A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХЭД ЗОРИУЛАН МОД БЭЛТГҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 3

Ойн нөөцийг зохистой ашиглах, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрийн хүч чадал, ажлын байрны ашиглалтыг сайжруулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, улсын эдийн засгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ойн сангийн нөөцөд хийсэн ой зохион байгуулалтын дүнг харгалзан Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр дэх ашиглалтын бүсийн ойгоос 2001 онд экспортын зориулалтаар 250,0 мянган шоо метр хэрэглээний мод бэлтгүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод үүрэг болгосугай.

2. Модыг зохих технологи, хууль тогтоомжийн дагуу бэлтгэх, нөөцийг зохистой бүрэн ашиглахад экологийн хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболдод, бэлтгэсэн модыг гадаад худалдааны хамгийн ашигтай нөхцөлөөр экспортлож, орлогыг нь улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт тус тус даалгасугай.

3. Мод бэлтгэх, экспортлоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гарган өгч, сонгон шалгаруулалтын үндсэн дээр үйлдвэрлэгчтэй гэрээ хийх, орлогын төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. Энэ тогтоолын дагуу мод бэлтгэсэн 6500 га талбайг сэргээн ойжуулахад шаардагдах нийт зардлын 50 хувь болох 350,0 сая төгрөгийг 2001 онд багтаан Байгаль орчны яамны төсөв дээр нэмж олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД