A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2002 оны 7 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

                                                           МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ШИНЭ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Хэвлэх

2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шинээр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийг /цаашид Эрүүгийн шинэ хууль гэнэ/ 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон билээ.

Энэхүү шинэ хуулиар урьд нь гэмт хэрэгт тооцож байсан зарим хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх, зарим үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцох болон зарим төрлийн ялыг хүчингүй болгох буюу хугацаа, хэмжээг нь өөрчлөх, зарим ялыг шинээр буй болгож ялын төрөлд үндсэн өөрчлөлт оруулсны дээр зарим зүйлд заасан хорих ялын доод хэмжээг өсгөх буюу дээд хэмжээг багасгах зэрэг үндсэн өөрчлөлтүүдийг оруулав

Иймд Эрүүгийн шинэ хуулийн Ерөнхий ангийн 12 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод, дээд хэмжээг багасгасан тохиолдолд урьд нь үүнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шүүх доод хэмжээнд нийцүүлэх, хасах зэргээр хуульд нийцүүлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Эрүүгийн шинэ хуульд зааснаар 1987 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 741дүгээр зүйл /Хүний цус, эд эрхтэнг хууль бусаар хил нэвтруулэх/, 89 дүгээр зүйл /Аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдыг алах/, 91 дугээр зүйл /Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 93 дугаар зүйл /Аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах/, 95 дугаар зүйл /Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, 96 дугаар зүйл /Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулах/, 99 дүгээр зүйл /Зодох/, 101 дүгээр зүйл /Алах, хүнд гэмтэл учруулахаар заналхийлэх/, 114 дүгээр зүйл /Эмэгтэй хүнийг тулган хавчиж хурьцал үйлдэх/, 119 дүгээр зүйл /Эмэгтэй хүнийг гэрлүүлэхээр албадах буюу гэрлэхэд нь саад хийх/, 1271дүгээр зүйл /Банкнаас авсан зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж их хэмжээний хохирол учруулах/, .132 дугаар зүйл /Тээврийн хэрэгсэл, машин буюу механизмыг шунахай зорилгоор дур мэдэн ашиглах/, 133 дугаар зүйл /Эрчим хүч ашиглах журам зөрчих/, 135 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг болгоомжгүй устгах, гэмтээх/, 136 дугаар зүйл /Машин, механизмыг хайр гамгүй ашиглах, хадгалах/, 142 дугаар зүйл /Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг зөрчих/, 143 дугаар зүйл /Шүүмжилсэн иргэнийг мөрдөн хавчих/, 149 дүгээр зүйл /Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх буюу ганц бие эцгийг ажлаас халах/, 163 дугаар зүйл /Стандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, чанар муутай, иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх/, 164 дүгээр зүйл /Улсын тайлан мэдээг санаатай худал гаргаж мэдээлэх/, 166 дугаар зүйл /Малтай хатуу ширүүн харьцах/, 167 дугаар зүйл /Мал эмнэлгийн журам зөрчих/, 168 дугаар зүйл /Хадлан, тариалан, суулгац, тарьцыг санаатай устгах/, 174 дүгээр зүйл /Бензин болон шатах тослох материалыг хууль бусаар олгох/, 1752дугаар зүйл /Хориглосон зар сурталчилгаа эрхлэх/, 1762дугаар зүйл /Валютын гүйлгээний журам зөрчих/, 1763дугаар зүйл /Банкны зээл, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, ашиглах/, 1772дугаар зүйл /Гэрээний тухай хууль тогтоомж зөрчих/, 1773дугаар зүйл /Нотариатын тухай хууль тогтоомж зөрчих/, 179 дүгээр зүйл /Шуудангийн төлбөрийн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх/, 180 дугаар зүйл /Зорчигчийн билетийг хуурамчаар үйлдэх, борлуулах/, 181 дүгээр зүйл /Недрийг ашиглах, алт бусад үнэт металл, үнэт чулууг улсад тушаах журам зөрчих/, 182 дугаар зүйл /Газар эдэлбэрийн хууль тогтоомж зөрчих/, 1932дугаар зүйл /Дархлаажуулалтыг зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлэх/, 213 дугаар зүйл /Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын захиргааны шаардлагад зориуд захирагдахгүй байх/, 228 дугаар зүйл /Цэргийн үүрэгтэн цэргийн тоо бүртгэлээс зайлсхийх/, 231 дүгээр зүйл /Захиргааны хяналтын журам ноцтой зөрчих/, 232 дугаар зүйл /Гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэхэд харшлах шалтгааныг нуух буюу худал мэдэгдэх/, 233 дугаар зүйл /Одон, медаль хулгайлах, худалдах, худалдан авах, арилжих, хуурамчаар үйлдэх/, 236 дугаар зүйл /Сүсэг бишрэлийг далимдуулан мэхлэх/, 258 дугаар зүйл /Түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай устгах, эвдэх, гэмтээх/, 261 дүгээр зүйл /Согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/, 264 дүгээр зүйл /Тээврийн талаар дагаж мөрдөж байгаа журам зөрчих/, 270 дугаар зүйл /Даргадаа захирагдахгүй байх/, 277 дугаар зүйл /Дур мэдэн чөлөөгүй явах/, 278 дугаар зүйл /Анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхих/, 280 дугаар зүйл /Байлдааны байдалд ангиа дур мэдэн орхих/, 297 дугаар зүйл /Цэргийн олзлогдсон албан хаагч гэмт үйлдэл хийх/, 299 дүгээр зүйл /Цэргийн ажиллагаа явагдаж байгаа нутгийн хүн амд хүч хэрэглэх/, 300 дугаар зүйл /Олзлогдогчидтой хатуу ширүүн харьцах/, 301 дүгээр зүйл /Улаан загалмай тэмдгийг хууль бусаар зүүх, урвуулан ашиглах/ зэрэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд эдгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлөх бөгөөд хэрэв хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд байгаа бол тус тусын шатанд 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шийтгүүлж ял эдэлсэн буюу энэ тогтоолын дагуу ялаас чөлөөлөгдсөн хүмүүсийг ял шийтгэлгүйд тооцно.

