Хэвлэх DOC Татаж авах
ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

/Энэ хуулийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөрУлаанбаатар хот

ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

/Энэ хуулийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хууль санаачлагч хууль санаачлах эрхээ хэрэгжүүлж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

2.1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:

2.1.1.“хууль санаачлагч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрыг;

2.1.2.“хууль санаачлах эрх” гэж хууль санаачлагчаас тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн түвшинд боловсруулах, боловсруулсан хуулийн төслийг хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;

2.1.3.“хуулийн төсөл” гэж хууль санаачлагчаас мэргэжлийн түвшинд боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа уул төслийн эх бичвэрийг;

2.1.4.“Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл” гэж хууль санаачлагч болон эрх бүхий бусад байгууллагаас Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр оруулж байгаа Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрийг.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хууль санаачлах эрхийг хэрэгжүүлэх

3.1. Хууль санаачлагч нь хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь асуудлыг шийдвэрлэсэн байна:

3.1.1.нийгмийн тухайн харилцааны төлөв байдал болон түүнийг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судалсны үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах болон дагаж мөрдөж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлсон байх;

3.1.2.хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох;

3.1.3.хуулийг хэрэгжүүлэх талаар цаашид авах арга хэмжээний тухай санал, түүнтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоог гаргасан байх;

3.1.4.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн нь санаачилж буй хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын, түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх.

3.2.Иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид бичгээр уламжлах бөгөөд тэрээр уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ

4 дүгээр зүйл. Хуулийн төсөл боловсруулах ажлыг төлөвлөх

4.1.Хууль санаачлагч нь санаачлан боловсруулах хуулийн төслийнхөө талаар урьдчилан төлөвлөж, хууль боловсронгуй болгох үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл”гэх/-д тусгуулна.

4.2.Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.

4.3.Үндсэн чиглэлийн төсөлд санал өгч байгаа хууль санаачлагч нь нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судалсны үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах болон дагаж мөрдөж буй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг тодорхой заасан байна.

4.4.Үндсэн чиглэлийг тодорхой хугацаагаар боловсруулж, Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулна.

4.5.Улсын Их Хурал чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалт, дэс дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлийг баримтална.

4.6.Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хууль санаачлагч холбогдох хуулийн төсөл санаачилж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

Хэвлэх

5 дугаар зүйл. Хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах

5.1.Хуулийн төсөл боловсруулах ажлыг хууль санаачлагч хариуцан зохион байгуулна.

5.2.Ерөнхийлөгч тодорхой асуудлаар хуулийн төсөл боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгч болно.

5.3.Улсын Их Хурал тодорхой асуудлаар хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газарт даалгаж болно.

5.4.Засгийн газраас санаачлах хуулийн төслийг төрийн захиргааны төв байгууллага Үндсэн чиглэлийн дагуу буюу Засгийн газрын даалгавраар зохих хүрээ, салбарын асуудлаар хариуцан боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл. Хуулийн төсөл боловсруулах талаар хууль санаачлагчийн бүрэн эрх

6.1.Хууль санаачлагч нь хуулийн төсөл боловсруулах талаар дараахь бүрэн эрх эдэлнэ:

6.1.1.хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох;

6.1.2.хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх;

6.1.3.байгууллагын удирдлагатай нь тохиролцсоны үндсэн дээр холбогдох эрдэмтэн, мэргэжлийн хүнийг хуулийн төсөл боловсруулах ажилд татан оролцуулах;

6.1.4.хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ баримтыг холбогдох хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдгээрийн саналыг авах;

6.1.5.хуулийн төсөл, түүний үзэл баримтлал болон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэх, цахим хуудсанд байршуулах зэрэг бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлэх;

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.1.6.иргэн, байгууллагаас ирүүлсэн хуулийн төслийн талаархи саналыг Улсын Их Хуралд уламжлах, Үндсэн чиглэлд тусгуулах;

6.1.7.өргөн мэдүүлсэн хуулийн төслөө татаж авах.

Хэвлэх

7 дугаар зүйл. Хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах хэлбэр

7.1.Хууль санаачлагч нь хуулийн төсөл боловсруулах ажлыг дараахь хэлбэрээр зохион байгуулна:

7.1.1.хуулийн төслийг өөрөө боловсруулах;

7.1.2.холбогдох байгууллагын шинжээч, эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

7.1.3.хуулийн этгээд, иргэнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.

