- Нүүр
- Монгол Улсын хууль
- АУДИТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хуулийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
АУДИТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь аудитын үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, мэргэшсэн нягтлан бодогч, аудитын байгууллагад аудитын үйл ажиллагаа явуулах эрх олгох, хяналт тавих, тэдний бүрэн эрхийг зөвшөөрөх, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Аудитын тухай хууль тогтоомж
1.Аудитын тухай хууль тогтоомж нь Нягтлан бодох бүртгэлийн хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд аудитын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо
Энэ хуульд заасан дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"аудитын үйл ажиллагаа" гэж аудитын байгууллагаас гэрээний дагуу хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, үйл ажиллагааны тайланг хянаж дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/"Мэргэшсэн нягтлан бодогч" гэж Нягтлан бодох бүртгэлийн хууль болон энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас олгосон эрхийн дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн үйл ажиллагаа явуулах мэргэжлийн нягтлан бодогчийг;
3/"аудитор" гэж энэ хуульд заасан шаардлагыг хангаж, аудитын байгууллагад аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийг;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4/"Аудитын байгууллага" гэж энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас аудитын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгжийг;
5/"Санхүүгийн тайлан" гэж үлдэгдэл баланс, орлого, үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, тэдгээрт хавсаргасан тайлбар, тодруулга, хавсралт тооцоог;
/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6/"Санхүүгийн тайланг баталгаажуулах" гэж аудитын үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг батлагдсан стандартын дагуу шалгаж, үнэн зөв болохыг нотолсон дүгнэлт гаргахыг;
7/"санхүүгийн баримт" гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт ба нэмэлт тайлбар, тодруулга болон бизнесийн байгууллагын санхүү, эдийн засгийн асуудалтай холбоо бүхий баримт бичгийг;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8/"Захиалагч" гэж аж ахуйн нэгж, байгууллагад аудит хийлгэх тухай шийдвэр гаргах эрх бүхий төрийн захиргааны болон хууль, хяналт, санхүү, татвар, банк, гаалийн байгууллага, түүнчлэн компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/, эсхүл компанийн энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчдийг;
/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9/"Үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч иргэнийг хэлнэ;
10/"аудитын олон улсын стандарт" гэж Олон улсын нягтлан бодогчдын холбооноос баталсан аудитын үйл ажиллагааг эрхлэн явуулах зарчим, горимыг тусгасан баримт бичгийг;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
11/"аудитын стандарт" гэж эрх бүхий байгууллагаас аудитын олон улсын стандартын зарчимд нийцүүлэн баталсан баримт бичгийг;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
12/"аудитын үйчилгээний дотоод стандарт" гэж аудитын байгууллагаас олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн баталж, тухайн байгууллагад мөрдөх баримт бичгийг;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
13/"ажлын баримт" гэж аудитын үйл ажиллагаа явуулах явцад цугларсан санхүүгийн баримтын хуулбар, бүртгэл, тооцоо, тайлан, судалгаа шинжилгээний материал, уулзалтын тэмдэглэл, мэдээлэл зэрэг аудитын үйлчилгээний дотоод стандартын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг.
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл.Аудитын үйл ажиллагаа
1.Аудитын үйл ажиллагаанд:
1/хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэний санхүүгийн тайланг захиалагч, үйлчлүүлэгчийн хүсэлтээр хянаж баталгаажуулах;
/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2//Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
2//Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3/санхүүгийн байдлыг судалж төлөвлөх, хөрөнгө оруулалт, зээл, тооцооны төрөл бүрийн төсөл, төлөвлөгөө, хөрөнгийн ба бизнесийн үнэлгээ боловсруулахад нь тусалж үйлчлэх;
4/нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтлөх, нөхөн хөтлөх, тайлан гаргах, өртгийн болон удирдлагын бүртгэлийг зохион байгуулахад нь туслах, зөвлөгөө өгөх;
5/аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтыг зохион байгуулахад нь туслах;
6/аж ахуйн нэгж, байгууллагад менежментийн асуудлаар зөвлөгөө өгөх;
7/үнэт цаас гаргахтай холбогдсон эдийн засгийн тооцоо, судалгааны үндэслэлийг хянаж дүгнэлт гаргах;
8/аудитын үйл ажиллагааны хүрээнд хамруулахаар хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа хамаарна.
