A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 05

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгаль орчны экологийн тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Увс аймгийн Ховд сумын Гоожуурын хүрхрээ орчмын газар нутгийг Түргэний дархан цаазат газрын хилийн заагт, Сагил сумын Баянзүрх уул орчмын газар нутгийг Цагаан шувуутын дархан цаазат газрын хилийн заагт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдын Хорьдол-Сарьдагийн нурууны Жиглэгийн даваа, Дархадын хотгор орчмын газар нутгийг Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газрын хилийн заагт тус тус хамруулан дархан цаазат газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумдын зааг нутагт орших Их Богд уул орчмын газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.

2.Түргэн, Цагаан шувуут, Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газруудын хилийн заагийг өргөтгөж дархан цаазат газрын ангиллаар авч буй Баянзүрх уул орчмын газар нутгийн хилийн заагийг тогтоолын 1 дүгээр, Гоожуурын хүрхрээ орчмын газар нутгийн хилийн заагийг тогтоолын 2 дугаар, Жиглэгийн даваа, Дархадын хотгор орчмын газар нутгийн хилийн заагийг 3 дугаар, Их Богд уулын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Увс аймгийн Ховд сумын Гоожуурын хүрхрээ орчмын газрыг "Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-ын 2-оор баталсан Түргэний дархан цаазат газрын хилийн заагт хамруулан хилийн заагийн 3604.5 тоот өндөрлөгөөс 2805.2 тоот өндөрлөг хүртэлх хэсгийг, Сагил сумын Баянзүрх уул орчмын газрыг мөн тогтоолын 10-ын 4-өөр баталсан Цагаан шувуутын дархан цаазат газрын хилийн заагт хамруулан хилийн заагийн 3045.5 тоот өндөрлөгөөс баруун тийш 3393.1 тоот өндөрлөг хүртэлх хэсгийг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдын Хорьдол-Сарьдагийн нурууны Жиглэгийн даваа, Дархадын хотгор орчмын газар нутгийг Улсын Их Хурлын 1997 оны 47 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газрын хилийн заагт хамруулан хилийн заагийн 2184.5 тоот өндөрлөгөөс зүүн хойш орших 1928.0 тоот өндөрлөг хүртэлх болон 2166.5 тоот өндөрлөгөөс зүүн тийш 2534.8 тоот өндөрлөг хүртэлх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ЛҮНДЭЭЖАНЦАН