Хэвлэх

8 дугаар зүйл. Хуулийн төсөл боловсруулах ажлыг санхүүжүүлэх

8.1.Хууль санаачлагч хуулийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлнэ.

8.2.Засгийн газраас хуулийн төслийг энэ хуулийн 7.1.3-т заасны дагуу гэрээний үндсэн дээр боловсруулахад хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэр шаардагдахаар бол холбогдох төсвийг төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.

8.3.Хуулийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл боловсруулах

9.1.Хууль санаачлагч хуулийн төсөл боловсруулахын өмнө түүний үзэл баримтлалыг тодорхойлно.

9.2.Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагчаас өгсөн чиглэлийн дагуу тухайн хуулийн төсөл боловсруулах ажлыг хариуцаж байгаа ажлын хэсэг, хуулийн этгээд, иргэн боловсруулж болно.

9.3.Хуулийн төслийн үзэл баримтлалд дараахь асуудлыг тусгана:

9.3.1.хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага;

9.3.2.хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;

9.3.3.хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал;

9.3.4.хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаархи санал.

9.4.Энэ хуулийн 9.2-т заасан тохиолдолд үзэл баримтлалыг хууль санаачлагчид танилцуулсан байна.

9.5.Энэ хуулийн 9.3.1-д ямар шалтгаанаар уг төслийг боловсруулах гэж байгаа, тухайн харилцааг хуулиар зайлшгүй зохицуулах үндэслэлийг тодорхой тайлбарлана.

9.6.Хуулийн төслийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага боловсруулж байгаа бол үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан тохиролцож, нэгдсэн санал дүгнэлтэд хүрсний үндсэн дээр хамтран батална.

9.7.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн нь боловсруулж буй хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь зөвлөмж гаргана.

9.8.Ажлын хэсэг, хуулийн этгээд, иргэн хуулийн төслийг түүний үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна.

9.9.Хуулийн төсөл боловсруулах явцад холбогдох мэргэжлийн байгууллага, шинжээч, эрдэмтэн, төрийн бус байгууллага болон бусад байгууллага, иргэдээс санал авч төсөл боловсруулахад харгалзан үзэж болно.

9.10.Хуулийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа хийсэн байна.

9.11.Хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын хэсэг, хуулийн этгээд, иргэн нь хууль санаачлагч буюу түүнийг зохион байгуулж байгаа байгууллагын удирдлагад ажлын явцыг тогтмол мэдээлж, шаардлагатай зөвлөгөө авч ажиллана.

Хэвлэх

10 дугаар зүйл. Хуулийн төсөл боловсруулах талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

10.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн төсөл боловсруулах талаар дараахь бүрэн эрх эдэлнэ:

10.1.1.Үндсэн чиглэлийн төсөл, төрийн байгуулалт, эрүү, иргэний зэрэг салбарын бус нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслийг хариуцан боловсруулах;

10.1.2.Засгийн газраас санаачлах хуулийн төслийн үзэл баримтлалыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

10.1.3.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалд зөвлөмж өгөх;

10.1.4.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод хэрхэн нийцэж байгаа, түүнчлэн энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх талаар энэ хуулийн 3.1.4-т заасны дагуу Засгийн газрын өгөх санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;

10.1.5.Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, эрх зүйн бодлого болон энэ хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн эсэхийг энэ хуулийн 18.6-д заасны дагуу эцэслэн хянаж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх буюу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох;

10.1.6.төрийн захиргааны бусад төв байгууллагад хуулийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

10.1.7.хуулийн төсөл боловсруулах арга зүйн асуудлаар зөвлөмж, аргачлал гаргах, хууль зүйн нэр томъёог нэг мөр болгон жигдлэх арга хэмжээ авах.

10.2.Энэ хуулийн 10.1.5-д заасан зөвшөөрлийг бичгээр үйлдэнэ.

Хэвлэх

101 дүгээр зүйл. Хуулийн төслийн санхүүгийн үр нөлөөг тооцох, дүгнэлт гаргах чиглэлээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

101.1.Хуулийн төсөл боловсруулахад түүний санхүүгийн үр нөлөөг тооцох, дүгнэлт гаргах чиглэлээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрх эдэлнэ:

101.1.1.төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан санхүү, төсөв, татварын чиглэлээр хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай нэгдсэн санал дүгнэлтэд хүрсний үндсэн дээр хамтран батлах;

101.1.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага, Төсвийн тухай хуульд заасан төсвийн бусад шаардлага, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хангаж байгаа эсэх талаарх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг энэ хуулийн 3.1.4-т заасны дагуу бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;

101.1.3.Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл нь төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулахаар бол түүнийг эцэслэн хянаж, тухайн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх буюу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох.