2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аудитын үйл ажиллагаа нь төрийн байгууллагаас хийх хяналт шалгалтыг орлохгүй.
/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
5 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагааны зарчим
Аудитын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
1/аудитын үйл ажиллагаанд хуулийг чандлан сахиж, олон улсын аудитын стандартад заасан арга, хэлбэрээр аудитын үйл ажиллагааг явуулна;
2/аудитын үйл ажиллагаа хараат бус байна. Мэргэшсэн нягтлан бодогчийн үйл ажиллагаа бодитой, бие даасан байхаас гадна, бие даасан байдлыг нь алдагдуулахад нөлөө үзүүлж болох аливаа шахалт, эрхшээлд орох нөхцөл бүрэлдэхээс урьдчилан харж зайлсхийнэ. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан аудиторын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, шахалт үзүүлэхийг хориглоно;
3/мэргэшсэн нягтлан бодогч аудитын үйлчилгээг чанартай гүйцэтгэх мэргэшлийн шаардлага хангасан байна;
4/захиалагч, үйлчлүүлэгч шалгалт, магадлан шинжилгээ хийлгэх, мэргэжлийн туслалцаа авах аудиторыг чөлөөтэй сонгох, хуулийн дагуу заавал магадлан шинжилгээ хийх тохиолдолд томилогдсон аудиторыг энэ хуульд заасан үндэслэл байвал татгалзах эрхтэй;
5/аудитын үйл ажиллагаа гүйцэтгэсэн этгээд шалгалт, магадлан шинжилгээ, баталгаажуулалтыг буруу хийснээс холбогдогч талд хохирол учруулбал өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө;
6/аудитын үйл ажиллагаанд мэдээллийн нууцыг хадгална. Аудитор нь үйл ажиллагааны явцад олж авсан үйлчлүүлэгчийн мэдээллийг хуульд тусгайлан заагаагүй бол бусдад мэдээлэхгүй байхын зэрэгцээ уул мэдээллийг хувийн эсвэл гуравдагч талын ашиг сонирхлын тулд ашиглаж үл болно;
7/аудитын үйл ажиллагаанд шударга бус өрсөлдөөнийг хориглоно. Мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, аудитын байгууллагын зар сурталчилгаа нь бодитой бөгөөд бусдыг төөрөгдөлд оруулахааргүй, мөн бусад аудитор болон аудитын байгууллагатай харьцуулсан буюу тэдний нэр төрд харшлахааргүй байвал зохино.
8/аж ахуйн нэгж, байгууллагын тайланг 3 жил дараалан хянаж баталгаажуулсан аудитын байгууллага нь дахин тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 3 жилийн хугацаанд аудитын үйл ажиллагаа явуулахгүй.
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагаа явуулах үндэслэл
1.Аудитын байгууллага дараахь тохиолдолд аудитын үйл ажиллагаа явуулна:
1/хуульд санхүүгийн тайлангаа заавал баталгаажуулахаар заасан;
2/аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, удирдах ажилтан аудит хийлгэх тухай хүсэлт гаргаж гэрээ байгуулсан;
3/захиалагчийн аудит хийлгэх тухай шийдвэрийг үйлчлүүлэгч хүлээн авч аудитын байгууллагаа сонгон гэрээ байгуулсан.
2.Үйлчлүүлэгч аудит хийлгэсэн үйлчилгээний хөлсийг гэрээний үндсэн дээр төлнө.
