаж байгаа;

14.2.3.бүрдүүлсэн баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийх шаардлага хангаж байгаа;

14.2.4.компанийн хэлбэрээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээ.

14.3.Энэ хуулийн 15.1-д заасан өргөдөл гаргагч өргөдлийн маягтыг бөглөж гарын үсэг зурах ба түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичнэ.

14.4./Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15 дугаар зүйл. Өргөдөл гаргах эрх бүхий этгээд

15.1.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг /цаашид “өргөдөл гаргагч” гэх/ гаргана:

15.1.1.тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

15.1.2.тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан;

15.1.3.тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг;

15.1.4.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

15.1.5.хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга;

15.1.6.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

16 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг

16.1.Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

16.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

16.1.2.хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.1.3.хуулийн этгээдийн дүрэм;

16.1.4.хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ;

16.1.5.Гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаад паспортын хуулбар, хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн бичилтийн хуулбар, гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.1.6./Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

16.1.8.хуулийн этгээдийг нэг, эсхүл түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд өмчилж байвал тэдгээрийг анх үүсгэн байгуулсан хүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.2.Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 16.1, 171.1, 171.2, 172.1, 172.2-т зааснаас бусад баримт бичиг шаардаж болохгүй.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн, эсхүл цахим шуудангаар буюу баталгаат илгээмжээр хүргүүлж болно. Баталгаат илгээмжээр хүргүүлэхтэй холбогдон гарах зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.4.Өргөдөл гаргагчаас хүргүүлсэн баримт бичгийг бүртгэх байгууллага хүлээн авсан өдрийг уг баримт бичгийг хүлээн авсан өдөрт тооцно.

16.5.Бүртгэх байгууллага нь хүлээн авсан баримт бичгийн жагсаалт, хүлээн авсан огноо бүхий тасалбарыг өргөдөл гаргагчид өгнө.

16.6.Бүртгэх байгууллага нь цахим буюу баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт бичиг хүлээн авсны дараа өдөрт багтаан уг баримт бичиг хүлээн авсан тухай тасалбарыг тухайн хуулийн этгээдэд цахим буюу баталгаат шуудангаар хүргүүлэнэ. Баталгаат шуудангаар хүргүүлэхтэй холбогдон гарах зардлыг холбогдох бүртгэх байгууллага хариуцна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.7.Энэ хуулийн 16.1.2, 20.1.2, 24.1-т заасан баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.8.Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

17.1.Бүртгэх байгууллагын энэ хуулийн 13.1-д заасан шийдвэр нь улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг бүртгэх тухай бичилт хийх үндэслэл болно. Бүртгэлийн бичилт бүрт улсын бүртгэлийн дугаар олгож, бүртгэсэн огноог тэмдэглэнэ.

17.2.Хуулийн этгээдийг улсын бүртгэлийн жагсаалтад оруулж, бүртгэлийн бичилт хийсний дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсан дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, бүртгэсэн байгууллагын нэр, он, сар, өдөр бүхий тэмдэг дарж, хариуцсан бүртгэлийн ажилтан гарын үсэг зурсанаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.

17.3.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн даруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэ тухай нийтэд мэдээлнэ.

17.4.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж өргөдөл гаргагчид улсын бүртгэлийн гэрчилгээ буюу дугаар олгоно.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.5.Улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг Засгийн газар батална.

17.6.Бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарыг энэ хуулийн 11.1-д заасан мэдээллийн хамт өөрийн цахим хуудсанд ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

171 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэх

171.1.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:

171.1.1.хөрөнгө оруулагчийн нэр, хаяг, хувь хүн бол иргэний харьяалал, хуулийн этгээд бол эрх бүхий байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээ;

171.1.2.аж ахуйн нэгжийн төрөл, хэлбэр;

171.1.3.хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ;

171.1.4.хөрөнгө оруулах үндсэн салбар, эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээ.