101.2.Энэ хуулийн 101.1.3-т заасан зөвшөөрлийг бичгээр үйлдэнэ.

/Дээрх 101 дүгээр зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТӨРӨЛ, ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА, БҮТЭЦ, ХЭЛБЭР

11 дүгээр зүйл. Хуулийн төслийн төрөл

11.1.Хуулийн төсөл дараахь төрөлтэй байна:

11.1.1.анхдагч хуулийн төсөл;

11.1.2.хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

11.1.3.хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11.1.4.багц хуулийн төсөл.

/Энэ заалтыг 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

12 дугаар зүйл. Хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлага

12.1.Хуулийн төсөл дараахь нийтлэг шаардлага хангасан байна:

12.1.1.Үндсэн хуульд нийцсэн, бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалттай уялдсан байх;

12.1.2.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг аль болох бүрэн тусгасан байх;

12.1.3.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх;

12.1.4.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох тухай заалт тусгахгүй байх;

12.1.5.зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх;

12.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх;

12.1.7.бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай бол түүнийг иш татах, энэ тохиолдолд ишлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;

12.1.8.хуулийн зорилт, тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, хамрах хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогчоос удирдлага болгох, харгалзан үзэх нөхцөл /гипотези/, тэдгээрийг биелүүлэх журам, эрх, үүрэг /диспозици/, онцгойлон үзэх нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тодорхой заасан байх;

12.1.9.шаардлагатай тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хэм хэмжээ, хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгох, хасах санал;

12.1.10.шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байх.

Хэвлэх

13 дугаар зүйл. Хуулийн төсөлд тавих нэр томъёо, хэл зүйн шаардлага

13.1.Хуулийн төсөл нь нэр томъёо, хэл зүйн дараахь шаардлагыг хангасан байна:

13.1.1.Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх;

13.1.2.нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх;

13.1.3.нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;

13.1.4.монгол хэлэнд тохирох үг нь байвал гадаад хэлний нэр томъёо хэрэглэхгүй байх;

13.1.5.үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих;

13.1.6.хүч оруулсан нэр томъёо хэрэглэхгүй байх;

13.1.7.жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх.

13.2.Хуулийн төсөлд дараахь тохиолдолд нэр томъёоны тайлбар хийнэ:

13.2.1.нэр томъёо нь олон утгатай бол;

13.2.2.нэр томъёо нь өргөн утгатай бөгөөд түүнийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай бол;

13.2.3.шинээр бий болсон ойлголт буюу нэр томъёо нь нийтэд ойлгомжгүй бол.

13.3.Хуулийн төсөлд дараахь тохиолдолд гадаад хэлний нэр томъёо хэрэглэж болно:

13.3.1.уг нэр томъёог оноосон нэр монгол хэлэнд байхгүй бол;

13.3.2.уг нэр томъёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн бол;

13.3.3.уг нэр томъёог Монгол Улсын олон улсын гэрээнд хэрэглэж байгаа бол.

13.4.Нэр томъёо нь нэг утга агуулгаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг хуулийн “Нийтлэг үндэслэл” гэсэн бүлэгт оруулан заах бөгөөд ийнхүү тодорхойлолт өгсөн хэд хэдэн нэр томъёо байгаа бол тэдгээрийг “Хуулийн нэр томъёоны тодорхойлолт” гэсэн гарчигтай зүйлд нэгтгэнэ.

13.5.Нэр томъёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж, түүний үйлчлэх хүрээг тодорхой заана. 