7 дугаар зүйл.Санхүүгийн тайлангаа баталгаажуулах байгууллага
1.Дараахь аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар заавал баталгаажуулна:
1/хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн хувьцаат компани;
2/хөрөнгийн биржид бүртгүүлэх зөвшөөрөл хүсч буй компани;
3/50 сая, түүнээс дээш төгрөгийн актив бүхий аж ахуйн нэгж, байгууллага;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4/өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлагын худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5/хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;
6/хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоо;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/банк, санхүү, даатгалын байгууллага;
8/брокер, дилерийн үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг компани;
9/Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сан.
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10/улс төрийн нам
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
11/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-10-т заасан аж ахуйн нэгж, байгууллагатай адилтгах байгууллага.
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санаачилгаар аудитын байгууллагаар санхүүгийн тайлангаа баталгаажуулж болно.
3.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайлангаа дараахь хугацаанд аудитын байгууллагаар баталгаажуулна:
1/хувьцаат компани санхүүгийн жилийн тайлан хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө;
2/өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс 1 сарын өмнө;
3/бусад аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн жилийн тайланг дараа оны эхний улиралд багтаан.
/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
8 дугаар зүйл.Аудитын стандарт
1.Аудитын үйл ажиллагаанд аудитын олон улсын стандартыг мөрдөнө.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хууль, 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/
2.Аудитын үндэсний стандартыг эрх бүхий байгууллага аудитын олон улсын стандартын зарчимд нийцүүлэн батална.
/Энэ зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9 дүгээр зүйл.Санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулах
1.Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, баримтыг аудитын байгууллага баталгаажуулна.
2.Аудитор шалгасан буюу судалсан тайлан, санхүүгийн баримтад хувийн тэмдэг дарах бөгөөд түүний гаргасан дүгнэлтэд аудитын байгууллагын дарга / захирал/ гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна.
10 дугаар зүйл.Гэрээ, удирдамж
1.Аудит хийх талаар үйлчлүүлэгч болон аудитын байгууллага бичгээр гэрээ байгуулна. Гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын байгууллагын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
2.Гэрээнд аудитын үйл ажиллагаатай холбогдуулж харилцан хүлээх үүрэг, хариуцлага, ажлын хүрээ, гүйцэтгэх хугацаа, хөлс, үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээг дуусгавар болгох журмын тухай заасан байна.
3.Үйлчлүүлэгч болон аудитын байгууллагын хооронд байгуулсан хүчин төгөлдөр, урт хугацааны гэрээний хүрээнд аудитын үйл ажиллагааны аль нэгэн төрлийг гүйцэтгэх аудитор нь аудитын байгууллагын эрх баригчаас баталсан удирдамжтай байна. Энэхүү удирдамж нь гэрээний агуулгатай бүрэн нийцсэн байвал зохино.
11 дүгээр зүйл.Үйлчлүүлэгч байгууллагын эрх, үүрэг
1.Үйлчлүүлэгч байгууллага дараахь эрх эдэлнэ:
1/аудитын байгууллагыг сонгох;
2/аудитын дүгнэлтийн талаар тайлбар өгөхийг шаардах;
3/аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол энэ талаар шүүхэд гомдол гаргах.
2.Үйлчлүүлэгч байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
1/аудитын үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах;
2/шалгалтад шаардлагатай баримт, мэдээллийг гаргаж өгөх;
3/байгууллагын аж ахуй, санхүүгийн бүх үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэл, тайланд стандартын дагуу зөв тусгасан, мөн эдгээртэй холбогдох баримт, материал, тайлбарыг бүрэн танилцуулах бөгөөд энэ талаар үүсч болох хариуцлагыг хүлээх тухайгаа нотолсон тодорхойлолтыг аудиторт гаргаж өгөх;
4/шалгалтын явцад илэрсэн бүртгэл хөтлөлтийн болон санхүүгийн тайлантай холбоотой алдаа, зөрчлийг шуурхай залруулах;
5/шалгуулж буй байгууллагын удирдлагын зүгээс шалгалтад саад учруулахгүй байх.
