A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭР, МАГАДЛАЛЫГ ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛААС ХЯНАХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛ, МАГАДЛАЛЫГ ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛААС ХЯНАХ ЖУРМЫН ТУХАЙ
/Монгол Улсын Дээд шүүхийн 1997-10-15-ны өдрийн  399 дүгээр тогтоол, 1998-06-24-ны өдрийн 318 дугаар тогтоолуудаар бүхэлдээ хүчингүй болсон/

 

Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хянах журмын тухай БНМАу-ын Иргэний байцаан шийтгэх хуулийн 33 дугаар бүлгийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас зөвхөн Иргэний байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасан үндэслэлээр дахин хянана.

2.Иргэний байцаан шийтгэх хуулийн 235-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр, магадлал, тогтоол гаргах үед хүсэлт гаргагчид мэдэгдээгүй ба мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал гэдэг нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын заалт, оролцогчдын эрх, үүргийн тухай шүүхийн дүгнэлтэд ихээхэн нөлөөлөх нөхцөл байдал мөн. Тэдгээр нь шүүхэд болон хэргийн оролцогчдод мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байан бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын заалт, оролцогчдын эрх үүргийн тухай шүүхийн дүгнэлтэд ихээхэн нөлөөлөх нөхцөл байдал мөн. Тэдгээр нь шүүхэд болон хэргийн оролцогчдод мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсан бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа илэрсэн байх ёстой. Хэрэв шүүх энэ нөхцөл байдлыг мэдэж байсан буюу хэргийн байдлыг бүх талаас нь шинжлэн судлахад мэдэж болох байсан боловч шүүхээс энэ үүргээ биелүүлээгүй, нотлох баримт дутуу бүрдүүлсэн бол шийдвэр, магадлал, тогтоолыг шинэ нөхцөл байдал илэрснээр биш хяналтын журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын заалтын үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу шинэ нөхцөл байдал үүссэн нь уг шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хянах биш, харин шинээр нэхэмжлэл гаргах үндэслэл болно.

3.Иргэний байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах болсон үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдсон байна гэдэг нь хэргийн нотлох баримт болж шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт худал байсан, эд мөрийн болон бусад нотлох баримт хуурамч байсан нь тогтоогдож, гэм буруутай этгээдийг энэ үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх явдал мөн. Мөн шүүгч, зохигчид, хэргийн бусад оролцогчдын гэм буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус үндэслэлгүй шийдвэр, магадлал, тогтоол гарсан нь тогтоогдож тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсныг дээрхтэй адилтган ойлгоно.

Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өршөөл үзүүлсэн зэргээс гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болсон бол тэдний гэм бурууг мөрдөн байцаалтаар тогтоосон байх ёстой.

4.Иргэний байцаан шийтгэх хуулийн 235-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, төрийн захиргааны байгууллагын тогтоол хожим хүчингүй болсон гэдэгт шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, төрийн захиргааны байгууллагын тогтоол хууль бус байсны улмаас түүнийг эрх бүхий байгууллага хүчингүй болгосныг ойлгоно.

Тэгэхдээ хүчингүй болсон таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр болон төрийн захиргааны байгууллагын шийдвэр нь шүүхийн шийдвэр магадлал, тогтоолын заалтын гол үндэслэл болсон эсэхийг тогтоож байвал зохино.

Хэрэв шийдвэр, магадлал, тогтоолд тусгагдсан оролцогчдын эрх үүргийн талаарх шүүхийн дүгнэлт өөр нотлох баримтаар нотлогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал нь дангаараа шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

5.Шүүх цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн зэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхгүй бөгөөд энэ нь хяналтын шатны журмаар хэргийг хянах үндэслэл болж болно.

6.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг уг нөхцөл байдал илэрснээс хойш 3 сарын дотор тухайн шийдвэр, магадлал, тогтоолыг гаргасан анхан шатны буюу давж заалдах шатны эсхүл хяналтын шатны шүүхэд гаргана.

Тухайн байцаан шийтгэх ажиллагааны зохигчид, тэдний төлөөлөгчид маргаж байгаа зүйлд биеэ даасан шаардлага гаргасан буюу гаргаагүй 3 дахь этгээд түүнчлэн Иргэний байцаан шийтгэх хуулийн 4, 46 дугаар зүйлийн заалтын дагуу хэрэгт оролцсон төрийн захиргааны ба улс, хоршоолол, олон нийтийн байгууллага, иргэд, байцаан шийтгэх ажиллагааны эрхийг залгамжлан авч байгаа этгээд, прокурор шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.

7.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах ажиллагааг энэ тогтоолын 6 дугаар зүйлд заасан тухайн шийдвэр, магадлал, тогтоолыг гаргасан шүүх гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтээ анхан шатны шүүхэд давж заалдах шатны магадлалыг дахин хянуулах хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтээ хяналтын шатны шүүхэд тус тус гаргана.

Хэргийг хянуулах тухай хүсэлтийг авч хэлэлцэж байгаа шүүх, Иргэний байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдал нь оролцогчдын эрх, үүргийн тухай шүүхийн дүгнэлт, шийдвэр, магадлал, тогтоолын заалтад хэрхэн нөлөөлөхийг урьд болон шинээр цугларсан нотлох баримтад бүхэлд нь хууль зүйн дагуу үнэлэлт дүгнэлт өгөх замаар хянан шийдвэрлэнэ.

Шүүх хэргийг дахин хянах тухай хүсэлтийг авч хэлэлцээд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах хүсэлтийг хангасан буюу татгалзсан тухай үндэслэл бүхий магадлал гаргана.

8.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дахин хянах хүсэлтийг хангах тухай магадлал гаргавал шүүхийн урьд гарсан шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож хэргийг харьяалах анхан шатны шүүхээр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

Энэ хэргийн талаар цаашид явуулах байцаан шийтгэх ажиллагааг Иргэний байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар явуулна.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ТӨБАТ, Ц.ШАРАВДОРЖ