Хэвлэх

14 дүгээр зүйл. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хэм хэмжээ

14.1.Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хэм хэмжээ нь түүнийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа, бэлтгэл хангах, бусад хуульд нийцүүлэх зэрэг заалтыг агуулах бөгөөд дараахь асуудлыг зохицуулна:

14.1.1.шилжилтийн хугацаанд шийдвэрлэж дуусгах асуудал;

14.1.2.урьд үйлчилж байсан хуулийн дагуу үүссэн эрх, үүргийн хувьд шинэ хэм хэмжээг хэрэглэх эсэх, хэрэглэх бол ямар хүрээ, хэмжээнд хэрэглэх;

14.1.3.шинэ хэм хэмжээгээр хасагдаж байгаа эрх зүйн аливаа ойлголт бүрмөсөн үгүй болж байгаа эсэх, эсхүл ямар хугацаанд хүчинтэй байх;

14.1.4.шинээр бий болж байгаа байгууллага байгуулах, урьд өмнө байсан байгууллагыг өөрчлөх болон шинэ хэм хэмжээнд бусад хуулийг нийцүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлж дуусах хугацааг заах.

Хэвлэх

15 дугаар зүйл. Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тавих бусад шаардлага

15.1.Хуулийн өөрчлөлтийг хуулийн анхдагч эх бичвэрт оруулна.

15.2.Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь дараахь төрөлд хуваагдана:

15.2.1.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

15.2.2.хуульд нэмэлт оруулах тухай;

15.2.3.хуульд өөрчлөлт оруулах тухай;

15.2.4.хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай.

15.3.Хуульд оруулах өөрчлөлтийг зөвхөн нэг хуульд хамааруулж хийх бөгөөд өөрчлөлт орж байгаа хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтын дугаарыг тодорхой бичнэ.

15.4.Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд зүйлийн гарчиг тавилгүйгээр зүйлийн агуулгыг дугаарын хойноос шууд бичнэ.

15.5.Хуулийн нэг зүйлд хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаа бол өөрчлөлт тус бүрийг бие даасан заалт болгон тэмдэглэнэ.

15.6.Өөрчлөлт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтын зарим нэр томъёо, үг хэллэгийг өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохооргүй байвал түүнийг өөрчлөн найруулна. 

15.7.Хүчингүй болгож байгаа хуулийн төслийн заалтад уг хуулийн төслөөр хүчингүй болгож байгаа зүйл, хэсэг, заалт, үг, өгүүлбэрийг орхигдуулалгүй бүрэн гүйцэд заана.

15.8.Дараахь тохиолдолд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна:

15.8.1.уг хуульд олон нэмэлт, өөрчлөлт оруулах буюу үүний улмаас хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөх, бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын тавиас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орохоор бол;

15.8.2.тухайн хуульд урьд нь олон удаа нэмэлт, өөрчлөлт орсон бол.

15.9.Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа энэ хуулийн 10.1.7-д заасан зөвлөмж, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.

15.10.Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар Засгийн газраас багц хуулийн төслийг өргөн мэдүүлэх бөгөөд энэ тохиолдолд үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй. /Энэ хэсгийг 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

16 дугаар зүйл. Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тавих нэмэлт шаардлага

16.1.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд уг олон улсын гэрээг гадаад хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс гадаад хэлэнд хөрвүүлсэн орчуулгыг хавсаргана.

16.2.Олон улсын гэрээний орчуулгыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

Хэвлэх

17 дугаар зүйл. Хуулийн төслийн бүтэц, хэлбэр

17.1.Хуулийн төсөл дараахь бүтэцтэй байна:

17.1.1.хуулийн төслийн гарчиг;

17.1.2.хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;

17.1.3.зүйлийн доторхи хэсэг;

17.1.4.хэсгийн доторхи заалт;

17.1.5.заалтын доторхи дэд заалт;

17.1.6.шаардлагатай бол

17.2.Хуулийн төслийн бүтэц нь дараахь шаардлагыг хангасан байна:

17.2.1.зүйл нь хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий, агуулгыг нь товч илэрхийлсэн гарчиг, нэгдсэн дугаартай байна;

17.2.2.бие даасан санаа бүрийг зүйлд тусгана;

17.2.3.бие даасан санаа нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байвал зүйлийг хэсэгт хуваана;

17.2.4.заалт нь аль болох нэг өгүүлбэрээс бүрдсэн байна;

17.2.5.зүйлүүдийг сэдвээр нь бүлэглэж, бүлгийг хэсэг, ангид нэгтгэж болно.