3.Санхүүгийн тайланг баталгаажуулахтай холбогдсон хариуцлагыг аудитын байгууллага хүлээнэ.
4.Аудиторт гаргаж танилцуулсан санхүүгийн баримтын үнэн зөв, бодитой байх хариуцлагыг үйлчлүүлэгч байгууллагын удирдах ажилтан хүлээнэ.
5.Төсвийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийнгазрын санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийхэд энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Мэргэшсэн нягтлан бодогч, аудитор
12 дугаар зүйл.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох нөхцөл
1.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад орох хүн дараахь нөхцөлийг хангасан байна:
1/их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй буюу эсвэл түүнтэй адилтгах зэрэглэлийн сургалтаар төгссөн байх;
2/мэргэжлээрээ 2-оос доошгүй жил аж ахуйн нэгж, байгууллагад нягтлан бодогчоор ажилласан, мэргэжлийн сургуульд багш, төрийн байгууллага, түүнчлэн татварын алба, аудитын байгууллагад мэргэжлээрээ ажилласан;
3/энэ хууль гарахаас өмнө мэргэжлийн их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөгчид санхүүгийн болон өртгийн бүртгэл, бүртгэлийн мэдээллийн тогтолцоо, аудит, менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ зэрэг дамжаануудыг төгссөн байх.
2.Нягтлан бодогчоос бусад мэргэжил эзэмшсэн иргэн дараахь шаардлагыг хангана:
1/их, дээд сургуулийн стандартын дагуу нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын цагийг дүүргэсэн;
2/нягтлан бодогчоор 4-өөс доошгүй жил ажилласан.
/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл.Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт
1.Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын мэргэжлийн ёс зүйг баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлэх эрх бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь мэргэжлийн сургалт зохион байгуулах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт авах, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцсэн хүнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
4.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14 дүгээр зүйл.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийн гэрчилгээ, хувийн тэмдэг
1.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцвэл мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, хувийн тэмдгийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хууль, 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
2.Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээнд эзэмшигчийн овог нэр, олгосон он, сар, өдөр, гэрчилгээний дугаар байхын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурсан байна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хууль, 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
3.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг нэг дэх шатны шалгалтад тэнцсэн бол 2 жилийн хугацаатай, хоёр дахь шатны шалгалтад тэнцсэн бол 5 жилийн хугацаатай, гурав дахь шатны шалгалтад тэнцсэн бол хугацаагүй олгоно.
/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.Мэргэшсэн нягтлан бодогчийн хувийн тэмдэгт "мэргэшсэн нягтлан бодогч" гэсэн үг бүхий хүрээний дотор овог, нэр, гэрчилгээний дугаарыг бичсэн байна.
/Энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Олон улсын мэргэжлийн байгууллагаас Монгол Улсад болон гадаад оронд зохион байгуулсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгох журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.Мэргэшсэн нягтлан бодогчоос өөр этгээд мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг дэвийг ашиглахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
15 дугаар зүйл.Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг, ёс зүйн дүрэм
1.Мэргэшсэн нягтлан бодогч "Би мэргэшсэн нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйг чандлан сахихаа нэр төртэйгээр батлан тангараглая" хэмээн тангараг өргөнө.
/Энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2./Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
2.Тангараг өргөсөн иргэн мэргэшсэн нягтлан бодогчийн тангарагийн бүрэн бичвэр бүхий тангарагийн бичигт тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог, нэрээ бичиж гарын үсэг зурна.
3.Мэргэшсэн нягтлан бодогч ёс зүйн дүрэмтэй байна.
/Энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16 дугаар зүйл.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг дуусгавар болгох
Дараахь нөхцөлд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг дуусгавар болсон гэж үзнэ:
1/нас барсан;
2/өөрөө татгалзсан;
3/дараагийн шатны шалгалтад тэнцээгүй, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр уг шалгалтад ороогүй, нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн нь тогтоогдож, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх нь хасагдсан.