171.2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

171.2.1.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай шийдвэрийн эх хувь;

171.2.2.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

171.2.3.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрэм;

171.2.4.хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;

171.2.5.хөрөнгө оруулагчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн байгуулах тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд байгуулах тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

171.2.6.гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтыг мөнгөн хөрөнгөөр хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны дансны хуулга, хөдлөх эд хөрөнгөөр хийж байгаа бол гаалийн байгууллагын мэдүүлэг, оюуны үнэт зүйлээр хийж байгаа бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг;

171.2.7.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг;

171.2.8.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

171.3.Энэ хуулийн 171.2-т заасан баримт бичиг нь монгол хэлээр байна.

171.4.Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 171.1, 171.2-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар шийдвэр гаргана.

171.5.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ.

171.6.Энэ хуулийн 171.1, 172.1-д заасан өргөдлийн маягтын загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

172 дугаар зүйл. Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх

172.1.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:

172.1.1.гадаадын хуулийн этгээдийн нэр, хаяг;

172.1.2.гадаадын хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бүртгэлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцийн тухай мэдээлэл;

172.1.3.төлөөлөгчийн газар байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл;

172.1.4.төлөөлөгчийн газрын албан ёсны хаяг, байршил.

172.2.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

172.2.1.баталсан загварын дагуу бөглөсөн маягт;    

172.2.2.гадаадын хуулийн этгээдийн танилцуулга, дүрмийн хуулбар;

172.2.3.гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;

172.2.4.төлөөлөгчийн газрын хаяг;

172.2.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

172.3.Энэ хуулийн 172.2-т заасан баримт бичиг нь монгол хэлээр байна.

172.4.Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 172.1, 172.2-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гадаад улсын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгэх эсэх талаар шийдвэр гаргана.

172.5.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгэвэл гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

172.6.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд өөрчлөлт орсон бол ажлын 10 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.

172.7.Улсын бүртгэлийн байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын тоо, хөрөнгө оруулагчид, тэдгээрийн эзэмшиж байгаа хувь хэмжээ, бизнес үйл ажиллагааны чиглэлийн талаар нэгдсэн бүртгэл хөтөлж, энэ талаарх мэдээллийг хагас болон бүтэн жилээр гаргаж хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ.

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

18 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах

18.1.Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана:

18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;

18.1.2.өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа.

18.2.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол энэ тухай бичгээр шийдвэр гаргаж, уг шийдвэрийг өргөдөл гаргагчид хүргүүлнэ.

18.3.Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн хуулийн этгээд шүүхэд гомдол гаргаж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

19 дүгээр зүйл. Бүртгүүлэх тухай өргөдөл, түүнийг гаргах

19.1.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээд холбогдох бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана.

19.2.Өргөдлийн маягтын загварт энэ хуулийн 14.2-т зааснаас гадна дараахь мэдээллийг тусгана:

19.2.1.өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээд нь өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргийг залгамжлан хариуцах тухай шилжүүлэх акт буюу хуваах балансад тусгагдсан тухай;

19.2.2.өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээд бүх үүрэг гүйцэтгүүлэгчиддээ энэ талаар бичгээр мэдэгдсэн тухай.

20 дугаар зүйл. Бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг

20.1.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

20.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

20.1.2.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.1.3.өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг;

20.1.4.шилжүүлэх акт /нийлүүлсэн, нэгдсэн/;

20.1.5.хуваах баланс /хуваасан, тусгаарласан/;        

20.1.6.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.2-т заасан хянан зохицуулах албанаас гаргасан дүгнэлт;

20.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

20.1.8.Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр.

/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.1.9.хувьцаат компанийг шинээр болон өөрчлөн байгуулагдах хэлбэрээр байгуулж байгаа бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн шийдвэр.

/Энэ заалтыг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.2.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргах хугацаа, журам энэ хуулийн 14.1, 15 дугаар зүйл, 16.3-т заасантай нэгэн адил байна.