17.3.Хуулийн төслийн бүтцийг дараахь хэлбэрт оруулж байрлуулна:

17.3.1.хуулийн төслийн гарчиг;

17.3.2.нийтлэг хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн "ерөнхий анги" буюу, эсхүл “нийтлэг үндэслэл” гэсэн бүлэг, хэсэг;

17.3.3.нэр томъёоны тайлбар;

17.3.4.тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн “тусгай анги” буюу, эсхүл агуулгаар нь бүлэг, хэсэг болгосон эрх зүйн хэм хэмжээ;

17.3.5.иргэн, хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулах журам, тэдгээрийн эрх, үүрэг;

17.3.6.онцгойлон үзэх нөхцөл байдал;

17.3.7.хариуцлага тогтоож байгаа хэм хэмжээ;

17.3.8.шаардлагатай бол хууль хүчин төгөлдөр болох тухай хэм хэмжээ;

17.3.9.бусад зүйл.

17.4.Хуулийн төслийн гарчиг нь дараахь зүйлээс бүрдэнэ:

17.4.1.“Монгол Улсын хууль” гэсэн толгой;

17.4.2.хуулийг баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ/;

17.4.3.хуулийг баталсан газар /хот/-ын нэр;

17.4.4.агуулгыг товч, тодорхой илэрхийлсэн хуулийн нэр.

17.5.Энэ хуулийн 17.4.4-т заасан хуулийн нэрийг дан том үсгээр бичих бөгөөд дараахь төрөлтэй байна:

17.5.1.тухайлсан нь: “… тухай” гэсэн үгээр төгсгөнө /Ашигт малтмалын тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай г.м/;

17.5.2.оноосон нь: “… -ийн хууль” гэдэг үгээр төгсгөнө /Иргэний хууль, Авилгалын эсрэг хууль г.м/.

17.6.Хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараахь байдлаар дугаарлана:

17.6.1.ангийг ром тоогоор;

17.6.2.бүлгийг бичгээр;

17.6.3.зүйлийг ард нь “дүгээр” буюу “дугаар” зүйл гэж араб тоогоор 

17.6.4.хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м./;

17.6.5.хэсгийн доторхи заалтыг баруун талдаа цэг бүхий араб тоогоор /1.1.1.г.м/;

17.6.6.заалтын доторхи дэд заалтыг үсгээр /1.1.1.а г.м/.

17.7.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтуудыг дараахь дарааллаар байрлуулна:

17.7.1.хуульд нэмэлт оруулах;

17.7.2.хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах;

17.7.3.хуулийн зарим нэр томъёо, үг өгүүлбэрийг өөрчлөх;

17.7.4.хасах үг, өгүүлбэр;

17.7.5.хүчингүй болгох зүйл, хэсэг, заалт;

17.7.6.шаардлагатай бол хуулийг дагаж мөрдөх хугацаа.

17.8.Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл доторхи заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор дугаарлана /1/г.м/.

17.9.Хуульд шинээр нэмэгдэх зүйлийн дугаарыг тэмдэглэхдээ нэмэлт орж байгаа хуулийн агуулга, зүйлийн дарааллыг баримтлах бөгөөд баруун дээд өнцөгт нь араб тоогоор дугаарлана. /521 дүгээр зүйл г.м/.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ДУУСГАХ, ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭХ

18 дугаар зүйл. Хуулийн төсөлд санал авах

18.1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ажлын хэсэг, хуулийн этгээд, иргэн төслийг боловсруулж дуусмагц хууль санаачлагчид уламжилна.

18.2.Хууль санаачлагч хуулийн төслийг хянан үзэж холбогдох байгууллагаас санал авахаар шийдвэрлэх, эсхүл цаашид дахин боловсруулах чиглэл өгнө.

18.3.Хууль санаачлагч хуулийн төсөлд холбогдох төрийн захиргааны төв болон бусад байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, төрийн бус байгууллага, иргэний саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгана. 

18.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдээс санал авах ажиллагааг дараахь хэлбэрээр зохион байгуулна:

18.4.1.хуулийн төслийг бүрэн эхээр нь байгууллагынхаа цахим хуудсанд 10-аас доошгүй хоног байрлуулж, олон нийтэд танилцуулах;

18.4.2.хуулийн төслийг иргэн, хуулийн этгээдэд нэр зааж хүргүүлэх, эсхүл уулзалт, ярилцлага зохион байгуулж болно.

/18.4 дэх хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.5.Төрийн захиргааны төв байгууллага нь боловсруулсан хуулийн төсөлдөө төрийн захиргааны бусад төв байгууллагын саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгах бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын саналд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурсан байна.