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17 дугаар зүйл.Аудитор
1.Дараахь шаардлагыг хангасан мэргэшсэн нягтлан бодогч аудитын байгууллагад аудитороор ажиллана:
1/мэргэшсэн нягтлан бодогчийн хоёр, гурав дахь шатны шалгалтад тэнцсэн;
2/нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэнээс хойш мэргэжлийн ёс зүйг зөрчөөгүй;
3/аудитын байгууллагад 3-аас доошгүй жил аудиторын туслагчаар ажилласан.
2.Аудитор нь аудитын үйл ажиллагааг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18 дугаар зүйл.Хэвлэлд мэдээлэх
Мэргэжлийн зөвлөл бүртгэсэн болон бүртгэлээс хассан мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын тухай мэдээллийг төрийн хэвлэлд нийтлүүлнэ.
19 дүгээр зүйл.Аудиторын үүрэг
Аудитор дараахь үүрэг хүлээнэ:
1/аудитын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомж, батлагдсан стандартын дагуу явуулах;
2/аудит хийж болохгүй нөхцөл байдал байгаа бол уг үйл ажиллагааг явуулахаас татгалзах эсхүл бусад аудитор, мэргэжилтэнг нэмж оруулах шаардлагатай байвал үйлчлүүлэгч буюу холбогдох аудитын байгууллагад нэн даруй мэдэгдэх;
3/бусад мэргэшсэн нягтлан бодогчийн нэр хүндийг гутаах үйлдэл хийхгүй байх;
4/аудит хийх явцад олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуулинд зааснаас өөр тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах. Энэ нь аудиторын үүрэг гүйцэтгэхийг больсноос хойш нэгэн адил хүчинтэй байна;
5/үйлчлүүлэгч хүсвэл шалгалтын дүн, санхүүгийн тайлан баталгаажуулсан дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж өгөх;
6//Энэ заалтын 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
20 дугаар зүйл.Аудиторын эрх
Аудитор дараахь эрх эдэлнэ:
1/үйлчлүүлэгчдээс гэрээнд заасан ажлын хүрээнд холбогдолтой санхүүгийн баримт, эрхийн актыг шаардаж авах, мөнгө, үнэт цаас, биет болон биет бус хөрөнгийг тоолох, шалгалтын явцад гарсан аливаа асуудлаар тайлбар гаргуулах;
2/аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахтай шууд холбоотой бичиг баримтыг холбогдох арилжааны банк, бусад санхүүгийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудаас шаардан авч танилцах;
3/үйлчлүүлэгч нь шалгалтад шаардлагатай баримт, тайлбарыг бүрэн хэмжээгээр гаргаж өгөөгүй нөхцөлд аудит хийхээс татгалзах;
4/аудитор туслагчтай байж болно. Туслагч санхүүгийн баримт баталгаажуулахгүй. Аудитор болон туслагчийн харилцааг хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
21 дүгээр зүйл.Аудиторын эрхийн хязгаар
1.Аудитор дараахь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахаас татгалзана:
1/өөрийн ажилладаг болон сүүлийн 2 жилийн дотор ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага;
2/сүүлийн нэг жилийн дотор өөрөө эд хөрөнгийн талаар / компанийн нийт гаргасан хувьцаа, ногдол хувийн 5-аас дээш хувийг эзэмшдэг, эсхүл зээл, төлбөр болон хөрөнгө оруулалтын талаар харилцаатай/ холбоотой байсан буюу одоо мөн тийм холбоотой аж ахуйн нэгж, байгууллага;
3/өөрийн ойрын садан төрлийн хүн / эцэг, эх, нөхөр, эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү нар/ удирдах албан тушаал / эзэн, дарга, захирал, түүний орлогчид, ерөнхий нягтлан бодогч ба түүнтэй адилтгах албан тушаал/ -д ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага.