3.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт урьд нь ял шийтгүүлж, уг зүйл, хэсгээр оногдуулсан ял нь Эрүүгийн шинэ хуулиар гэмт хэрэгт тооцогдох зүйл, хэсгээр оногдуулсан ялд багтсан бол эдэлсэн ялыг хувь тэнцүүлэн тооцож, гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл, хэсгээр оногдуулсан ялаас чөлөөлж, гэмт хэрэгт тооцсон нь хэвээр байгаа зүйл, хэсгээр оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэсгийг эдлүүлнэ.

Харин гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл, хэсгээр оногдуулсан ялд Эрүүгийн шинэ хуулиар гэмт хэрэгт тооцсон хэвээр байгаа зүйл, хэсгээр оногдуулсан ялыг багтаасан байвал эдэлсэн ялыг хувь тэнцүүлэн тооцож, багтаасан хүнд ялаас хугацааг харгалзахгүй чөлөөлж, уг багтсан ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг эдлүүлнэ. Хэрэв уг багтсан ялыг эдэлсэн байвал ялаас бүрэн чөлөөлнө.

Түүнчлэн гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл, хэсгээр оногдуулсан ялыг өөр зүйл, хэсгээр оногдуулсан ялтай нэмж нэгтгэсэн байвал гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл, хэсгээр оногдуулсан ялыг шууд хасч тооцно.

4.2002 оны 09 дугээр сарын 01-нээс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн шинэ хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ хуульд заасан дээд хэмжээнд нийцүүлэн хасна.

5.2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн шинэ хуульд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан зүйл, хэсгүүдийг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цагаас хойш үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд хэрэглэнэ.

6.2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн шинэ хуулийн зүйл, хэсгийн заалтаас урьд дагаж мөрдөж байсан 1987 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хасагдсан байвал чухамхүү тэр бүрэлдэхүүнээр шийтгүүлсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлж, ял шийтгэлгүйд тооцно. Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хасагдсан боловч өөр төрлийн гэмт хэрэгт хүндэрч зүйлчлэгдсэн бол ялаас чөлөөлөхгүй, ял шийтгэлгүйд тооцохгүй.

7.Тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр шийтгүүлж, одоо ял эдэлж байгаа этгээдийн үйлдэл нь Эрүүгийн шинэ хуулиар тухайн гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэх болсон буюу хорихоос өөр хөнгөн ял оногдуулж болох зүйл, хэсгээр зүйлчлэгдэх болсон бол уг хэргийг хянаж байгаа шүүх буюу уг ялыг эдлүүлж байгаа газрыг харъяалах шүүх болон харъяалал тогтоосон шүүхийн шүүгч захирамж, шүүх тогтоол гарган хуульд нийцүүлж шийдвэрлэнэ.

8.Эрүүгийн шинэ хуулиар тодорхой төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ урьдах хуульд зааснаас дээшилж тогтоогдсон бол гэмт этгээдэд оногдуулсан буюу оногдуулах ялыг хүндрүүлэхгүй бөгөөд энэ нь 2002 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна. Харин одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт ял эдэлж байгаа буюу шийтгүүлж байгаа этгээдийн хорих ялын доод хэмжээ багассан тохиолдолд 1987 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн доод хэмжээгээр оногдуулсан ялыг Эрүүгийн шинэ хуульд заасан доод хэмжээнд нийцүүлэн хасч тогтооно.

9.Нэг төрлийн гэмт хэргийг давтан болон үргэлжилсэн үйлдлээр хийсний сүүлчийн үйлдэл нь 2002 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарсан байвал Эрүүгийн шинэ хуулиар зүйлчилж шийдвэрлэнэ.

10.Энэхүү тогтоолын 1-д заасан ажиллагааг 2002 оны 10 дугаар сарын 01-ний дотор, 7-8-д заасан ажиллагааг 2002 оны 12 дугаар сарын 01-ний дотор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад байгаагаас бусад хэргийн тухайд шүүгч захирамж, шүүх тогтоолоор гүйцэтгэнэ.

11.Монгол Улсын Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хууль, энэ тогтоолыг биелүүлэх ажлыг холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран зохион байгуулж, дүнг энэ тогтоолын зүйл нэг бүрээр гарган 2002 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Дээд шүүхэд ирүүлэхийг аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нарт, хяналт тавьж ажиллахыг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим /Д.Батсайхан/-д тус тус даалгасугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ШҮҮГЧ Д.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ДАНГААСҮРЭН