18.6.Төрийн захиргааны төв байгууллага хуулийн төсөл боловсруулж байгаа бол төслийг Сайдын зөвлөлөөр хэлэлцсэний эцэст, тухайн асуудал эрхэлсэн сайдын гарын үсэгтэйгээр холбогдох бусад бичиг баримтын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, хуулийн төсөл нь төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагаврыг бий болгохоор бол санхүү, төсвийн асуудал Засгийн газрын гишүүнд хянуулахаар тус тус ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.7.Энэ хуулийн 18.6-д заасан хуулийн төсөл нь мөн хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хуулийн 10.1.5-д заасан зөвшөөрлийг, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хуулийн 101.1.3-т заасан зөвшөөрлийг ажлын долоон өдөрт багтаан өгнө.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.8.энэ хуулийн 18.6-д заасан хуулийн төсөл нь мөн хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уг төслийг дахин боловсруулуулахаар төрийн захиргааны холбогдох төв байгууллагад үндэслэл бүхий тайлбарын хамт буцаана.

18.9.Энэ хуулийн 18.8-д заасан тохиолдолд төрийн захиргааны холбогдох төв байгууллага нь төслийг дахин боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хянуулахаар дахин ирүүлнэ.

18.10.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 3.1.4-т заасны дагуу Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хуулийн төслөө явуулна.

18.11.Засгийн газар энэ хуулийн 18.10-т заасан төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлтээ 30 хоногт багтаан хууль санаачлагчид хүргүүлэх ба шаардлагатай бол хууль санаачлагчтай тохиролцон энэ хугацааг хойшлуулж болно.

18.12.Улсын Их Хурлаас шийдвэр гаргахаар тогтсон болон Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дотоод зохион байгуулалттай холбогдон гарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд Засгийн газраас санал авахгүй байж болно.

18.13.Засгийн газар энэ хуулийн 18.10-т заасан хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцээгүй, энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд уг дүгнэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулна.

18.14.Энэ хуулийн 18.11-д заасан хугацаанд Засгийн газар хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

18.15.Хууль санаачлагч нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хуулийн төслийн танилцуулгад тусгана.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

19 дүгээр зүйл. Хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх

19.1.Шаардлагатай гэж үзвэл хууль санаачлагч нь нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахаар санаачилсан хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулж болно.

19.2.Хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай оруулсан саналыг Улсын Их Хурал чуулганаар хэлэлцэж, гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд төслийг ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэлэлцүүлэх хүрээ болон түүнтэй холбогдон гарах зардлыг хэрхэн санхүүжүүлэхийг тодорхой заасан байна.

19.3.Хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэхдээ дараахь хүрээнд хэлэлцүүлж болно:

19.3.1.нийт ард түмнээр;

19.3.2.нийгмийн тодорхой бүлэг, ажил мэргэжлийн хүрээнд;

19.3.3.тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд.

19.4.Хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газар энэ ажлыг зохион байгуулж, дүнг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхэд танилцуулна.

19.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай1 хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад заасны дагуу хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулна.

Хэвлэх

20 дугаар зүйл. Хуулийн төслийг өргөн мэдүүлэх

20.1.Хууль санаачлагч хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлэхээс өмнө түүнийг холбогдох бичиг баримтын хамт Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад ирүүлнэ.

20.2.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга 72 цагийн дотор хуулийн төсөл, холбогдох бичиг баримтыг энэ хуулийн 20.З, 20.4-д заасны дагуу хянаж, шаардлага хангасан гэж үзвэл төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлон хууль санаачлагчид мэдэгдэх ба төсөл нь дээрх шаардлагыг хангаагүй байвал түүнийг хангуулах арга хэмжээ авна.

20.3.Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:

20.3.1.хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг;

20.3.2.хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга;

20.3.3.шаардлагатай бол холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл;

20.3.4.хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шаардлагатай арга хэмжээний санал, түүнтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоо;

20.3.5.Засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус бусад байгууллагын санал дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа хуулийн төслийн тухайд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл, төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагавар бий болгох хуулийн төслийн тухайд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр өгсөн зөвшөөрөл;

/Энэ заалтад 2009 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн хууль, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт оруулсан/

20.3.6.олон улсын гэрээ соёрхон батлуулах тухай хуулийн төсөлд уг олон улсын гэрээний орчуулга, түүнийг хариуцсан гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг;

20.3.7.шаардлагатай тохиолдолд төслийг Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүссэн Ерөнхий сайдын хүсэлт, үндэслэл, шалтгаан.

