A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛЬ, НАМЫН ГИШҮҮНЭЭС ТҮДГЭЛЗВЭЛ ЗОХИХ АЛБАН ТУШААЛЫН ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1992 оны 3 дугаар сарын 13-ны  өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛЬ, НАМЫН ГИШҮҮНЭЭС ТҮДГЭЛЗВЭЛ ЗОХИХ АЛБАН ТУШААЛЫН ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

1.Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хууль, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх зорилгоор тэдгээрийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1/Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийн 2 дугаар зүйлд заасан "18 насанд хүрсэн..." гэдгийг тухайн иргэн намд элсэх өдөр бүтэн 18 насанд хүрсэн байхыг ойлгоно.

2/Мөн зүйлийн "...иргэд хоёр, түүнээс дээш намд нэгэн зэрэг гишүүн байж болохгүй" гэдгийг Монгол улсын иргэн хоёр буюу түүнээс дээш намд нэгэн зэрэг бүртгэлтэй буюу батлахтай байхыг ойлгоно. Нэг намд бүртгэлтэй буюу батлахтай байхдаа тухайн намаас дүрэмд заасан журмын дагуу гарч бүртгэлээс хасуулаагүй буюу батлахыг эргүүлэн өгөөгүй атлаа өөр намд элсэж бүртгүүлсэн буюу батлах авсан иргэдийг тухайн намыг бүртгэх үед гишүүдийн бүртгэлээс хасаж тооцно. Тухайн намын дүрэмд намын доторх жигүүр намаас гарах журмыг тусгайлан заагаагүй бол гишүүн гарах журмыг баримтална. Харин нам тарсан, бусад намд нэгдэж үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд тухайн намын гишүүнд энэ заалт хамаарахгүй.

3/Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "в" ,"г" -д зааснаар нам бүр өөрийн гишүүдийн бүртгэлтэй, тухайн үед өөрийн үйл ажиллагааг явуулахад хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгөтэй байна. Нам бүртгүүлэх үед өөрийн хөрөнгөө тодорхойлох боломжийг хангахын тулд зохих банкны байгууллага намыг зохион байгуулагч иргэний нэр дээр түр данс нээж өгч болно.

4/Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "бүртгэгдсэн нам хуулийн этгээд болно" гэдэгт энэ хуулийн дагуу Дээд шүүхэд бүртгүүлсэн нам бүртгүүлсэн өдрөөсөө эхлэн Монгол улсын хууль тогтоомжийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээн үйл ажиллагаа явуулж болохыг ойлгоно. Харин намын зохион байгуулагчдаас намыг бүртгүүлэх хүртэл хугацаанд явуулсан үйл ажиллагааг зөвхөн зохион байгуулагч иргэдийн ажиллагаа гэж үзэх бөгөөд уг харилцаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана.

5/Намын дүрэм, мөрийн хөтөлбөрт орсон нэмэлт өөрчлөлт, түүнчлэн шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, энэ тогтоолын 2-ын 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бүртгүүлбэл зохино.

6/ Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нам нь гадаад орны нам, иргэдээс хууль тогтоомжийн дагуу авсан хандивынхаа хэмжээг хандив авсны дараах санхүүгийн тайлан гаргах хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нийтэд мэдээлж байна (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

7/ Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан намыг бүртгэхээс татгалзах үндэслэл нь батлагдсан дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцээгүй, гишүүдийн тоо нь 801 хүрээгүй, хөрөнгөгүй, бүртгүүлэх тухай өргөдөлд хуульд заасан материалыг хавсаргаагүй бөгөөд энэ талаарх зөрчлийг арилгахаар тавьсан шаардлагыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй байх зэрэг болно.

8/Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийн 13 дугаар зүйлд заасан "бусад намд нэгдэж..." гэснийг улсын бүртгэлд бүртгэгдсэн нэг буюу хэд хэдэн нам өөр намд нэгдэж, нэгдэж буй намын дүрэм, мөрийн хөтөлбөр, нэрийн хүрээнд тэдгээрийг зөвшөөрөн бүтэц, зохион байгуулалтаа нэгтгэж, хөрөнгөө нийлүүлэхийг ойлгоно. Хэрэв хоёр буюу түүнээс дээш нам нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн нийлбэл шинэ нам байгуулсанд тооцох бөгөөд түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу бүртгэнэ (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

9/Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын хуулийн 1 дүгээр зүйлийн "... уг албан тушаалд байх хугацаандаа" гэдэгт мөн зүйлд заасан албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацааг ойлгоно. Хэрэв дээрх албан тушаалтны бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол ийнхүү дуусгавар болсон өдрөөс намын гишүүнээс түдгэлзвэл зохих хугацаа нь мөн дуусгавар болно. Харин уг албан тушаалтан түдгэлзсэн хугацаанд намын гишүүний харъяаллаа хэвээр хадгална.