2.Аудиторт дараахь зүйлийг хориглоно:
1/аудитын нэг байгууллагад үндсэн орон тоонд ажилладаг аудитор өөр байгууллагад давхар ажил эрхлэх болон бусад аудитын байгууллагад гэрээгээр ажиллах;
2/аудитын нэг байгууллагад гэрээгээр ажилладаг аудитор өөр аудитын байгууллагад гэрээгээр ажиллах;
3/аудитын нэг байгууллагад ажиллаж байгаа аудитор үйлчлүүлэгчдийг татах зорилгоор хоорондоо өрсөлдөх аливаа үйлдэл хийх.
22 дугаар зүйл.Сахилгын шийтгэл
1.Хууль тогтоомж, ёс зүйн дүрэм зөрчсөн мэргэшсэн нягтлан бодогч, аудиторт сахилгын дараахь шийтгэл ногдуулна:
1/сануулах;
2/аудитын үйл ажиллагаа явуулах эрхийг хасах;
3/мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хасах.
2.Эрх нь хасагдсан мэргэшсэн нягтлан бодогч буюу аудитор З жилийн дараа зохих журмын дагуу шинээр эрх авах тухай хүсэлт гаргаж болно.
3./Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.Энэ зүйлийн нэг дэх хэсгийн 2, З-т заасан шийтгэл ногдуулсан тохиолдолд энэ тухай нийтэд мэдээлнэ.
4.Мэргэшсэн нягтлан бодогч сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
5.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.
6.Сахилгын шийтгэл хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор дахин сахилгын шийтгэл хүлээлгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Аудитын байгууллага
23 дугаар зүйл.Аудитын байгууллага
Аудитын байгууллага нь энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаа явуулах хувьцаат компани, хоршооноос бусад хэлбэрээр зохион байгуулагдсан аж ахуйн нэгж байна.
24 дүгээр зүйл.Аудитын байгууллагын нэр
1.Аудитын байгууллагын оноосон нэрийн ард "Аудит" гэсэн үгийг бичсэн байна.
2.Аудитын байгууллагаас өөр хуулийн этгээд "аудит" гэсэн үг буюу түүнтэй ижил төсөөтэй, бусдыг төөрөгдүүлэхээр үгийг нэрэндээ хэрэглэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
25 дугаар зүйл.Аудитын байгууллагад тавих шаардлага
Аудитын байгууллага дараахь шаардлагыг хангасан байна:
1/аудитын үйл ажиллагаа эрхлэгчид нь зөвхөн аудитор байх;
2/байгууллагын удирдлага / дарга, захирал/ болон мэргэжлийн шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтан нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй авсан бөгөөд аудитор байх;
/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3/үндсэн орон тооны 2-оос доошгүй аудитортай байх;
4/үйл ажиллагаа явуулах ажлын байр, техник хэрэгслээр хангагдсан байх;
5/энэ хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас бусад болон бусдад хараат болж болох үйл ажиллагаа эрхлэхгүй байх.
6/аудитын үйлчилгээний дотоод стандарттай байх;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
7/аудитын байгууллагыг үүсгэн байгуулагч нь гадаадын иргэн бол тухайн байгууллагын нийт ажиллагсдын 70-аас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх.
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
26 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
1.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
1/тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;
2/тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
3/аудиторуудын товч анкет;
4/аудитын байгууллага үүсгэн байгуулах шийдвэр;
5/аудитын байгууллагын дүрэм;
6/ аудитын үйлчилгээний дотоод стандарт.
2.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно.
/Энэ зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
27 дугаар зүйл.Аудитын байгууллагыг бүртгэх
Аудитын байгууллага энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг авсны дараа Нөхөрлөл, компанийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
28 дугаар зүйл.Дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх
Аудитын байгууллага дүрэмдээ оруулсан өөрчлөлтийг тухай бүр Мэргэжлийн зөвлөлөөр хянуулж улсын бүртгэлд бүртгүүлнэ.
29 дүгээр зүйл.Аудитын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах
Аудитын байгууллага дараахь аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахыг хориглоно:
1/аудитын байгууллага өөрөө хөрөнгө оруулсан;
2/өөртэй нь эд хөрөнгийн талаар холбоотой;
3/нягтлан бодох бүртгэлийг нь хөтөлж, тайланг гаргасан.
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
30 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
1.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь нөхцөлд санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгоно:
1/нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартын дагуу ажлын баримт бүрдүүлээгүй;
2/аудитын чанарын хяналт хийхэд албаны байр, ажлын баримт материал, бусад шаардлагатай мэдээлэл үзүүлэхээс зайлсхийсэн;
3/санхүүгийн тайланг хуурамчаар баталгаажуулсан нь нотлогдсон; 4/энэ хуульд заасан аудитын байгууллагад тавигдах шаардлагыг хангаж ажиллаагүй.
2.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол энэ тухай түүнийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
/Энэ зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
/Энэ бүлгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Аудитын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
31 дүгээр зүйл.Аудитор, аудитын байгууллагад хүлээлгэх хариуцлага
1.Аудитын тухай хууль тогтоомж зөрчсөн аудитор, аудитын байгууллагад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дор дурдсан шийтгэл ногдуулна:
1/энэ хуулийн 21, З0 дугаар зүйлийг зөрчсөн бол аудиторыг З0000-40000 төгрөгөөр, аудитын байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;
2/санхүүгийн тайланг буруу баталгаажуулсан зэрэг аудитын үйл ажиллагааны зарчмыг зөрчиж хангалтгүй үйлчилгээ үзүүлсний улмаас захиалагч, үйлчлүүлэгч ба бусад этгээдэд эд хөрөнгийн хохирол учруулсан бол уг хохирлыг аудитын байгууллагаар нөхөн төлүүлж, аудиторыг 40000-50000 төгрөгөөр, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;
3/энэ хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн бол энэ үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, иргэнийг 20000-30000 төгрөгөөр, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр тус тус торгоно.
2.Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
32 дугаар зүйл.Захиалагч, үйлчлүүлэгчид хүлээлгэх хариуцлага
1.Энэ хууль бусад хууль тогтоомж зөрчсөн захиалагч, үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
1/энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тайлангаа баталгаажуулахаас зайлсхийсэн бол албан тушаалтныг 20000-30000 төгрөгөөр, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох;
2/санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахад санаатайгаар саад учруулсан бол албан тушаалтныг 30000-40000 төгрөгөөр, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;
2.Энэ зүйлийн 1, 2-т заасан үйлдэл нь аудитын байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол уг хохирлыг гэм буруутай албан тушаалтан буюу байгууллагаар нөхөн төлүүлнэ.
33 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигч бусад этгээдэд хүлээлгэх хариуцлага
1.Үйлчлүүлэгчтэй ажил төрлийн холбоотой албан тушаалтан ба байгууллага нь санхүүгийн тайлан, баримтыг баталгаажуулахад шаардлагатай баримт, бусад материалыг танилцуулах, тайлбар гаргаж өгөхөөс татгалзаж аудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол шүүх албан тушаалтныг 20000-30000 төгрөгөөр, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгоно.
2.Аудитын үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан бол шүүх олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 40000-50000, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгоно.
3.Аудитын үйл ажиллагаа явуулах лиценз, зөвшөөрөлгүйгээр энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг давтан үйлдсэн хуулийн этгээдийг татан буулгах асуудлыг шүүх холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
4.Шүүх энэ хуулийн З6 дугаар зүйлийг зөрчсөн гэм буруутай иргэнийг 25000-50000 төгрөгөөр, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгоно.
34 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1997 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ бүлэг, зүйлийн дугаарт 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A