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

20.4.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төсөл, холбогдох бусад бичиг баримт нь албан бичиг хэргийг хөтлөх нийтлэг шаардлагыг хангасан байна.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ САНААЧЛАХ, БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ

21 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл

21.1. Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар тогтоол хэлбэртэй байна.

Хэвлэх

22 дугаар зүйл. Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлах

22.1.Улсын Их Хурлын тогтоол /цаашид “тогтоол” гэх/-ын төслийг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуульд заасан бол бусад байгууллага санаачилна.

22.2.Улсын Их Хурлын өөрийн дотоод зохион байгуулалт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тухай болон Улсын Их Хурлаас тогтоол гаргахаар хуульд заасан асуудлаар гаргах тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо санаачилж болно.

22.3.Энэ хуулийн 22.1, 22.2 нь Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох тухай гаргах тогтоолын төсөлд хамаарахгүй.

Хэвлэх

23 дугаар зүйл. Тогтоолын төсөлд тавих шаардлага

23.1.Тогтоолын төсөл нь дараахь шаардлагыг хангасан байна:

23.1.1.Үндсэн хууль, бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалттай нийцсэн байх;

23.1.2.хуулийн заалтыг давтахгүй байх;

23.1.3.хариуцлагын хэм хэмжээ заахгүй байх.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Тогтоолын төслийн бүтэц

24.1.Тогтоолын төсөл нь тэмдэглэх /шаардлагатай бол/, тогтоох гэсэн хэсэгтэй байна.

24.2.Тогтоолын төслийн тэмдэглэх хэсэгт уг тогтоол гарах болсон үндэслэл, шаардлагыг товч тодорхой дурдаж, хуулийн заалтыг аль болохоор үндэслэсэн байна.

24.3.Тогтоолын төслийн тогтоох хэсэгт уг тогтоолоор шийдвэрлэх асуудлыг энгийн, ойлгомжтой байдлаар томъёолж бичнэ.

24.4.Тогтоолын төслийн бүтцийн үндсэн нэгж нь заалт байх бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнийг дэд заалтад хувааж болно.

Хэвлэх

25 дугаар зүйл. Тогтоолын төслийн бүтцийн хэлбэр

25.1.Тогтоолын төслийн бүтэц дараахь хэлбэртэй байна:

25.1.1.тогтоолын төслийн гарчиг;

25.1.2.тэмдэглэх хэсэг /шаардлагатай бол/;

25.1.3.тогтоох хэсэг;

25.1.4.шаардлагатай бол урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай хэсэг;

25.1.5.шаардлагатай бол тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа.

25.2.Тогтоолын төслийн гарчиг нь дараахь хэсгээс бүрдэнэ:

25.2.1.“Монгол Улсын Их Хурлын тогтоол” гэсэн толгой;

25.2.2. баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ/;

25.2.3.тогтоол баталсан газар /хот/-ын нэр;

25.2.4.тогтоолын нэр. Тогтоолын нэр нь “… тухай” гэж төгсөнө.

25.3.Шаардлагатай тохиолдолд тогтоол хавсралттай байж болох бөгөөд энэ тухай заалтыг “… -ыг хавсралтаар баталсугай.”, эсхүл “… -ыг 1,2,3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.” гэж томъёолно.

25.4.Тогтоолын хавсралтын эхний хуудасны баруун дээд буланд “Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын хавсралт ”, эсхүл “Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын … дугаар хавсралт” гэж заана.

25.5.Тогтоолын төслийн заалтыг дараахь байдлаар дугаарлана:

25.5.1.заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. гм/;

25.5.2.заалтын доторх дэд заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор /1/ гм/.

Хэвлэх

26 дугаар зүйл. Тогтоолын төслийг өргөн мэдүүлэх

26.1.Тогтоолын төсөл санаачлагч нь төслөө энэ хуулийн 20.1, 20.2-т заасан журмын дагуу өргөн мэдүүлнэ.

26.2.Тогтоолын төсөлд энэ хуулийн 20.3.1-20.3.5-д заасан бичиг баримтыг хавсаргасан байна.

26.3.Тогтоолын төсөлд хавсрагдах бичиг баримт нь албан бичиг хэргийг хөтлөх нийтлэг шаардлагыг хангасан байна.

26.4.Энэ хуулийн 26.1, 26.2 нь мөн хуулийн 22.2, 22.3-т хамаарахгүй.

Хэвлэх

27 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

27.1.Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх