A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 151

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1998 оны 12 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Цөмийн энергийн комиссоос улсын хэмжээнд цацраг идэвхт үүсгүүрийн нэгдсэн тооллого явуулах, орчны цацрагийн түвшингийн судалгаа хийх болон Изотоп конторын ажилчдыг тээвэрлэх автомашин, гараашаар хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгуулан гаргах арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт даалгасугай.

2.Тус комиссыг ажлын нэгдсэн байр, цацрагийн хяналт, судалгааны ажилд шаардлагатай автомашинаар хангахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай.

3.Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар тогтоолоор баталсан хавсралтын "Хоёр. Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх обектууд:" гэсэн хэсэгт "8.Изотоп контор" гэж нэмсүгэй.

4.Байнгын ажиллагаатай Буянт-ухаа, Замын -үүд, Сүхбаатар боомтыг цацрагийн хяналтын суурин болон зөөврийн багаж төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авахыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга З.Мөнхбатад даалгасугай.

5.Орчны цацрагийн түвшний хяналт-шинжилгээг ус, цаг уурын ажиглалтын улсын сүлжээн дээр хийж дүнг цаг уурын харилцаа холбооны сувгаар шуурхай мэдээлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтод даалгасугай.

/Энэ тогтоолын 1, 2, 4 дэх заалтуудыг Засгийн газрын 2001 оны 265 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