10/Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын хуулийн 1 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажиллахаар нэр дэвшсэн буюу хүсэлтээ илэрхийлсэн, түүнчлэн сонгогдсон, томилогдсон бөгөөд намын гишүүнээс түдгэлзсэн иргэн энэ хугацаанд өөр нам байгуулах буюу түүнд элсэх эрхийг эдлэхгүй.

11/Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зохих албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон иргэн ийнхүү сонгогдож томилогдсоноосоо хойш 7 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзсэнээ түүнийг сонгосон буюу томилсон байгууллагад мэдэгдэнэ.

2.Улс төрийн намуудыг бүртгэх, үйл ажиллагааг нь зогсоох, тараах асуудлыг шийдвэрлэх талаар дор дурдсан журам тогтоосугай:

1/улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагааг нь зогсоох, тараах тухай асуудлыг Иргэний хэргийн танхим 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэн тогтоол гаргаж шийдвэрлэнэ (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

2/Иргэний хэргийн танхим намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн өргөдөл, материалыг хүлээн авмагц түүний дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол улсын Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хууль, бусад хуульд нийцэж буй эсэх, өргөдөлд хавсаргасан баримт бичиг нь хуулийн шаардлага хангаж буй эсэхийг хянан үзнэ (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

3/Иргэний хэргийн танхим намыг бүртгэх, үйл ажиллагааг нь зогсоох, намыг тараах тухай өргөдлийг хянан шийдвэрлэхдээ шаардлагатай гэж үзвэл намын гишүүдийн тоо, хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг шалгах, намын бүтэц, зохион байгуулалттай танилцах, шинжээч томилон дүгнэлт гаргуулах зэрэг зохих байцаан шийтгэх ажиллагааг Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулна (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

4/нам үйл ажиллагаагаараа Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хууль, бусад хууль зөрчсөн, дүрэм, мөрийн хөтөлбөрөөсөө гажсан нь нотлогдвол зөрчлийн шинж чанараас шалтгаалан Улс төрийн намуудын  тухай БНМАУ-ын хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хэргийн танхим уг зөрчлийг арилгахыг хугацаа заан шаардах буюу намын үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол гарган шийдвэрлэнэ (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

5/намыг тараах үндэслэл нь зөвхөн Улс төрийн намуудын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хориглосон үйл ажиллагаа явуулах явдал болно.

6/намыг тараах, үйл ажиллагааг нь зогсоох тухай тогтоол гарсан бол уг тогтоолоос уламжлан үүсэх харилцааг Монгол Улсын Иргэний хуулийн 28-31 дугаар зүйлд зааснаар зохицуулна (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

7/намыг бүртгэх, үйл ажиллагааг нь зогсоох, намыг тараах тухай асуудлыг хуульд заасан хугацаанд хийх боловч зайлшгүй шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар уг хугацааг сунгаж болно (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

8/Иргэний хэргийн танхимын тогтоолыг эс зөвшөөрвөл тухайн намын удирдагч, эсхүл төлөөлөгч нь гомдлоо 10 хоногийн дотор Дээд шүүхийн Бүгд хуралд гаргах эрхтэй./УДШ-ийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулав./
9/Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "намын гишүүнээс түдгэлзэнэ" гэдгийг иргэн намын гишүүнээс түдгэлзсэн хугацаандаа тухайн намын гишүүний эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээх намын мөрийн хөтөлбөр, бусад баримт бичгийг сурталчлах, хэрэгжүүлэх, нам, түүний байгууллагын өмнөөс болон даалгавраар өөр үйл ажиллагаа хянуулахгүй байхыг ойлгоно.
10/Намын гишүүнээс түдгэлзсэн албан тушаалтан энэ тогтоолын 1 дэх хэсгийн 12 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг явуулахыг хориглох багаад хэрэв явуулбал албан тушаалынхаа байдлыг ашиглаж, үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй. /9,10 дугаар заалтыг 1992 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор нэмсэн./

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хуулийг хэрэгжүүлэх журмын тухай Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ДАШДОРЖ