21 дүгээр зүйл. Өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болох

21.1.Шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин нийлсэн хуулийн этгээд тус бүрийн хувьд тэдгээрийн үйл ажиллагаа зогссонд тооцно.

21.2.Нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцно.

21.3.Шинээр үүссэн хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр хуваах замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин хуваагдсан хуулийн этгээдийн хувьд түүний үйл ажиллагаа зогссонд тооцно.

21.4.Шинээр үүссэн хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцно.

21.5.Шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр өөрчлөгдөх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин өөрчлөгдсөн хуулийн этгээдийн хувьд түүний үйл ажиллагаа зогссонд тооцно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх

22 дугаар зүйл. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг

22.1.Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

22.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

22.1.2.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

22.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

22.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

22.2.Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтална.

22.3.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн талаар бүртгэх байгууллага тухай бүр нийтэд мэдээлнэ.

22.4.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахтай холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад баталсан маягтын дагуу өргөдөл гаргана.

23 дугаар зүйл. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх ба улсын бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулах

23.1.Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө.

23.2.Бүртгэх байгууллага нь энэ хуулийн 23.1-д заасан бүртгэлийг явуулахдаа энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгэх

24 дүгээр зүйл. Хуулийн этгээд татан буугдсан тухай бүртгэх байгууллагад мэдэгдэх

24.1.Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг мэдэгдэлд хавсаргана.

/Энэ хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.2.Иргэний хуулийн 32.3-т заасны дагуу татан буулгах комисс тухайн хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас илүүгүй хугацаа өнгөрсний дараа уг хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

24.3.Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийнэ.

24.4.Улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийсэн үеэс эхлэн уг хуулийн этгээдтэй холбогдолтой дараахь баримт бичгийг бүртгэх байгууллага хүлээн авахгүй:

24.4.1.тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

24.4.2.тухайн хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож, байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх тухай өргөдөл, бусад баримт бичиг;

24.4.3.өөрчлөн байгуулах замаар шинээр үүсч байгаа хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд тухайн хуулийн этгээд нэгдэх, нийлэх хэлбэрээр оролцсон.

25 дугаар зүйл. Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг

25.1.Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

25.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

25.1.2.дуусгалтын тайлан;           

25.1.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

25.1.4.хувьцаат компанийн хувьд түүний хувьцааг бүртгэлээс хассан тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр.

/Энэ заалтыг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.2.Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргахад энэ хуулийн 15 дугаар зүйл нэг адил хамаарна.

25.3.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болон хуульд заасан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрээр татан буугдсан бол шүүх хууль ёсны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд холбогдох бүртгэх байгууллагад ирүүлнэ.

26 дугаар зүйл. Хуулийн этгээд татан буугдсаныг бүртгэх

26.1.Хуулийн этгээд татан буугдсаныг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.

26.2.Татан буулгах комисс энэ хуулийн 25.1-д заасан баримт бичгийг тухайн хуулийн этгээдийг татан буулгаж дууссаны дараа холбогдох бүртгэх байгууллагад ирүүлэх ба үүнд энэ хуулийн 16.3 дахь заалт нэг адил хамаарна.

26.3.Хуулийн этгээд татан буугдсан тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно.

26.4.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухайгаа Иргэний хуулийн 32.1.1-д заасны дагуу тухай бүр нийтэд мэдээлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэх

27 дугаар зүйл. Улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа олгох

27.1.Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа авах хүсэлтийг холбогдох бүртгэх байгууллагад гаргаж болно.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа олгоно.

27.3.Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин холбогдох бүртгэх байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.

27.4.Хүсэлт дараах шаардлагыг хангасан байна:

27.4.1.иргэн бол өөрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх;

27.4.2.хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, улсын бүртгэлийн дугаар.

27.5.Хүсэлт нь энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй бол цахим шуудангаар буцаана. Хүсэлтийг буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.

28 дугаар зүйл.Улсын бүртгэлд цахим хэлбэрээр бүртгэх

28.1.Дараах тохиолдолд цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэнэ:

28.1.1.өргөдөл гаргагч хуулийн этгээдийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг холбогдох бүртгэх байгууллагад гаргасан бол;

28.1.2.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээд цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан бол;

28.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан бол;

28.1.4.хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага тухайн хуулийн этгээд татан буугдсаныг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан бол.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан тохиолдолд өргөдөл гаргагч цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж холбогдох бүртгэх байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.

28.3.Өргөдлийг энэ хуулийн 29.1.2-29.1.5-д заасан журмын дагуу шалгаж, шаардлага хангаагүй бол цахим шуудангаар буцаах ба буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.

28.4.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгэснийг нотолж өргөдөл гаргагчид улсын бүртгэлийн дугаарыг цахим шуудангаар хүргүүлнэ.

28.5.Өргөдөл гаргагч хүсэлт гаргавал түүнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгож болно.

29 дүгээр зүйл. Цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд бүртгэх ерөнхий журам

29.1.Цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд бүртгэхэд дараах ерөнхий журмыг баримтална:

29.1.1.улсын бүртгэлийн жагсаалтаас цахим хэлбэрээр лавлагаа олгоход энэ хуулийн 12.1, 12.2, 12.4-12.6-д заасан журмыг;

29.1.2.хуулийн этгээдийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 13.1, 14.1, 14.2 дахь хэсэг, 16-18 дугаар зүйлд заасан журмыг;

29.1.3.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 19.2, 20, 21 дүгээр зүйлд заасан журмыг;

29.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан журмыг;

29.1.5.хуулийн этгээд татан буугдсаныг цахим хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэхэд энэ хуулийн 24-26 дугаар зүйлд заасан журмыг.

29.2.Цахим хэлбэрээр лавлагаа олгох, улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдох нарийвчилсан журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ бүлгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

/Энэ бүлгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

30 дугаар зүйл. Улсын бүртгэлийн журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

/Энэ зүйлийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.1.Энэ хуулийн 18.1-д зааснаас бусад үндэслэлээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан, улсын бүртгэлийн жагсаалт дахь мэдээллээс лавлагаа олгоогүй, энэ хуульд заасан бусад журам зөрчсөн бүртгэх байгууллагын ажилтан холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.2.Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох бүртгэх байгууллага хариуцан арилгана.

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.3.Улсын бүртгэлийн жагсаалтад оруулах шаардлагатай энэ хуульд заасан баримт бичгийг ирүүлээгүй буюу хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, эсхүл буруу ташаа мэдээлэл ирүүлсэн зэргээс бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох хуулийн этгээд буюу өргөдөл гаргагч хариуцан арилгана.

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

30.4.Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзвэл бүртгэх байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

АРАВДУГААР БҮЛЭГ

/Энэ бүлгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Бусад зүйл

31 дүгээр зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт

/Энэ зүйлийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.1.Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна.

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.2.Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлийн ажил хариуцаж байсан байгууллагад хадгалагдаж байгаа, өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн хувийн хэрэг, бүртгэлтэй холбогдох бусад материал нь улсын мэдээллийн эх сурвалжийн бүрэлдэхүүн хэсэг болно.

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор дараахь баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ:

/Энэ хэсэгт 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.1.хуулийн этгээдийн нэр;

/Энэ заалтын дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.2.үүсгэн байгуулагчдын тухай мэдээлэл;

/Энэ заалтын дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.3.3.тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаал, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бусад баримт бичгийн дугаар.

/Энэ заалтын дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

31.4.Энэ хуулийн 29.3-т заасан баримт бичгийг тогтоосон хугацаанд бүртгэх байгууллагад ирүүлээгүй бол тухайн хуулийн этгээдийг бүртгэх байгууллагын саналыг үндэслэн шүүх татан буулгана.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

/Энэ зүйлийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.1.Энэ хууль 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

/Энэ хэсгийн дугаарт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР